Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ оны хамгийн эхний башё өнөөдөр өндөрлөлөө. Өчигдөр буюу башё дуусахаас нэг өдрийн өмнө түрүүлэх болзлоо хангаад байсан Хакухо М.Даваажаргал ийнхүү Японы эзэн хааны цомыг 18 дахиа хүртэж байгаа энэ өдөр давхар аз тохиож, охинтой болжээ. Түүний эхнэр Саёко Увада өнөөдөр өглөө амаржиж, 3.6 кг жинтэй охин төрүүлсэн байна. Ийнхүү арлын орныг хүч бяраараа гайхуулж яваа Хакухо хоёр охин, нэг хүүгийн аав болоод байна. Түүний анхны охин 2007 оны тавдугаар сарын 10-нд мэндэлж байсан бол хосууд 2008 оны есдүгээр сарын 2-нд хүүтэй болж байсан билээ.
Хакухогийн эхнэр өнөөдөр өглөө амаржсан учраас башёд зодоглож байгаа ёкозуна Хакухо хараахан бяцхан охиноо харж амжаагүй байгаа аж. Тэрбээр дөнгөж сая эзэн хааны цом гардахдаа “Башё дуусгаад дөнгөж мэндэлсэн бяцхан охин дээрээ очино” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Б.Энх