Өрийн дарамтыг нимгэлэх боломж | News.MN

Өрийн дарамтыг нимгэлэх боломж

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Өрийн дарамтыг нимгэлэх боломж

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-10-17 15 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Mostly Cloudy) агаарын температур: 1 хэм байна.

Төсвийн төсөөллөөс давсан мөнгө Төрийн сангийн дансанд байршиж буй

Олон улсын зах зээлээс зээлсэн өр төлөх хугацаа өдрөөс өдөрт ойртож буй ч өнөө хэр Монгол Улс үрэлгэн зангаа гээгээгүй л явна. Сүүлийн хэдэн жил тогтмол тасарсан төсөв нь бүрдэж, орлого нь төсөөллийг даваад байгаа ч энэ мөнгийг хурааж, хуримтлуулах нь бүү хэл өр төлбөрөө барагдуулах талаар ам нээж буй хүн алга.

Уг нь улсын данс улаанаас ногоон гэрэл рүү шилжчихээд байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 904 тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Нэгдсэн төсвийн орлого ийн нэг их наяд төгрөгөөр өсөхтэй зэрэгцээд зарлага нь 326 тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм. Ингээд орлого, зарлагын харьцааг жинлээд үзвэл ойролцоогоор 440 орчим тэрбум төгрөг төсвийн төсөөллөөс давж биелээд буйг Сангийн яамнаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор хагас их наяд төгрөг “бонус” болон төсөвт төвлөрсөн.

Өнгөрсөн улирлын байдлаар 400 тэрбум төгрөгийг даваад буй энэ мөнгө жилийн эцэс гэхэд өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Магадгүй, өсөх дүр зураг энэ оны ерөнхий хандлагаас харагдаж байгаа юм. Гэхдээ төсөөллөөс давсан мөнгийг захиран, зарцуулах эрх одоогоор Засгийн газарт байхгүй тул зарцуулалтаа хүлээн Төрийн сангийн дансанд байршиж буйг Сангийн яамнаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, Жилийн эцэс гэхэд Монгол Улсад дотоод нөөцөөсөө босгосон 250 сая ам.долларын санхүүгийн эх үүсвэр бэлэн байх нь. Энэ нь хэрхэн төлөх нь бүрхэг байгаа ч хоног, хоногоор ойртож буй “Чингис” бондын төлбөрийн талыг төлчих мөнгө. Ирэх нэгдүгээр сарын 5-нд төлөх учиртай таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын тус бондыг төлөх санхүүгийн эх үүсвэр өнөө хэр тодорхойгүй. Эрх баригчид бондыг бондоор солино хэмээн ганц, хоёр үг унагаснаас өөр тодорхой зүйл хэлээгүй байна. Гэтэл үүний талтай нь тэнцэх хэмжээний мөнгө төсөвт ямар нэгэн дарамт, ачаалал үүсгэхгүйгээр бүрдэх нь бараг тодорхой болчихоод байна.

Цаашлаад өнгөрсөн оныхтой харьцуулахад манай улсын төсвийн орлого өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, улсын данс улайгаад байсан өмнөх он болон энэ оны эхэн үетэй харьцуулахад төсвийн тэнхээ сайжирч байна. Зарим шинжээчийн “дефольт зарлахад ойрхон” хэмээн тодорхойлж байсан энэ оны эхэн үед Монгол Улс бондыг бондоор сольж байлаа. Ингэснээр энэ оны гуравдугаар сард төлбөр төлөх нөхцөлтэй Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондыг барагдуулж байв. Төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан тухайн үед ч евро бондыг 100 хувь зээл авч төлөх бус, зарим хэсгийг нь дотоод боломжоо ашиглан барагдуулж, өрийн дарамтаа бууруулах бололцоотой хэмээн зарим эдийн засагч хэлж байсан. Гэвч тухайн үеийн шийдвэр гаргагчид алс ирээдүйгээ бодолцон, өрийн дарамтаа бууруулахаар оролдох бус илүү амар аргыг сонгон, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж орхисон.

2017 оны эхэн үеийн улсын валютын нөөц, валютын ханшийн савлагаа, экспортын орлого зэрэг үзүүлэлтийг харгалзан, энэ шийдвэрийг зөвтгөж болно. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг бодолцох хэрэгтэй. Макро эдийн засгийн өсөлт эрчимжиж, гадаад валютын албан нөөц 600 сая ам.доллараар өссөнөөс гадна уул уурхайн зарим түүхий эдийн орлого Монголын эдийн засгийг үлэмж хэмжээгээр тэтгээд байна. Дээрээс нь төсвийн орлого таамгаас давчихаад байгаа энэ үед хүлээгдэж буй өр, төлбөрийнхөө зарим хэсгийг зээл авалгүй төлөх боломж байхгүй гэж үү. Мэдээж, 500 сая ам.долларын “Чингис” бондыг бүхэлд барагдуулж чадахгүй. Гэхдээ ирээдүйд бий болох өрийн дарамтаа одоо бууруулахын тулд ийм оролдлого хийж болох нь. Хамгийн сонирхолтой нь, бодлого тодорхойлогчид энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн бариад байгаа.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд нэгдсэн төсвийн зарлагыг 500 тэрбум төгрөгөөр өсгөж, өргөн бариад байна. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн өсөлтөөс бидэнд “бонус” болж ирсэн 500 орчим тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулахыг төсвийн тодотголд тусгасан байгаа юм. Бүр бүдүүлгээр хэлбэл, гүйцэтгэх засаглал хөндөгдөөгүй мөнгийг зарцуулах эрх авахын тулд тодотгол өргөн барьж буйгаас өөрцгүй. Үүнээс эрх баригч, бодлого тодорхойлогчид хурааж хуримтлуулж, өрийн дарамтаа бууруулах бус, олсныгоо тэр даруйд үрж, цацдаг зангаа гээгээгүй байгааг харж болно. 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сөхвөл төсвийг тодотгох шалтгаануудыг дурдсан байгаа юм.

Бэлэн мөнгө тараах, нийгмийн халамжийн зардал өсгөх гэх мэт хэд хэдэн үндэслэл зурайж байна. Олсноо, илүү гарсныгаа хураах бус тараадаг зангаа манай улстөрчид 93,000 92,500 92,000 91,500 10/04 93,416 “Bloomberg“-ээс тооцдог ам.долларын спот индекс (нэгжээр) Сүүлийн нэг сар гээгээгүйн баталгаа энэ.

Гэтэл олсноо хуримтлуулдаггүйн горыг өнөө хэр Монгол Улс амсаж байгаа. Өдгөө төлөхөөр хүлээгдэж буй өрийн хэмжээ ч үүний нэг үр дүн. Гэтэл энэ алдаанаасаа сургамж авах бус олдсон даруйд нь үрэн, таран хийхээр зүтгэж байна. Тэгээд бүр хэдхэн сарын дараа олон улсын зах зээлд төлөх өрийн хугацаа нь ойртож байхад бэлэн мөнгө тараах тухай яриад сууж байгаа нь Монгол төрийн мэргэн бодлого уу. Мэдээж, ирэх нэгдүгээр сарын 5-нд төлөх хуваарьтай таван жилийн хугацаатай “Чингис” бондыг Монгол Улс гадаад зах зээлээс зээл авалгүй, бүрэн барагдуулах боломж хомс. Гэхдээ төсвийн таамгаас давсан орлогоосоо хэсэгчлэн төлж, ирэх онуудын улсын төсөвт ирэх өр болон хүүгийн дарамтыг бууруулах боломж бий. 500 сая ам.долларын бондын 100 саяыг төрийн данснаас төллөө гэхэд тэр хэрээр төсвийн дарамт хөнгөрнө. Өнгөрсөн онд гэхэд Монгол Улс зөвхөн зээлийн үйлчилгээний төлбөрт ДНБ-нийхээ 5.2, төсвийн 15 хувийг зарцуулсан байдаг. Дээрээс нь таван жилийн өмнө “Чингис” бондыг анх гаргаж байсан шиг бага хүүгээр буюу 4.125 хүүтэй шинэ зээл одоо олон улсын зах зээлээс татаж чадах нь эргэлзээтэй. Шинэ бонд эргээд л манай улсын төсөв, санхүүд ачаалал нэмнэ.

Үүнээс гадна энэ оны таамгаас давсан орлогын дийлэнхийг нүүрсний экспорт бүрдүүлсэн гэхэд хэлсдэхгүй. Энэ онд Монголын эдийн засгийг өөд татсан уг түүхий эдийн борлуулалт ирэх онд ямар байх нь өнөө хэр тодорхойгүй. Ийм атал төсвийн зардлаа нэмж, орлогоо бэлэн мөнгө болгон тараахаар тохирох гэж буй нь төрийн оновчтой бодлого мөн үү. Иргэдэд тараасан бэлэн мөнгө хөөс болж, инфляц хөөргөдөхөөс өөр үр дүн авчирдаггүйг өнгөрсөн хэдэн жилд хангалттай харсан байлтай.

Эх сурвалж: ‘ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ’ СОНИН

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-05 66.181.169.58

Өрөө төлье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж