Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөх хоёр дахь халз мэтгэлцээн өндөрлөж, энэ удаад Барак Обама ялалт байгуулсан тухай гадны хэвлэлүүд бичиж байна.

Юуны өмнө Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Танд баяр хүргэн ажлын амжилтыг хүсье. “Тусгаар тогтнол зуун жил” ТББ-ын зүгээс МАН-ын удирдлагууд болон УИХ дах МАН-ын гишүүдэд “давхар дээл”-ийн асуудлаар хандсаар байгаа бөгөөд хамгийн сүүлд МАН-ын Бага хурлын гишүүдэд “давхар дээл”-ийн асуудлыг хөндөн хэлэлцүүлж, намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтыг хэрэгжүүлэн ажиллахыг уриалсан боловч Бага хурлаар уг асуудлыг хэн ч хөндсөнгүй.

Бид “давхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй юмаа гэхэд ядаж ерөнхий чиг үүргийн яамдаас бусад буюу чиглэлийн яамдынхаа сайд нарыг УИХ-ын гаднаас томилох нь Засгийн газрын тогтвортой байдал төдийгүй төрийн эрх мэдэл хоорондын харилцан тэнцвэр, хүний эрх, эрх чөлөөний баталгаанд чухал ач холбогдолтой гэдгийг чадах чинээгээрээ илэрхийлсээр өдийг хүрлээ.

Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинээр байгуулагдах Засгийн газар нь “давхар дээл”-тэй байх нь зөв зүйтэй гэсэн утга агуулга бүхий олон нийтийн тархийг угаасан мэдээлэл явж байгааг бид эрүүл ухаанаар ойлгохгүй байна. Энэ утгагүй мэдээллийг түгээгээд байгаа нөхдүүд дээд боловсрол олгох сургалтын хөтөлбөрт төрийн онолын талаарх мэдэгдэхүүнийг олгохдоо “төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хувааснаар төрийн дур зорго нь хязгаарлагдах бөгөөд энэ нь ардчилсан төрийн үндсэн зарчим” гэж заадгийг мэддэггүй юм уу, эсхүл дээрх үзэл санаанд үндэслэн батлагдсан манай улсын Үндсэн хууль “алга болчихсон” юм уу гэдгийг нэг л ойлгохгүй байна.

Мөн Таны тэргүүлэх Засгийн газарт ажиллах сайдууд нь УИХ-аас томилогдох тухай мэдээлэл хэд хэдэн хувилбараар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсээр байна. Энэ мэдээллийг гаргаад байгаа нөхдүүд 3 сая хүн амтай Монгол Улсад, тэр дундаа олон мянган гишүүнтэй МАН-д сайдаар ажиллах хэмжээний мэдлэг боловсрол, дадлага туршлагатай боловсон хүчин УИХ-ын гишүүдээс өөр огт байхгүй гэж “доромжлоод” байна уу, эсхүл УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд маань нийгмийн бүхий л салбарт ажиллах ур чадвар, эрдэм мэдлэгтэй болж сайд болно гээд тойргийн сонгогчдодоо амалчихсан юм уу гэдгийг бас л ойлгохгүй байна.

Уг нь сонгогчдын итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд маань сонгогдсон тойргийнхоо ард иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний хүсэл шаардлагын дагуу нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоох эрх мэдлээрээ дамжуулан бий болгох үндсэн ажлаа хийх нь зүйтэй санагдана. Аливаа нэг хариуцсан ажлаа бүрэн дуусгаж, үр дүнг нь үзээгүй байж өөр ажлыг хийж эхлэхээр зүтгэх нь хэн нэгэн хувь хүнд муу нэрийг л авчрах байх. Үүнтэй адил 4 жилийн хугацаанд олон зүйлийг хийнэ гэж амлаж сонгогдчихоод “давхар дээл” өмсөх гэж зүтгэх нь зүйд нийцэхгүй бөгөөд УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд маань “би сайд болно” гэж өөрсдийн мөрийн хөтөлбөртөө тусгаагүй л байлтай. Ер нь 2016 онд УИХ-ын гишүүнийг сонгох сонгууль болсон бил үү, эсхүл “Сайд нарыг сонгох” сонгууль болсон бил үү гэж бодоход хүрч байна.     

УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүдийн хувьд бүгд шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллах боломжгүйгээс хойш хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх “өөрийн ажлаа” хийж, харин Засгийн газарт ажиллах бололцоотой намын бусад боловсон хүчний ажил эрхлэх боломжийг хаахгүй байх нь шударга ёсонд нийцнэ гэдгийг дахин илэрхийлье. Учир нь өнөөдрийн Засгийн газар байгуулах боломжийг УИХ-д сонгогдсон МАН-ын 65 гишүүд дангаараа бус МАН-ын олон мянган гишүүд, дэмжигчдийн хамтын хөдөлмөр зүтгэл бий болгосон. Чухам энэ талаар үг дуугарч, залуу үедээ үлгэр дуурайл болох ёстой, УИХ-д дөрөв болон түүнээс дээш удаа сонгогдсон МАН-ын ахмад гишүүд маань таг чимээгүй байгаа бөгөөд зарим нэг нь бүр сайд болохоор яригдаж байгаа нь зохимжгүй харагдаж байна.

Засгийн газрыг томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд нь өөрөө Засгийн газрын бүрэлдэхүүнд давхар ажиллах нь энгийн ойлголтоор ч утгагүй бөгөөд УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр томилогдон, сайдын ажлыг хавсран гүйцэтгэж бай­гаа нь УИХ, Засгийн газрын аль аль нь хариуцлагагүй байх гол үндэс болж байна. Үндсэндээ “давхар дээл”-тэй сайд нарт УИХ-аас Засгийн газарт хариуцлага тооцох парламентын хяналтын механизмыг үгүй хийх бодит боломж байгаа нь төрийн эрх мэдэл хоорондын хяналт, хариуцлагын зохистой тогтолцооны тэнцвэрийг эвдэж, Үндсэн хуулийн үзэл санааг алдагдуулж байна.

Шинээр байгуулагдах Засгийн газарт “давхар дээл”-тэй сайд олон байх нь МАН-д төдийгүй Таны тэргүүлэх Засгийн газарт олон нийтийн зүгээс “нэмэх” оноо авчрахгүй бөгөөд цаашлаад төр засгийн тогтвортой байдалд ч сайнаар нөлөөлөхгүй тул уг асуудалд нухацтай хандахыг хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дах хэсэгт: ”Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.” гэж заасны дагуу шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өргөн мэдүүлэх эрх гагцхүү Танд шилжээд байна.

Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “давхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй юмаа гэхэд ядаж ерөнхий чиг үүргийн яамдаас бусад буюу чиглэлийн яамдынхаа сайд нарыг УИХ-ын гаднаас сонгож, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтыг хэрэгжүүлэн ажиллана гэдэгт гүнээ найдаж байна.

“ТУСГААР ТОГТНОЛ ЗУУН ЖИЛ” ТББ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж