С.Чинзориг: Улс төрөө бодвол дэд сайд хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Улс төрөө бодвол дэд сайд хэрэггүй

С.Чинзориг: Улс төрөө бодвол дэд сайд хэрэггүй

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа. 

-Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Таны хувьд шинээр байгуулагдах Засгийн газраас ямар хүлээлттэй байгаа вэ?

-2016 оны УИХ-ын сонгуулиар иргэд МАН-д өндөр итгэл өгсөн. Харамсалтай нь нэг жилийн хугацаанд тэр өндөр итгэлийг тодорхой хэмжээгээр алдсаар ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн бол иргэдийн итгэл биднээс алсарсны дохио юм. Тиймээс иргэдийн итгэлийг эргүүлж олж авахын тулд Засгийн газартаа өөрчлөлт оруулж, шинэ баг бүрдүүлж ажиллах нь зүйтэй юм гэсэн ойлголттой байгаа. Миний хувьд өнгөрсөн хугацаанд бодлогын алдаанууд гарсан гэж үздэг. Түүнийг засах зайлшгүй шаардлага бий.

Мэргэжлийн Засгийн газар байх ёстой гэж олон түмэн яриад, хүсээд байна шүү дээ. Энэ үүднээс мэргэжлийн чиг баримжаатай, төрийн ажлын дадлага туршлагатай, нийгэмд хүлээгдээд байгаа асуудлыг оновчтой шийдээд аваад явчих Засгийн газрыг байгуулагдаасай гэсэн нийгмийн хүлээлт байна. Түүнчлэн алдагдаад байгаа шударга ёс, хариуцлагын тогтолцоог засч, сэргээх зэрэг олон хүлээлт бий. Анхны алхам буюу Засгийн газраа бүрдүүлэхээс л олон түмний итгэлийг бид эргүүлж авч чадах эсэх нь хамаарна. Тиймээс шинэ Ерөнхий сайд томилогдчихвол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ яаралтай сонгож ажилд нь оруулах хэрэгтэй. 

Би Засгийн газар байгуулахаас өмнө хоёр зүйлийг шийдэх ёстой гэж боддог. Эхнийх нь өмнөх Засгийн газрын үед гаргасан зарим бодлогын алдааг хэрхэн засах, ямар чиглэлд өөрчлөлт оруулах вэ гэдэг бодлогоо гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, эхэлж хүн ярилгүй харин боловсон хүчинд ямар зарчим, шалгуур байх вэ гэдгийг тодорхой болговол зохистой. Ингэж бодлого, боловсон хүчний талаар баримтлах зарчим, шаардлага тодорхой болчих юм бол дараа нь эдгээр шалгуурт хэн нийцэж байна вэ гэдгийг яриад явахад болно гэж харж байгаа. 

-Өмнөх Засгийн газарт бодлогын алдаа гарсан гэдгийг тодруулахгүй юу. МАН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан шүү дээ?

-2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа бид хэрэгжүүлэх ёстой. Түүнийг л иргэд шаардаж байгаа. Засгийн газраас явуулж байгаа бодлого тогтвортой байх ёстой. Гэтэл өмнөх Засгийн газрын үед зарим нэг бодлого нь тогтворгүй байсан. Тухайлбал, хүүхдийн мөнгөний асуудлаар гэхэд дөрвөн ч өөр янзын шийдвэр гаргалаа шүү дээ. Ингээд бодлого тогтворгүй байхаар төр засаг тогтворгүй байхын үндэс болчихоод байгаа юм. Тиймээс өмнөх Засгийн газрын үед гаргасан нийгмийн хамгааллын шинжтэй зарим асуудлыг ч эргэж харах шаардлага гарахыг би үгүйсгэхгүй байна. 

-Өмнөх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй гэж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлж байсан. Мөн “Авлига өгч албан тушаалд томилогдсон байж магадгүй нөхөдтэй эвлэрч чадахгүй” гэсэн. Авлига хэн өгсөн, авсан гэдгийг тогтоох хэцүү. Тэгэхээр өөрийг нь дэмжсэн гишүүдийн хүмүүсийг ажилд томилохын тулд халаа, сэлгээ хийхдээ шалтаг гаргаж байгаа юм биш үү?

-Улс төрд тийм хий үзэгдэл шиг яриа сүүлийн жилүүдэд их явж байгаа. Тодорхой ажил, албан тушаалд очихын тулд мөнгө төгрөг төлдөг. Эсвэл хандив өгсөн нь албан тушаал авдаг гэх мэт. Хууль хяналтын хүн биш учраас надад нарийн мэдээлэл байхгүй. Миний хувьд хэн нь юу өгч, ямар ажил албан тушаалд очсон талаар хэлж мэдэхгүй юм байна. 

-Гарын үсэг зурсан гишүүдээс Засгийн газрын танхимын дийлэнх хувийг бүрдүүлнэ гэсэн мэдээлэл сүүлийн үед их гарлаа?

-Засгийн газрыг байгуулах бол МАН-ын 65-ын бүлгийн шийдэх ёстой асуудал. Түүнээс биш Засгийн газрыг гарын үсэг зурсан 31 нь дангаараа байгуулна. Эсвэл гарын үсэг зураагүй 30 нь дангаараа байгуулна гэсэн асуудал байхгүй. Энэ чинь МАН-ын нэг цул бүлэг шүү дээ. Засгийн газар өөрөө тогтвортой, урт настай байх нь чухал байна. 65-ын бүлэг дээрээ асуудлыг ярьж байж шийдэхгүй бол аль нэг нь дангаараа асуудлыг шийднэ гэвэл намын эв нэгдэл алдагдана. Улмаар Засгийн газар тогтворгүй, богино настай байх асуудлууд руу орно. Тийм учраас зурсан, зураагүй гэж ялгах шаардлага байхгүй. Шинээр сонгогдож байгаа Ерөнхий сайд нь намынхаа Бүлэг дээр ний нуугүй яриад Засгийн газраа байгуулах хэрэгтэй. Ингэж л чадвал намын эв нэгдэл хангагдана. Засгийн газар тогтвортой ажиллах боломж нь бүрдэнэ гэж үзэж байна. Бүрэлдэхүүн нь ямар байх вэ гэдэг бол цэвэр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ олон нийтийн хүлээлтийг бас бодолцох ёстой. Нийгэмд Засгийн газар мэргэшсэн, төрийн албаны дадлага, туршлагатай, ажил гүйцэтгэх чадамж өндөр байх гэсэн хүлээлт бий. Тиймээс нийгмийн хүлээлтэд хариулт өгсөн сонголт хийгээсэй гэж бодож байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ тодорхой хэлсэн шүү дээ. Бүтцийг өөрчлөх нь төрийн албыг маш их бужигнуулдаг зүйл. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр хэдэн яамтай байх вэ гэдэг нь нэрээрээ байх ёстой гэдэг байр сууриа илэрхийлээд явж байгаа. Засгийн газрын бүтэц тогтвортой байх хэрээр төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх боломж нь бүрдэнэ. Төрийн алба тогтворгүй болох тусам мэргэшсэн байх зарчим нь алдагддаг. Түүнийгээ дагаад төрийн чадавх сулрах аюулд орчихоод байгаа юм. Тиймээс би төрийн албаны бүтцийг хөдөлгөхгүй байх ёстой гэдэг дээр санал нэг байгаа. 

-МАН-ын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн байдаг. МАН-ын Их хурлаар Ерөнхий сайдаас өөр хүн намын дарга болчихвол Засгийн газар солигдох байдалд хүрэх болов уу?

-Намын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн байгаа. Энэ дүрмийнхээ шаардлагыг хангаж явах нь зүйтэй. Шинээр томилогдох Ерөнхий сайд намын даргад өрсөлдөх байх. Нэгэнт шинэ Ерөнхий сайдаа томилсон учраас цаашдаа намын дарга болгоод явах нь зөв байх гэж би харж байгаа. Тэгж чадвал засаг тогтвортой байхаас гадна намын лидерийн манлайлал илүү өндөр байх нөхцөл нь бүрдэнэ. Тийм учраас шинээр Ерөнхий сайдаар томилогдсон хүнээ намын дарга болгох чиглэлээр намын Их хурлын төлөөлөгч нар ажиллах байх гэж би бодож байна. 

-Засгийн газар огцрох бүрт дан, давхар дээлийн тухай яриа гардаг. УИХ-д давхар дээлтэй сайд нар илүү нөлөөтэй байдаг гэдэг. Нөгөө талаас УИХ-ын Засгийн газарт хяналт тавих үүрэг суларна гэх юм?

-Олон давхар дээл өмсөөд уухилж, аахилаад байгаа юм байхгүй л дээ. Хоёр өндөр хариуцлагатай төрийн албыг нэг хүн хашихыг иргэд маань зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Нэг нь хууль тогтоох, нөгөөх нь гүйцэтгэх эрх мэдэл. Энэ хоёр эрх мэдлийг нэг хүнд өгөхөөр нэг хэсэг нь ажлын ачааллаа даахгүй, нөгөө талдаа гүйцэтгэх засаглалдаа хууль тогтоох байгууллага нь хяналт тавих үүрэг нь орхигдоод байна гэсэн иргэдийн шүүмжлэл бий. Үүнийг бас бодолцох ёстой. Мөн нөгөө талаас одоогийн Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс бусад ажлыг хавсран хийхийг хориглосон заалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүний хавсарч хийж болдог ганц албан тушаал нь Засгийн газрын гишүүн болчихоод байгаа юм. Үүн дээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тодорхой хязгаарлалт хийе гэдгийг би дэмжиж байгаа. Өмнөх Засгийн газрыг байгуулахдаа бид 16 сайдын найм нь давхар дээлтэй, найм нь гаднаас байсан. Үндсэн чиг үүргийн яамдын сайд нар давхар дээлтэй байя гэсэн зарчмыг баримталсан шүү дээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар давуу тал бий. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар салбарынхаа хөрөнгө оруулалт, салбарынхаа хууль тогтоомжтой холбоотой асуудлыг УИХ дээр хамгаалаад, шийдвэрлүүлээд аваад гарч чадах давуу тал нь маш их харагдаад байгаа юм. Тэгэхээр сайн, муу аль аль тал нь байна гэсэн үг. Гэхдээ миний хувьд өмнөх Засгийн газрыг байгуулахдаа барьсан зарчмаараа л үндсэн чиг үүргийн яам нь давхар дээлтэй байх нь зүйтэй байх гэсэн бодолтой байна. 

-Дэд сайд хэрэгтэй, хэрэггүй гэсэн зүйл бас бий?

-Би өөрөө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар хэдэн жил ажиллаж байсан учраас дэд сайдын орон тоо хэрэггүй гэж хэлж чадахгүй л дээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Ер нь бол дэд сайд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ тухайн ажлыг хариуцаж байгаа хүнээс бас их ажил хамаардаг шүү дээ. Дэд сайд өдөр тутмын мөнгө төгрөг дээр гарын үсэг зурдаггүй учраас улсууд хэрэггүй гэж хараад байгаа байх. Яамны Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратынхаа ажилчдыг томилдог, төсөв санхүү дээр гарын үсэг зурдаг учраас эрх мэдэлтэй юм шиг харагдаад байгаа юм. Харин дэд сайд гэдэг үндсэн чиг үүргээрээ салбарын хууль эрх зүйн үндсүүдийг боловсронгуй болгох, бодлого боловсруулах ажлыг гардан хариуцдаг хүн шүү дээ. Тэр утгаараа сайн ажиллуулж чадах юм бол дэд сайдын орон тоо хэрэгтэй. Одоо 13 яамтай байгаа. 13 дэд сайдын жилийн төсөв нийлээд 500-гаад сая төгрөг л байгаа байх. Цалин, туслах, унаа гэх мэт шүү дээ. Үүнийг хэмнээд төсөвт дорвитой хэмнэлт гарахгүй. Нийгэмд дарга нарын тоог цөөрүүлж байгаа гэдэг талаасаа бол дэд сайдыг байхгүй болгох нь иргэдэд таалагдана. Тиймээс улс төр талаас нь бодвол дэд сайд хэрэггүй. Харин төрийн ажилд нэмэр болох талаас нь харвал дэд сайдын орон тоо хэрэгтэй гэж боддог. Дэд сайд гэдэг бас тодорхой итгэл даах боловсролтой хүмүүсийг тухайн салбарт мэргэшүүлж улс төрд бэлтгэж буй нэг сургууль шүү дээ. Ерөнхий сайд өөрөө Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг томилохдоо тодорхой байр суурийг илэрхийлэх байх. Ялангуяа 2018 оны төсөв дээр дэд сайдтай байх эсэхээ илэрхийлээд явах нь зүйтэй байх гэсэн бодолтой байна. 

-Та өмнө нь сайдаар ажиллаж байсан. Тэр ч утгаар уу таныг шинэ Засгийн газарт сайд болно гэх таамаг мэдээллийн хэрэгслээр гарч байна?

-Одоо Ерөнхий сайд томилогдоогүй байна шүү дээ. Хэн сайд болохыг хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу ганцхан Ерөнхий сайд шийднэ. Ерөнхий сайд томилогдоогүй байхад хэн нэгэн аль нэг яамны сайд болох тухай ярих нь илүүц зүйл л дээ. Сэтгүүлчдийн таамаглал явдаг болов уу гэж бодож байна. 

-Саяхан багш нар хоёр өдөр ажил хаялаа. Нэг талаас цалин нь бага гэж өмөөрөх хүмүүс байхад нөгөө талаас “Хүүхдүүдийг хичээл таслахгүй бай гэж үлгэрлэдэг хүмүүс өөрсдөө ингэж болохгүй” гэсэн шүүмжлэл явж байлаа. Та Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Багш нарын цалингаа нэмүүлэх гэсэн шаардлагыг би зөв зүйтэй шаардлага гэж үзэж байгаа. МАН засгийн эрх барьж байхдаа төрийн албан хаагчдын цалинг байнга тогтмол нэмэгдүүлж ирсэн. 2000-2004 онд намайг дэд сайдаар ажиллаж байхад төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлж байсан. 2004-2008 оны үед УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд байхад төрийн албан хаагчдын цалинг гурав дахин нэмэгдүүлж байлаа. Сү.Батболд Ерөнхий сайдын үед 2009-2012 онд төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн. 2012-2016 онд АН засаг барихдаа 2013 онд нэг л удаа төрийн албан хаагчдын цалинг дунджаар 8-10 хувиар л нэмсэн юм байна лээ. Түүнээс хойш төрийн албан хаагчдын цалинг нэмж чадаагүй. Тийм учраас цалинг нэмэх ёстой гэдгийг би зүй ёсны шаардлага гэж бодож байгаа. Гэхдээ хоёр хүндрэлтэй асуудал бий. Төсвийн боломж хэр байгаа билээ гэдгийг сайн бодох ёстой. Багш нарын үндсэн цалинг 1.6 сая төгрөгт хүргэ гэдэг бол төсөв санхүүгийн хомсдолтой, эдийн засгийн хямралтай байгаа үед боломжоос хэтэрсэн шаардлага шүү дээ. Мөн Засгийн газар ОУВС-тай гэрээ байгуулаад хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй гээд ОУВС-гийн өмнө үүрэг хүлээгээд гэрээ байгуулчихсан. Тэгэхээр энэ ОУВС-тай байгуулсан гэрээнд шинэ Засгийн газар өөрчлөлт оруулах асуудлыг ярьж чадах уу, ОУВС зөвшөөрөх үү гэдэг асуудал бий. Түүнчлэн багш нар адил цалин авдгийг өөрчилмөөр байгаа юм. Хүний нялх үрийг хүн болгож хүмүүжүүлэх гэж байгаа бага ангийн багш илүү их ачаалалтай байдаг. Тиймээс бага ангийн багш нар нь илүү цалин авдаг байх тийм тогтолцоо руу ч орохыг би үгүйсгэхгүй. Ер нь ачааллаасаа хамаараад ялгамжтай цалин авдаг тогтолцоо руу орох цаг нь болсон гэж боддог. Багш нарын цалинг нэмэгдүүлэхдээ зөвхөн үндсэн цалинг нэмэх аргаар шийдэж болохгүй. Өөр аргуудыг бодох ёстой. Ялангуяа урамшууллын цоо шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Би УИХ-ын гишүүдтэй хамтраад Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан. Хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн. Төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч нар төрийн албан хаагч атлаа улсад ажилласан жилийн нэмэгдэл авахгүй явж байгаа. Тэгвэл бидний боловсруулсан хуулиар багш, эмч нар ажилласан жилийн буюу удаан жилийн нэмэгдэл авдаг байхаар хуулийн төсөлд оруулж өгсөн. Энэ мэтчилэн урамшуулал, нэмэгдлүүдийг нэмэх арга юу байна гэдэг бүхий л боломжуудыг нь хайх ёстой гэж би боддог. Ганцхан үндсэн цалинг 1.6 сая төгрөгт хүргэ гэдэг бол ахадсан шаардлага байна билээ. 

-Багш нарын ажил хаялтыг хууль зөрчсөн үйлдэл гэх хүмүүс ч бий?

-Асуусных багш нартаа нэг зөв мэдээлэл өгмөөр байгаа юм. Ажил хаяна гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулиар маш нарийн зохицуулагдсан харилцаа. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил хаялтыг хамтын гэрээ хэлэлцээрийг биелүүлээгүй нөхцөлд хөдөлмөрийн маргаан үүсэхэд тэр маргааныг нь хөдөлмөрийн арбитр нь шийдээд шийдвэр гаргачихсан байхад ажил олгогч тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа бол ажилтны төлөөллийн байгууллага ажил хаях эрхтэй. Гэтэл одоо энэ багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос явуулж байгаа үйл ажиллагааг харахаар хамтын гэрээ, хэлэлцээр байгуулсан талууд биш байна. Өөрөөр хэлбэл, одоогийн мөрдөж буй хуулиар БСШУСЯ, Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хооронд хамтын гэрээ хэлэлцээр биелүүлээгүйгээс үүдсэн маргаантай холбоотой асуудлаас шалтгаалаад ажил хаях эрхтэй байгаа. Гэтэл хөндлөнгийн өөр байгууллага буюу цалин нэмэгдүүлэх түр хороо гэдгээс ажил хаялтыг зохион байгуулаад байна. Тиймээс багш нартаа хэлэхэд та бүхэн болгоомжтой хандаарай. Та бүхэн цалин нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв зүйтэй, дэмжиж байна. Гэхдээ энэ явуулж байгаа үйлдэл чинь сүүлдээ өөрсдөө хууль зөрчсөн үйл ажиллагаа руу халтирчих вий. Хөдөлмөрийн хуулиар зохицуулаагүй үйл ажиллагаа яваад байгаа юм байна билээ. Хуулиар олгосон ажил хаялт гэж үзэх үндэслэл байхгүй юм шиг харагдаад байна. 

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж