Сайн малчны шагналыг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Сайн малчны шагналыг гардууллаа

Хөдөлмөрч чанар, бүтээлч ажлаараа онд өнтэй орсон олон зуун малчдын дундаас шалгарч энэ жил улсын сайн малчин 43 төрсөн. Тэргүүний сайн малчдынхаа үлгэр дууриал, ажил хөдөлмөрийг сайшаан урамшуулахын зэрэгцээ орон нутагт өвөлжилт ямар байна, өвлийн бэлтгэлээ хэрхэн базаасан зэрэгтэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн бямба гариг буюу нэгдүгээр сарын 22-нд Өвөрхангай аймийн Бүрд суманд ажиллалаа. Тэрбээр тус сумын Бага алаг гэдэг газарт өвөлжиж байгаа Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Сэрээнэндоржийн Сандагдоржийнд зочилж “Улсын сайн малчин”-ы шагналыг нь гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн жилийн Алтан төлийн эзэн, энэ жилийн Улсын сайн малчин С.Сандагдоржид шагнал гардуулахдаа,  мал аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль цаг уурын эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриал болж байгаа таны нөр их хөдөлмөр, тэвчээр хатуужил малч ухаан, хуримтлуулсан туршлагыг тань өндрөөр үнэлж байна гэж хэллээ.
Мөн малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг орчин үеийн аж ахуй эрхлэх тогтолцоонд шилжүүлэн даатгалд хамруулж, данс бүртгэлтэй аж ахуйн хэлбэрт оруулж ашиг орлогоо нэмэгдүүлэх, цаашдын ажил хөдөлмөртөө улам илүү амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Малчдын талаар төрөөс баримтлах төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн жил боллоо “Монгол мал”  үндэсний хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа гэж өнгөрч буй бар жилийг дүгнэж байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн энэ үеэр илэрхийллээ. Мөн энэ жил байгаль цаг агаар ивээж, өнтэй сайхан өвөл болж малчдын маань сэтгэл тэнүүн сар шинээ угтаж байна. Өнгөрсөн хатуу өвлөөс малчид маань сургамж авч, өвлийн бэлтгэлээ сайн базаажээ. Орон нутгийн удирдлага, Засгийн газраас ч мөн өвлийн бэлтгэлд нэлээд анхаарсны дүн гарч байна гэлээ.
Өвөрхангай аймагт өнгөрсөн жил хатуу, ширүүн өвөл болж зуд турхан тохиолдож олон тооны малаа алдсан хэдий ч улсын сайн малчин гурав төрсөн нь малч түмний минь уйгагүй хөдөлмөрийн илрэл гэдгийг Засгийн газрын тэргүүн улсын сайн малчныд зочилж ирсэн малчдад хэллээ. Отрын бүс нутгийг зохион байгуулах ажлыг Засгийн газар шийдэж хэрэгжүүлж эхэлсний үр дүн гарч байгааг Улсын сайн малчин С.Сандагдорж болон аймаг, сумын удирдлагууд  Засгийн газрын тэргүүнд энэ үеэр дуулгаж байлаа.
Малын тоо толгойгоор улсын хэмжээнд ямагт эхний гурван байрт шалгардаг Өвөрхангай аймаг өнгөрсөн жилийн зудад сая гаруй малаа алдаж, 2010 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2 сая гаруй толгой мал тоолуулж, малынхаа тоо толгойгоор улсын хэмжээнд наймд жагсчээ. Гэсэн ч улсын сайн малчин гурав төрсөн нь малчдад маань урам хайрласан сайхан үйл явдал болж байна гэж аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ярилаа. Өвөрхангай аймагт энэ өвөл мөн л цас ихтэй, ялангуяа, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Зүүн баян улаан суманд өвөлжилт хүндхэн байна. Цас ихтэйгээс зам даваа хаагдаж,  зам засч гаргахад хөрөнгө их гарч байгаа. Аймгийн зүгээс үүнд анхаарч байгаа ч хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа талаараа Засаг дарга нь Ерөнхий сайд С.Батболдод уламжилсан бөгөөд тэрбээр анхаарч үзэхээ хэлсэн юм.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1-р багийн малчин, хөдөө аж ахуйн салбарт ажиллаад  30 орчим жил болж буй  улсын сайн малчин С.Сандагдорж удам дамжсан малч хүн бөгөөд тэднийх  хонь голдуу 3000 гаруй толгой малтай, малаа үр төлөөр нь өсгөсөн, арав гаруй хүнийг ажлын байраар хангасан, малгүй өрхийг малжуулсан, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ тоо чанарыг өсгөсөн зэрэг амжилтаар улсын сайн малчны болзлыг хангасан байна. Тэрбээр эцэг эхээс 14-үүлээ бөгөөд тэдний ах дүү нар дундаас улсын начин гурав, аймгийн цолтой мөн гурван бөх, спортын мастер нэг төрснөөс гадна аймгийн аварга малчин нэг байгаа гэж улсын сайн малчин С.Сандагдорж ярилаа гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж