У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчтэй байх шалтгаан бий

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчтэй байх шалтгаан бий

10 дугаар сарын 2-ноос өмнө сумын сонгуулийн хороог байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлэх ёстой билээ.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх батлагдах нь тодорхой болж байна. Ийм таамаг гаргасан шалтгаан гэвэл УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж, АН-ын бүлэг захиас хэлсэнтэй холбоотой юм. Иргэд, улс төр судлаач зарим хүн У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэршил өгөөд эхэлсэн. УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл “Зүүний” Засгийн газар гэсэн бол ихэнх нь Ардын Засгийн газар гэж байна. Гол нь нэршилдээ биш юм. Хүрэлсүхийн Засгийн газар “Хүчтэй” байх л чухал. Хүчтэй гэдэг нь шийдэмгий, гаргасан шийдвэрээ хамгаалдаг, эргэж, буцдаггүй гэсэн агуулгыг хадгална. Үүний нэг жишээ нь, эмч, багш нарын цалинг нэмэх эдийн засгийн боломжгүй гэдгийг Ерөнхий сайдад нэр дэвшигч шуудхан хэлсэн. Хэн хэндээ амар. Шууд хэлээд болох, болохгүй гэдэг хариултыг нь өгдөг Засгийн газрыг ард түмэн захиалсан юм шүү дээ.

Төрийн ордны хананд зүгээр л зургаа өлгүүлэхийг хүсээгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар тохиолдолд хүчтэй, урт настай, удаан оршин тогтнох вэ. Хариулт энгийн. Салбартаа ч, ард түмэндээ ч танигдсан эрхмүүдийг сайдаар томилох. Бас санаа сэтгэл, хийх бүтээх эрмэлзэл нийлсэн байх учиртай. Тэр л энэ салбарын Сайд болно гэж нэрлэхэд эрт байна. УИХ-ын 65 бүлгээсээ дэмжлэг авдаг, ард түмэндээ танигдсан улстөрч сайд л Хүрэлсүхийн Засгийн газрыг хүчтэй байлгаж чадна. Түүнээс биш Монголын Морин спорт уяачдын холбооны гишүүнийг авч ирээд Сайд болгож иргэдээрээ тохуурхдаг үе өнгөрсөн. 

60 тэрбумаар төрийн албыг наймаалцдаг цаг ч биш. Хэн ч танихгүй эрхэм хийрхлээрээ сайд болох хэнд ашигтай вэ. Ард түмэн ажлыг нь мэддэг, хэн бэ гэдгийг нь таньдаг эсвэл ирээдүйтэй улстөрч гэсэн итгэл асаасан цөөнгүй эрхмүүд бий. Тэднийг 30 дахь Ерөнхий сайдаар томилох эсэхийг У.Хүрэлсүх л мэдэх хэрэг. Тэр Засгийн газраа олны танил, салбартаа, улс төрд ч хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдээр бүрдүүлж чадвал ард түмний бас нэгэн захиалга биелэх учиртай юм. Түүнд боломж бий. Тоглоомын, тохуурхлын Засгийн газар байх учиргүй. 2020 оны УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн ажилласнаас шалтгаалж МАН-д сонгогчид дүнгээ тавьж, дүгнэлтээ хийх учиртай. Түүний зорилго эхнээсээ тодорхойлогдож байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүтцийг хадгалж, С.Баярын үед эхлүүлсэн Атрын аяныг үргэлжлүүлнэ гэсэн. Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ямар үг хэлэхийг нь мэдэхгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай хүнсний гүрэн болох ёстой гэсэн зарчмаа хэлсэн. Тэгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд нь мэргэшсэн, мэргэжлийн хүн байж таарах нь. Ерөнхий сайдын хэрэгжүүлэх бодлогын гол тулгуурын нэг гэсэн үг. Сайдын тухай таамгийг ингээд зогсооё. 

У.Хүрэлсүх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн асуултад “Монгол бол хүнсний орон байх бүрэн боломжтой. Хоёр том зах зээл бидэнд байна. БНХАУ нэг хүүхдийн бодлогоосоо татгалзсан. Ингэснээр хүнсний хэрэгцээ нь улам нэмэгдэнэ. Монгол Улс далайд гарцгүй ч хүн далайд гарцтай орон. Уул уурхайгаас олсон орлогоосоо хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэж хариулсан, мэдэгдсэн. Ямартаа ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүчтэй сайд нар хэрэгтэй байна. Түүнд ард түмний захиалга, захиалгаа дагасан захиас, итгэл бий. 

Д.Дорж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж