УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхэд оролцоогүй МАН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат нар оролцов.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-МАН-д ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Засгийн газрыг унагахад 30 орчим хүн Ардчилсан намын дэмжлэгийг авч огцруулсан. Гэтэл өнөөдөр зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. “Би амь насаа алдахаас айхгүй байна” гэж. Монгол Улсын Ерөнхий сайдыг хэн хорлох гээд байгаа юм. Ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлэх асуудал байгаа. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал. Ардын намд талцал байна. Эв нэгдлийг хангах тал дээр Ерөнхий сайд ажиллах ёстой. Засгийн газарт хэн, хэн орох вэ гэдэг бол бүр дараа, дараагийн асуудал.
-МАН-ын бүлэг 33, 32-аар хоёр хуваагдсан мэт харагдаж байна. Үүнд та тайлбар хийх үү?
-Тэрийг яриагүй байна. Эхлээд зарчмаа тогтооё гэж байгаа юм. МАН-ын 65 бүлгийг яаж нэгдэж, нягтруулах вэ гэдгийг ярих ёстой. Одоо бол 32 нэг хуралдаад, 33 нэг хуралдаад байгаа юм.
-Нам доторх талцал 2020 оны сонгуульд нөлөөлөх болов уу?
-Талцал гүнзгийрэх юм бол нөхцөл байдал хэцүү болно. Тиймээс нягтрах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат:
-МАН-ын 65 гишүүн хоёр хуваагдмал нөхцөлд байна. Тиймээс өчигдөр орой гарын үсэг зураагүй 32 гишүүн бүлгийн хуралдааныг өглөөний 09.00 цагт эхлүүлэх хүсэлт тавьсан. Харамсалтай нь, нөгөө талын гишүүд хүч түрэх маягтай явсаар байгаад чуулганд орсон. Засгийн газар ямар зарчим баримтлах нь тодорхойгүй байна. Ардчилсан намын дэмжлэгийг авч байгаа нь бидний хувьд маш сонин санагдлаа. Өнөөдөр нөхцөл байдал амаргүй байхад Ерөнхий сайд томилогдлоо. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай. 65-ын бүлгийн эв нэгдэл Ерөнхий сайдаас л хамаарна. МАН талцаад, хоёр хуваагдаад, нам байгуулаад явахгүй байх. Зарчим, бодлого дээрээ ойлголцоод явах байх. Өнөөдөр бүлгийн 65 гишүүн бие биеийнхээ амь насанд халдах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Амь насанд халдвал халдана л биз” гэж хэлсэн. Ямар үндэслэлээр тийм үг хэлснийг би мэдэхгүй байна. Өөрөөс нь тодруулсан нь дээр байх.