Тав хоногт 4078 тээврийн хэрэгсэл татвараа төлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Тав хоногт 4078 тээврийн хэрэгсэл татвараа төлжээ

Нийслэлийн хэмжээнд автотээврийн хэрэгслийн албан татвар хураах ажил энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн хэмжээнд 4078 авто тээврийн хэрэгсэл татвар хураалтад хамрагдаж, 147,5 сая төгрөгийн орлого бүрдүүлээд байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат өнөөдөр болсон нийслэлийн шуурхай зөвлөлгөөн дээр мэдээллээ. Өнөө жил Улаанбаатар хотын хэмжээнд 150 орчим мянган тээврийн хэрэгсэл татвар хураалтад хамрагдах тооцоо бий. Автотээврийн хэрэгслийн татвар хураах ажлыг  Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хуучин авто тээврийн үзлэг явагдаж байсан байрандаа явуулж байгаа гэнэ. Харин Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинэ байранд зохион байгуулж буй ажээ. Шинэ байранд зохион байгуулж буй дүүргүүдэд татвар хураалтын ирц тааруу байгаа нь иргэд өөрчлөгдсөн байршлыг сайн мэдээгүйтэй холбоотой юм байна. Тиймээс манай сайт дүүргүүдэд зохион байгуулж буй татвар хураах байруудын байршлыг хүргэж байна.

Баянгол дүүрэг – “Хөсөг трейд” ХХК-ийн байр

Баянзүрх дүүрэг – “Их сүлд” группын байр

Сүхбаатар дүүрэг – “Монгол глобал” ХХК-ийн Саруул төвийн байр

Сонгинохайрхан дүүрэг – “Автобус-2” ХК-ийн байр

Хан-Уул дүүрэг – “Автобус-1” ХК-ийн байр

Чингэлтэй дүүрэг – “Баянбогд плаза” ХХК-ийн байранд тус тус албан татвар хураах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж