Хотын ерөнхий төлөвлөгөөнд хяналт алга

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Хотын ерөнхий төлөвлөгөөнд хяналт алга

Хотын ерөнхий төлөвлөгөөнд хяналт алга

Төв зам руу нэвтрэхийн тулд хорооллынхоо нарийн замд 30 минут түгжирдэг газрууд олон бий. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд өөрөө ажилдаа явахын тулд энэ хэмжээний хугацааг ердөө хотхоноосоо гарахад зарцуулдаг. Хэрэв хотхон дотроо сургуулиа байг гэхэд цэцэрлэгтэй байсан бол илүү цаг алдахгүй амьдрах боломжтой.

Уг нь эдгээр томоохон хотхонуудын анхны зураг төсөлд цэцэрлэг болон тоглоомын талбай зэргийг оруулж өгсөн байдаг аж. Харамсалтай нь зарим нэг барилгын компаниуд орон сууцаа барьчихаад цэцэрлэг болон зарим нэг бүтээн байгуулалтын ажлыг хийлгүй орхигдуулах тохиолдол олон болжээ.

Хот төлөвлөлт замбараагаа алдаж, түүнд тавих хяналт шалгалт цалгардсаныг нийслэлд баригдсан олон барилга, хотхонуудаас харж болно.

Тэгвэл өнөөдөр /2017.10.04/ энэ асуудлаар Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 20 гэсэн таван хорооны засаг дарга нар холбогдох албаныхантай хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаад буй бэрхшээлүүддээ гарц хайсан юм.

Хэлэлцүүлгийг санаачилсан НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа энэ үеэр “Ихэнх барилгын компаниуд орон сууцныхаа барилгыг барьж иргэддээ зарчихаад нийгмийн дэд бүтцээ тэр чигээр нь үлдээчихдэг. Барилгын явцын дунд ерөнхий төлөвлөлтөө өөрчилж сургууль, цэцэрлэг барих гэж байсан газраа өөр тийш нь шилжүүлдэг. Тэрийг нь хотоос батлаад өгчихдөг. Үүнээс болж иргэд их хохирч байгаа. Хамгийн гол нь сургууль, цэцэрлэгийн асуудал, дараа нь хотхон руу орж, гарч байгаа гарцын асуудал байна. Тухайн газар галын аюул, гамшигийн үед орж гарахад бэрхшээлтэй. Хотхонуудыг барих үйл явцыг, тухайн төлөвлөлтийг баталж өгсөн НХТЕТГ хариуцах ёстой. Харамсалтай нь өнөөдөр тэр байгууллагын төлөөлөл “Бид шаардах эрхгүй” гэсэн хариултыг өгч байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд төлөвлөлтийн хэрэгжилтэд хяналт тавих журам, зохицуулалтыг Засаг дарга, НИТХ-аас гаргаж өгөх ёстой юм байна гэдэг нь харагдаж байна” гэв.

Талбай л байвал зөвшөөрөл өгсөөр байгаад нийслэлд хөл гишгэх газар хомс болсон. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар гэсэн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай нь харагдлаа.

Эргээд хариуцлага нэхэх, хяналт тавих эзэнгүй барилгууд нэмэгдсээр байна.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж