У.Хүрэлсүхэд дэмжлэг байна уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхэд дэмжлэг байна уу?

Монгол Ардын нам=МАХН. Ийм нэгэн мессэж хэвлэлээр “нисээд” удав. Хурд нь гайхалтай хурдан.

УИХ-аас У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. 

УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй, гэвч 30 гишүүн нь Ерөнхий сайдыг томилоход оролцсонгүй. Ханхай танхимаас 30 дахь Ерөнхий сайд “төрлөө”. Мордохын хазгай болов уу гэж хэлж ч болох мэт. 

Урьд нь УИХ-аас Засгийн газрын тэргүүнийг томилоход 30 гишүүн нь эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол гараагүй. МАН-ын түүхэнд ч урьд үзэгдээгүй үзэгдэл болов. 

Хэрэв УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн ирц бүрдүүлж өгөөгүй бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоход бэрх байлаа. 

Томилгоог хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Ардчилсан намын кнопын хүчинд Ерөнхий сайд болж байгаагаа битгий мартаарай” гэсэн нь “У.Хүрэлсүхээ чамд улс төрийн дэмжлэг байна уу” гэдгийг сануулсан хэрэг болов. 

Үнэндээ ч У.Хүрэлсүхэд улс төрийн дэмжлэг байна уу гэдгийг асуумаар байна. 

Парламент дахь 65 суудал бол уулыг нурааж, усыг ч эргүүлэх хүч. Гэвч Ж.Эрдэнэбатын танхим унаснаас эхэлж, хоёр хуваагдсан. У.Хүрэлсүхийг 33 нь дэмжиж байгаа бол 32 нь сөрж сууна. Бүлгийн 65 гишүүнийхээ дэмжлэгийг авч чадахгүй бол Засгийн газрыг удирдахад амаргүй. Ажил нь урагшилдаггүйг биеэрээ туулсан хүн нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Өнгөрсөн парламентын үед Тавантолгой төслийг хөдөлгөх гэж их үзсэн. Харамсалтай нь, намын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадалгүй унасаар сонгуультай залгасан. Улс төрийн дэмжлэггүй хүн Засгийн газрыг тэргүүлэхийн наад захын зовлон энэ. 

Нөгөө талаас Ерөнхий сайдын суудал бол ажил хийх гэж очдог албан тушаал болохоос сандал суудал хуваарилахын тулд чичрээд авдаг алба биш юм. 

Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс хэр урт настай Засгийн газар байгуулж чадах эсэх, улс төрийн дэмжлэгтэй болж чадах эсэх шалтгаална. 

Туршлагатай, хүчтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх хүнийг сайдад нэр дэвшүүлж, томилуулж чадвал алдсан итгэлийг олж авч болох юм. 

Эс чадвал У.Хүрэлсүх бүлэг дээрээ алдсан дэмжлэгээ нам дотроо ч алдах эрсдэл мөн хүлээж байна. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж