Хакухогийн эхнэр өнөөдөр өглөө амаржсан учраас башёд зодоглож байгаа ёкозуна Хакухо хараахан бяцхан охиноо харж амжаагүй байгаа аж. Тэрбээр дөнгөж сая эзэн хааны цом гардахдаа “Башё дуусгаад дөнгөж мэндэлсэн бяцхан охин дээрээ очино” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Энэ сарын башёд Шотэнрү, Хакүба, Коорюү, Мооконами /8-7/ нар тус бүр тавин хувийн амжилтаа үзүүлснээр ирэх башёд чансаа ахихаар болов. Харин Токитэнкү, Асасэкирюү, Кёкүтэнхо, Тамаваши нар ирэх гуравдугаар сард чансаа бага зэрэг буурна. Токүсэгава /9-6/ хоёр башёдоо дараалан тавин хувийн амжилтаа үзүүлснээр гуравдугаар сард маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдах боломжтой боллоо. Харин комүсүби Какүрюү /8-7/ качигоши хийснээр цолоо хадгалж үлдэв. Шинэ оны башёг дүгнэвэл ерөнхийдөө оозэки цолтнуудад халгаатай байсан гэхэд болно. Оозакинуудаас хамгийн өндөр амжилтыг Котоошү /10-5/ үзүүллээ. Бэртэл нь эдгэрч анх удаа цол хамгаалах барилдаан хийсэн оозэки Харүмафүжи дөнгөж найм давсан амжилттайгаар башёг дуусгав. Юутай ч тэрээр цолоо хамгаалж үлдсэн. Оозэки цолонд хүрэх магадлал өндөртэй байгаа сэкивакэ Кисэносато энэ удаагийн башёд Монголын сүмочдод хамгийн их халгаатай нь байв. 69 дэх аварга Хакүхо башёгийн 14 дэх өдрийн барилдаанд давснаар түрүүлэх болзлоо хангасан. Тэрээр сүүлийн өдөр оозэки Кайотой барилдаж давснаар 14 даваа, нэг унаатайгаар 18 дахь түрүүгээ авлаа. Мөн өөрийнхөө карьерын турш анх удаа зургаан башё дараалан түрүүлсэн амжилтыг үзүүлж байгаа нь энэ юм.