У.Хүрэлсүх: Яамдын тоог нэмэхгүй, хасахгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Яамдын тоог нэмэхгүй, хасахгүй

Нийтийн тээврийн автобусанд үйлчлүүлэхдээ тасалбар авч үйлчлүүлдэг. Заримдаа кондукторууд тасалбар дууссан зэрэг шалтгаанаар өгөхгүй байх тохиолдол гардаг.

УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар гишүүд асуулт асууж, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх хариулав. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Багш нарын цалинг нэмэх боломжтой гэж би харж байна. Миний тооцооллоор багш нарын цалинг сая болгох боломж байгааг танд хэлсэн. Та үүнийг судалсан уу?

Хоёрдугаарт, Ардчилсан намынхан дөрвөн яам нэмнэ гэдэг хачин юм яриад байна. Та үүнийг дэмжих юм уу. Сая 2018 оны төсвийг буцаан татлаа. Хуулиар бол аравдугаар сарын 1-нд төсөв өргөн барьдаг. Гэтэл яагаад төсвөө буцаан татсан бэ. Өнөөдөр 660 сая ам.долларын өр төлөх боломжгүй байна. Монголд яагаад ам.доллар байхгүй байна вэ. Мөнгөний бодлогоо буруу явуулсны хариуцлагыг хэн үүрэх вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Би багш хүний зовлонг сайн мэднэ. Миний эхнэр цэцэрлэгийн багшаас эхлээд ажилласан. Миний гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Багш, эмч нартай холбоогүй хүн Монгол Улсад байхгүй. Би урьд нь хэлсэн. Ирэх онд багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй. Харин 2019 оноос цалин нэмэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн ОУВС-тай цалин нэмэхгүй гэж тохиролцсон асуудал бий. Бид цаашид багш, эмч нарын цалинг нэмэх чиглэлээр судлах ёстой. Мөн тэтгэврийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах ёстой. 

Хоёрдугаар яамдын тоог нэмэхгүй, хасахгүй. Агентлагууд энэ хэвээр ажиллах ёстой. Өвлийн хүйтэн ирж байна. Төрийн албан хаагчийг хоморголон халахгүй, сандал ширээ зөөхгүй. Харин авлига өгсөн, хариуцлагагүй нөхдийн толгойг илэхгүй. Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах шаардлага байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Нийгэмд шударга ёс алдагдаж байгаа иргэд бухимдалтай байна. Сүүлийн 20 гаруй жил бид байгалийн баялгаа буруу бодлогоор явуулсан. Энэ асуудлыг нэг тийш болгох уу. Өнөөдөр 3000 гаруй лиценз тараагаад өгчихсөн. Цаана нь цахимаар өгч байх жишээтэй. Хамгийн гол нь уул уурхайг дагаж ирсэн энэ их мөнгө цөөн хэдэн гэр бүлийн өмч, хөрөнгө болоод байна. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Газрын доорх баялаг бол Монголын ард түмний өмч. Хууль дүрэм зөрчсөн, хулгай хийсэн асуудал бий. Энэ бүхнийг шалгаж, нягтална. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Надад гурван санал байна. Нэгдүгээрт, нийтээрээ ёс зүйн ухамсраа уландаа гишгэж байна. Мэндлэх хүндлэх, эрэмбэ ёс дараа, байгаль орчинтойгоо харьцах харилцаа алдагдсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбар орхигдсон. 

Хоёрдугаарт, Төв цэвэрлэх байгууламжийн асуудлын хэрхэн шийдэх вэ? Байгууламжаас гарч байгаа үнэр Хөшигийн хөндийд ч үнэртэж байна. Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдэг заалтыг зөрчиж байна. Төв аймгийн олон хүн, амьтан тэр үнэрт нэрвэгдэж, хордож байна. 

Гуравдугаарт, замын стандартыг шинээр батлахгүй бол худлаа болсон. АН-ынхан бонд босгож, зам барьсан. Гэтэл тэр нь жилийн настай. Өвөл агшдаг, зун тэлдэг. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Агаарын бохирдол, хөрсний бохирдол зохих хэмжээнээс дээш гарсан. Энэ ажлыг сайжруулах чиглэлээр ажиллана. Ер нь миний барьж ажиллах хэд хэдэн төлөвлөгөө байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шаардлагатай бол тодотгол хийнэ. Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-“Оюутолгой” олборлолтоо монголд хянуулахгүй байна. Дур мэдэн авирладаг гадаадын компаниудыг цэгцэлж чадах уу? Ер нь ганц тулгуурт эдийн засгийн бодлогоо хадгалаад явах уу? Олон тулгуурт эдийн засгийн бодлого баримтлах уу? Хүүхдийн мөнгийг хэдэн оноос 100 хувь олгох вэ? Хүүхдийн мөнгө олгох боломж байна гэж би харж байна. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Бид он гараад нэлээд хэмжээний өр төлбөр төлнө. Бондын өрийг төлөхгүй бол Монгол Улс хүнд байдалд орно. Санхүүгийн сахилга батыг зайлшгүй сайжруулах ёстой. ОУВС-тай тохирсон тохиролцоог үргэлжлүүлэх шаардлагатай. Стратегийн орд газруудад бид хариуцлагатай хандах ёстой. Монгол Улсын төр өөрийн баялагтаа эзэн байх ёстой. Харамсалтай нь алдагдаад байна. Оюутолгойгоос эхлээд маргаантай асуудал байна. Монгол Улс бол тусгаар тогтносон улс. Тиймээс өөрсдийн баялгаа захиран зарцуулах нь бидний дотоодын асуудал. Газрын доорх баялаг бол ард түмний өмч байх ёстой. Бид уул уурхайг шүтэж ирсэний уршиг сүүлийн хэдэн жил гарсан. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унахаар Монгол Улсын эдийн засаг урууддаг. Тиймээс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг сэргээх ёстой. Эдийн засгаа уул уурхайгаас бусад салбар нь тэтгэж байж бид амжилтад хүрнэ. 

Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх боломжгүй. Хүүхдээсээ мөнгө харамлах хүн байхгүй. Гэвч хөрөнгө санхүүгийн нөхцөл хүнд байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Дубайн гэрээ, Тавантолгойн төсөл, Эрдэнэтийн 49 хувь, Эгийн голын усан цахилгаан станцийн асуудлыг шинэ Засгйин газар хэрхэн шийдэх вэ? Давхар дээлтэй сайд томилох уу?

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Оюутлогой, Дубайн гэрээг шалгана. Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн бол бид олон улсын гэрээ конвенцын хүрээнд шийднэ. Тавантолгойн төслийг хөдөлгөх ёстой. Харин яаж вэ гэдгийг маш сайн ярилцах ёстой. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ард түмэн Тавантолгойгоо өөрөө ашиглах ёстой гэж би үздэг. Эрдэнэтийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдэх ёстой. УИХ-аас тогтоол гаргасан. Эцсийн шийдвэрийг шүүх гаргах ёстой. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд ОХУ-тай усны асуудлаар ярилцаж тохиролцох ёстой. Би энэ Засгийн газрыг бяртай байгаасай гэж хүсч байна. Асуудлаа ярьж, шийдэж чаддаг,хүч нөөцтэй байгаасай гэж хүсч байгаа. Тиймээс би Засгийн газрыг парламентаас бүрдэх Засгийн газар байх болов уу гэж бодож байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж