У.Хүрэлсүхийн танхимд АН орох уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газар

У.Хүрэлсүхийн танхимд АН орох уу?

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөх гурван мэтгэлцээний эхнийх нь энэ сарын 4-нд өдөр болж, нэр дэвшигчид Америкийн эдийн засаг, эрүүл мэндийн салбарт төр, засгийн зүгээс хэрхэн анхаарах, өнгөрсөн хугацааны алдаа дутагдалын талаар мэтгэлцсэн юм.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд сөрөг хүчний дэмжлэгтэйгээр томилогдов. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулснаа зарлаж, баяраа тэмдэглэж байсан цаг саяхан. Эрх  баригч 65-ын бүлэг өөрсдийн байгуулсан Засгийн газраа жил хоёр сарын дараа унагав. Засгийн газар огцруулах цагаас эхлэн МАН-ын маргаан олон нийтэд ил болж, олонхийн 65 албан бус хоёр бүлэгтэй болсон. Албан ёсны бүлгийн хурал дээрээ нэгдэж чадахгүй, хоёр талд хуралдаж, тохиролцсоор Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг намын Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Ийнхүү УИХ-ын намрын чуулганы хамгийн эхэнд Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн томилгоог хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, МАН-ын 37, АН-ын найм, МАХН-ын нэг, бие даагч нэг гээд нийтдээ 47 гишүүний дэмжлэг авч байж У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. 65-ын бүлгийн 28 гишүүн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжээгүй гэсэн үг. Угтаа бол 65-ын бүлэгт Засгийн газраа бүрдүүлэх боломж, эрх нь нээлттэй. Гэвч хоёр хуваагдсан МАН-ынхан Засгийн газрын бүтэц дээрээ тохиролцож чадахгүй толхилцсоор У.Хүрэлсүх дангаараа буюу өөрийг нь дэмжсэн 47 кнопоос Засгийн газраа бүрдүүлэх нь гэсэн таамгийг улстөрийн хүрээнийхэн гаргаж эхэллээ.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа бүрдүүлж чадах уу

Гэвч шинэ Ерөнхий сайд багаа бүрдүүлж чадах уу гэдэг асуулт гарч ирж буй. Учир нь, МАН дотор, цаашлаад УИХ-ын чуулганы танхимд сайд болохгүй гэх гишүүн лав олдохгүй. Бүгд л дор бүрнээ сайдын суудал “мөрөөдөж” нөхцөл байдлыг ажиглаж, тохиролцсоор өдийг хүрсэн. Харин У.Хүрэлсүхэд намынхаа хуучин дарга болон түүний нөхөдтэй тохиролцохгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх сонирхол бий. УИХ-ын чуулганы өмнө хуралдсан МАН-ын бүлгийн хурал дээр ч гарын үсэг зураагүй талтай хамтарч чадахгүй гэж гэдийсээр намынхаа 28 гишүүний дэмжлэгийг чуулганы хуралдаанд авч чадаагүй. Хэрэв У.Хүрэлсүх дангаараа Засгийн газраа бүрдүүлнэ гэвэл өөрийг нь дэмжиж кноп дарсан 47 гишүүнээс сонголтоо хийх боломжтой. Тэр нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан тал болон АН, МАХН,  бие даагч гэсэн сонголт. У.Хүрэлсүхийн хувьд АН-д хоёр ч сайдын суудал өгөх тохироо хийсэн учраас чуулганы хуралдаанаар АН-ын гишүүдийн дэмжлэгийг авсан гэх яриа Төрийн ордноор тэнүүчилж байна. Ардчилсан намын зарим гишүүд ч тодорхой яамыг авна гэдгээ чуулганы хуралдаан дээр битүүхэн утгатайгаар илэрхийлнэ лээ. АН-д санаа бий ч 65-ын бүлэг зөвшөөрнө гэдэг юу л бол.

МАН-ын гарын үсэг зурсан тал дотор Сү.Батболдын гэх том фракц сайдын суудал хуваалцахаар бэлтгэлээ базааж буй. Сү.Батболдын  фракцынхан Засгийн газрыг огцруулах асуудлыг зүгээр ч нэг дэмжээгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярих юм билээ. Сү.Батболдын фракцид нэг сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын “эрхийг” өгнө гэх албан бус яриа яригдсан гэх. Хэрэв 28-ын “бүлэг”-тэйгээ тохиролцоно гэвэл Засгийн газраа МАН дангаараа бүрдүүлнэ. Энэ өдрүүдийн хамгийн чухал тохиролцоог У.Хүрэлсүх дангаараа эсвэл хамтаараа шийдвэрлэх болох нь. Гэхдээ түүнд цаг давчуу байгаа гэдгийг сануулах нь илүүц биз. 2018 оны төсөв батлах, шинэ сайд нарыг томилж,  ажилтай нь танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд чухал ажлууд ард нь хүлээж байгаа учир МАН-ын нөгөө бүлэгтэй тохирохоос өөр сонголт түүнд үгүй.

Мэдээж, шинэ Ерөнхий сайд багаа хэрхэн бүрдүүлэх, хэнтэй тохиролцохоос энэ Засгийн газрын урт, богино настай байх нь хамаарна. Хэрэв У.Хүрэлсүх МАН-ын нөгөө “бүлэг”-тэйгээ тохиролцож чадахгүй бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Их хурал дээр намын даргад нэр дэвшүүлж, сонгох тухай яриа байна. Ямартай ч Шинэ Ерөнхий сайд багаа парламентаас бүрдүүлнэ гэдгээ мэдэгдчихсэн. Шинэ Ерөнхий сайд багаа хэрхэн бүрдүүлэхээс түүхэнд үлдэх үү, хананд үлдэх үү гэдэг нь тодрох нь ээ. Ирэх өдрүүдийн улстөрийн гол сэдэв ч энэ байх болов уу.

Шинэ сайд нарын нэрсийг тандвал

Гарын үсэг зурсан, зураагүй тал албан бус мэдээллээр МАН-ын зүүний хүчнийхэн болон хотын фракци сайд нараа 50/50 хувьдах эсвэл 3/1 гэсэн хоёр хувилбараар тохиролцоо хийж байгаа талаар албан бус мэдээлэл ч бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс дан дээлтэй сайд нарыг солих, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг үлдээж, бусад сайд нарыг парламентаас бүрдүүлэх саналыг гаргажээ.

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх
  • Шадар сайд Ч.Улаан
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Сумъяабазар
  • Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Тэрбишдагва
  • Барилга, хот байгуулалтын сайд Ж.Бат-Эрдэнэ
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Ө.Энхтүвшин
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Энх-Амгалан
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам- Я.Содбаатар
  • Эрчим хүчний яам Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн яам одоогоор нэр нь яригдсан хүн байхгүй
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд одоогоор нэр нь яригдсан хүн байхгүй.

Ийнхүү У.Хүрэлсүхийн ачаа үүрэх цаг ирлээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж