Хадлан гараагүй зун, хаданд гарсан өвс | News.MN

Хадлан гараагүй зун, хаданд гарсан өвс

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Хадлан гараагүй зун, хаданд гарсан өвс

Хадлан гараагүй зун, хаданд гарсан өвс

Энэ намар өвсний үнэ нэмэгдэж боодол өвс 6000-6500 төгрөгөөр зарагдах болсон байна. Олон тонноор нь өвс худалдаж авлаа ч үнэ буурахгүй аж.

“Өвс худалдана” гэсэн зарын дагуу холбогдох дугаар луу залгаж лавлавал Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын өвс боодол нь 6000-6500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин Дархан-Уул аймагт бэлтгэсэн өвс боодлыг нь 5000 төгрөгөөр зарахаар зар тавьсан нь тээврийн зардал олохын тулд хямдруулсан явдал гэж өвсний ченж тайлбарлав. “Олон тонноор нь авъя, өвсний үнээ буулгах боломж байна уу” гэж лавлавал халгаасангүй. Тэрбээр “Хамгийн доод үнийг тавьсан. Энэ жил нэг боодол өвс 6500 төгрөгт хүрч байна. Цаг агаар хүйтрэхээс урьтаж, бэлтгэсэн өвсөө өвөлжөөндөө хүргэхийн тулд тээврийн зардал олох зорилгоор арга буюу өвснийхөө үнийг бууруулсан юм” гэж учирлалаа.

Энэ бол тухайн газар дээрээ зарагдаж байгаа боодол өвсний үнэ. Хэрэв Улаанбаатар хоттой ойрхон өвөлждөг малчид Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас өвс татаж авна гэвэл тээврийн зардал мөн гаргах хэрэгтэй болно.

Өнгөрсөн өвөл нэг боодол өвс хамгийн дээд тал нь 5500 төгрөгт хүрчээ. Гэтэл энэ жил намар цагаар 6000-6500 төгрөгөөр зарагдах болсон нь цаашдаа үнэ улам өсөхийн дохио гэнэ. Өвсний үнэ нэмэгдсэн нь зуншлага тааруу, газрын гарц муу байсантай холбож байна. Дайны хажуугаар дажин гэгчээр өвс, тэжээл бэлтгэдэг компаниуд зуншлага тааруу байсныг далимдуулж, өвсний үнийг хөөргөж байхыг ч мөн үгүйсгэх аргагүй аж.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээгээр энэ зун 94 сум гантай, 153 сум гандуу байжээ. Намар тийшээ хур бороо элбэгшсэн ч хадлан авах бололцоог бүрдүүлээгүй байна. Малчид өвлийн бэлтгэлээ базаахын тулд өөр аймаг, сумын нутагт очиж, хадлан, тэжээл бэлтгэжээ. Гэсэн ч хадсан өвсөө тээвэрлэх зардал нь эргээд дарамт учруулжээ. Гэхдээ л хоосон суусаар өвөлтэй золголтой нь биш боломжоороо л бэлтгэлээ хангасан нь энэ аж. Амьжиргаатай малчид нь ийн өөр аймаг, сумын нутгаас хадлан бэлтгэж авсан байхад хангайдаа даатгачихаад бэлтгэл хангаагүй малчид ч цөөнгүй байгаа сураг дуулдана.

Цаг уур орчны шинжилгээний газар өнгөрсөн долдугаар сараас эхлээд хамгийн хатуу өвлөөр тооцож өвлийн бэлтгэлээ хангаарай гэх анхааруулгыг өгсөн. Гэтэл өвс, тэжээлээ базаагаагүй малчдын хувьд цас ихээр унаж, бэлчээрийг нь дарсан цагт малаа юугаар тэжээж, өл залгуулахаар тооцож суугааг мэдэх арга алга. Тэнэгийн дотор уужуу гэдэг энэ юм байх даа.

Өвлийн бэлтгэлийг малчдаас дутуугүй хангах үүрэг хүлээдэг газар бол аймгууд. Өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлдэг. Зарим аймгаас мэдээлэл авбал боломж, нөөцөө дайчлан боломжийн хэмжээнд бэлтгэл хангаж буй аймгийн тоонд Өвөрхангайг батгааж болохоор байна. Тус аймгийн хувьд Дорнод, Сүхбаатар аймаг руу аж ахуйн нэгж явуулж, нэг боодол өвсийг 3000-3500 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан бэлтгүүлжээ. Нийт 4000 тонн өвсийг дээрх зарчмаар бэлтгүүлсэн байна.

Тэжээлийн тухайд дотоод нөөцөө ашиглана. Өнөө жил тариаланчид нь ургац алдсан. Тиймээс давжаа ургасан буудайгаа ногоон тэжээл болгон ашиглахаар шийджээ. Өнгөрсөн жил 200 тонн тэжээл бэлтгэж ашигласан. Энэ жил дээрх тонны хэмжээнд тэжээл бэлтгэх юм байна.

Харин улсын хэмжээнд авч үзвэл Монгол Улс жилдээ 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил 850 мянга орчим тонныг бэлтгэх урьдчилсан тооцоо гарчээ. Цаана нь 400-аад мянган тонн өвс дутагдана. Дутуугаа ОХУ-аас худалдан авч хэрэгцээгээ хангахыг зорьж байна.

Халуун намраар хаданд гарсан өвсний үнэ өвөлдөө хэд хүрч зутраах бол оо.

Өвс, тэжээлээ сайтар бэлтгэж авахгүй бол өвөл ч хаяанд ирлээ шүү, малчид аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-05 103.10.22.125

Манай улсад малын бэлчээрийн даац хэт ихэссэнтэй холбоотой. Малаа эрүүлжүүлж гадаадад гаргаж зарж чадахгүй бол энэ их малаар юу хийх вээ.

Avatar

n 2017-10-05 202.21.116.2

press ni jijgreed siigsen hunguhun bnle shyy nodlin bl sain chigjij presslesen bsiim

Avatar

Зочин 2017-10-05 202.131.225.153

Өвөрхангайд боодол нь 10,000 хүрч байна даа.

Avatar

Баагий 2017-10-05 203.91.115.40

Зах зээлийн дагуу л үнээ тогтооно шүү дээ,коммунистсэтгэлгээнээсээ салаач.үнэ хөөрөгдөх ч гэх шиг.

Avatar

Зочин 2017-10-05 66.181.187.202

ЭРХ БАРИГЧИД, ТӨР ЗАСАГ НЬ НААДАМ НАРГИАНЫГ ЮУНААС Ч ЭРХЭМД ТООЦОЖ СУРТАЛДААД БАЙХ ЮМ ЧИНЬ ЯАЛТАЙ. ОДОО Ч ОЛИГТОЙХОН ХЯРУУ УНАХАД Л ӨВС ТЭЖЭЭЛ НЭХЭХ ШАХАЖ ДЭЭ

Avatar

Зочин 2017-10-05 202.21.106.153

Ямар утгагүй гарчиг вэ??? Хадландаа бүгд л гарчихсан шүү дээ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж