Эсэргүүцлийн жагсаалд эмч нар нэгдэв

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийн жагсаалд эмч нар нэгдэв

Японы буцалтгүй тусламжаар барьж гүйцэтгэсэн Нарны гүүрийг өнөөдөр нээж, ашиглалтад өгөх ажээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэх асуудлаар өнөөдөр /2010.10.04/ Ялалтын талбайд тайван жагсаал хийлээ. Жагсаалд нийт 21 аймгийн 50 гаруй эрүүл мэндийн байгууллагын 10 мянган эмч эмнэлгийн ажилчид нэгдэж, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2018 оны улсын төсвийг эсэргүүцэж тайван жагсаал зохион байгуулж байгаа аж.


Эмч нар цалингаа нэмүүлэх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Улсын их хуралд хүргүүлсэн. Цалин нэмэх шаардлагын талаар Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний холбооны тэргүүн Б.Мягмар ярихдаа “УИХ-ын зүгээс Засгийн газарт чиглэл олгосон. Ерөнхий сайд Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд нарт чиглүүлж өгсөн. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Сангийн яамны сайд Б.Чойжилсүрэнгээс “2018 онд цалин нэмэх боломж байхгүй. Ирэх оноос нэмье” гэсэн хариу өгсөн учраас бид эсэргүүцлийн жагсаал хийж байна” гэсэн юм.

Эсэргүүцлийн жагсаалд шөнийн ээлжинд ажилласан болон оройн ээлжинд ажиллах эмч сувилагч нар байгууллагаа төлөөлөн оролцож байна. Үдийн хоолны цагаараа ойрхон эмнэлгийн эмч, сувилагчид нэмэгдэж ирнэ. Тайван жагсаал зохион байгуулснаар эмнэлгүүд үйлчилгээгээ саатуулсан зүйл байхгүй” гэдгийг жагсаал зохион байгуулагчид хэлж байв.   

“Миний хувьд эрүүл мэндийн салбарт 30-аад жил ажиллаж байна. Гэтэл өнөөдөр 560 мянган төгрөгийн цалин авдаг. Би ардаа зургаан ам бүл тэжээдэг юм. Энэ цалин маань бидний амьдрал ахуйд хүрэлцэхгүй байгаа учраас цалингаа нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, жагсаалд оролцож байна. Би удаа дараагийн жагсаалд оролцож байгаа ч үр дүн гарахгүй байгаа. Цаашид ажил хаях хүртэлх дараа дараагийн жагсаалд идэвхтэй оролцоно. Өнөөдрийн жагсаалд эмнэлгээ төлөөлөөд 30 гаруй эмч, ажилтнууд оролцож, дуу хоолойгоо нэгтгэж байна” гэдгээ жагсаалд оролцож буй Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нярав Ү.Алтанцэцэг учирлалаа. 

Жагсаалд оролцогчид “Монгол Улсын Засгийн газраас 2018 оны төсвийн төслийг өргөн барихдаа эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх талаар нэг ч төгрөгний төсвийг тусгаагүй байна. Тийм учраас эрүүл мэндийн салбарын ажилтнууд Засгийн газраас төсвөө буцаан татахыг шаардаж байна” хэмээн орилцгооно.

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч М.Алтантуул “Манай  үйлдвэрчний эвлэлийн хорооноос 10 ажилчид ирж, жагсаалд оролцож байна. Хамгийн гол нь бид нар цалингаа 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа. Манай аймгийн эмнэлгийн хувьд хоёр дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас маш их ачаалалтай байдаг. Ер нь эмнэлгийн ажилчид 300-600 мянган төгрөгийн цалин хөлс авдаг. Шатлалаараа 25 жилээс дээш ажиллаж байж л 600 мянган төгрөгийн цалин авдаг” гэв. 

Ингээд Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний холбооны тэргүүн Б.Мягмараас зарим зүйлийг тодруулсан юм.

Б.Мягмар: Эмч нарын цалинг нэмэхэд 155 тэрбум төгрөг л хэрэгтэй

-Багш нар бас цалингаа 50 хувиар нэмүүлэхээр улс даяар ажил хаялтыг зарласан. Засгийн газраас эмч нарын цалинг бас давхар 50-иас доошгүй хувиар нэмэх боломж бий болов уу?

-Бүрэн боломж бий. Ирэх 2018 оны улсын төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын саналыг огт тусгаагүй. Одоо байгаа Засгийн газартай бид нар 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Ингэхдээ 2018 онд цалин нэмэх асуудлыг улсын гурван талт нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ гэж гарын үсэг зурсан. Гэтэл 2018 оны улсын төсвөө бид нартай хэлэлцээр хийхгүйгээр өргөн барьсан. Бид нарт тооцоолол гаргалгаа хангалттай баримт бий. Хамгийн гол нь хэлэлцээрийн ширээний ард сууя. Эмч нарын цалин хөлсийг нэмэх асуудлаар хамтдаа суугаад ярилцъя гэж байна.

-Хэлэлцээрийн ширээний ард суувал цалин нэмэх ямар тооцоо судалгааг танилцуулах бол?

-Эрүүл мэндийн салбарын төсөв 2018, 2019 онд ч адилхан. Ерөнхийдөө улсын төсөв эрүүл мэндийн даатгал, нэмэлт тусламж үйлчилгээ гэсэн гурван эх үүсвэрээс бүрдэж байгаа. Эдгээр гурван эх үүсвэрийн нэг болох улсын төсвөөс л зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг олгодог. Эрүүл мэндийн даатгалын сан гэхэд 400 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй сан байж байдаг. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэхэд 155 тэрбум төгрөг л хэрэгтэй. Харин төрийн албан хаагчийн орон тоо 2015 оноос хойш 25 хувиар нэмэгдсэн байдаг. Энэ орон тоо дандаа дарга нарын орон тоо. Гэтэл эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын тоо жилээс жилд танагдаж, нэг эмч 2-3 хүний ажлыг хийж байна шүү дээ. Бид өнөөдөр эмнэлгийн чанартай тусламж үзүүлэхийн төлөө тэмцэж байгаа. 

Тухайлбал 2018 оны төсөвт үүсэж буй тэтгэвэрт гарч буй хоёр хүн тутмын нэгийг бүтэц орон тоог авахгүйгээр 2017 онд 1.9 тэрбум төгрөг, 2018 онд 7.4 тэрбум, 2019 онд 19 тэрбум төгрөг нийтдээ 23 тэрбум төгрөгийн хэмнэлтийг зөвхөн бүтэц орон тооны хэмнэлтээс гаргаж болж байна. 

-Засгийн газраас цалин нэмэх боломжгүй гэдэг байр суурийг өгөөд байна шүү дээ?

-Засгийн газар бидний цалинг нэмнэ гэж амлаж гарч ирсэн. Амласнаа биелүүл л дээ. Биелүүлж чадахгүй бол болих хэрэгтэй шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмнэ” гээд байж байгаа. Бид нар тэднийг гуйж сонгоогүй шүү дээ. 

Эрүүл мэндийн салбар бүтэц орон тооны 10-55 хувийн дутагдалтай. Эмнэлгийн байгууллагын 2017 онд гэхэд 350 орон тоогоор танагдаж байна. 2018 онд 450 эмч сувилагч нар дахин дутагдана. Ийм хүнд нөхцөлд ажиллуулчихаад дуу хоолойг нь сонсохгүй бол тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Авч байгаа 480-680 мянган төгрөгийн цалин зээлээ төлөөд талхны мөнгөтэй үлдэмээр байна. 

Жагсаалд орон нутгийнхан нэгдэж, цөөнгүй нь хөдөөнөөс ирж биечлэн оролцжээ.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж