Алуурчны өрөөнөөс 23 буу олджээ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Алуурчны өрөөнөөс 23 буу олджээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар орон нутгийн сонгуульд тус намаас нэр дэвшигчид болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АНУ-ын орчин цагийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн дуулиант аллагын эзэн Стифен Пэддокийн өрөөнөөс 23 ширхэг галт зэвсэг олдсон байна. Тэдгээрийг гурав хоногийн хугацаанд ээлж дараалан бага багаар нь зөөж оруулжээ. Түүнчлэн Пэддок өрөөндөө хоёр камер суурилуулсан байсан гэнэ. Нэгийг нь үүдний хонгилд, нөгөөг нь хаалганы дурангийн нүхний харалдаа байрлуулсан байж.

Стифен Пэддокийн өрөөнөөс олдсон галт зэвсэг

Чухам ямар учир шалтгааны улмаас зочид буудлын өрөөний цонхоор гудамжинд цугласан олон руу гал нээж, нэгэн зэрэг 59 хүний амийг хороосон болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа аж. Шалтгаан тодорхойгүй ч урьдаас сайтар төлөвлөсөн байсан гэнэ. Гэхдээ түүнийг дотоодын болон гадаадын террорист байгууллагатай холбоотой гэх сэжим олдоогүй аж.

Ройтерс агентлагийн мэдээлснээр гэмт этгээд 64 настай, нягтлан бодогч мэргэжилтэй, мөрийтэй тоглоомд донтсон нэгэн байжээ. Тэрбээр Лас Вегасын зүүн хойд хэсэгт орших Мескуайт гэх жижиг хотын унаган иргэн гэнэ.

Стифен Пэддок

Цагдаагийн тусгай албаныхан гэмт этгээдийн байршлыг тогтоож, зочид буудлын өрөө рүү нь очих үед тэр өөрийгөө буудан хороосон байсан юм. 

Мөрдөн байцаалтын явцад Пэддокийн байрлаж байсан зочид буудлын өрөөнөөс 23 буу олдсоноос гадна Лас Вегас дахь гэрээс нь галт зэвсэг, тэсрэх бодис олджээ. Гурван байршлаас нийт 47 галт зэвсэг илрүүлж, хураасан байна. 

Цагдаагийн офицерууд Пэддокийн найз эмэгтэй гэх 62 настай Марилоу Данли гэгчийг мөн шалгаж байгаа аж. Тэрбээр филиппин гаралтай, гэхдээ Австралийн иргэн аж. Халдлага гарах үед Данли Филиппинд байсан, гэмт этгээд хэрэг үйлдэхээсээ долоо хоногийн өмнө Филиппин рүү 100 мянган ам.доллар шилжүүлсэн байжээ.

Стифен Пэддокийн найз бүсгүй гэх 62 настай Мэрилоу Данли

Цагдаагийн мэдээллээр Пэддок хэрэг гарахаас дөрөв хоногийн өмнө буюу есдүгээр сарын 28-нд Мэрилоу Данлигийн бичиг баримтыг ашиглан Мандала Бэйд өрөө захиалсан байжээ. Түүний байрлаж байсан 32 дугаар давхрын 135 тоот өрөө нь гадаах орчныг 180 хэмээс харах боломжтой, шалнаас тааз хүрсэн том цонхтой байжээ. Хоногийн төлбөр нь 477 ам.доллар гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж