БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань, ЕвроАзийн Эдийн засгийн зөвлөлийн худалдаа хариуцсан сайд Вероника Никишина нар БНХАУ болон ЕвроАзийн Эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээний нөхцөлийг тохирч дууссан талаарх албан мэдэгдлийг Ням гаригт /2017.10.01/ үзэглэсэн байна. Энэхүү мэдээллийг БНХАУ-ын Худалдааны яам албан мэдээгээр олонд түгээжээ.
Гарын үсэг ёслол Хятадын Ханжоу хотод болсон бөгөөд тус хотод сүүлийн хэд хоног хэлэлцээрийн нөхцөлүүдийг хоёр тал эцэслэн тохиролцсон юм.
“Энэ бол Хятад улс болон ЕАЭЗХ хооронд хийж байгаа маш чухал хэлэлцээр юм. Мөн 2015 онд БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын зурсан Торгоны зам эдийн засгийн бүсийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодит алхам болох юм” хэмээн албан мэдээнд өгүүлсэн байна.
Хэлэлцээрээр худалдаанд учирч байгаа тарифын саад бэрхшээлийг арилгах, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, худалдаанд таатай орчин бий болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх юм.
Хэлэлцээ өнгөрсөн 2016 оны зургадугаар сараас хойш хийгдэж байгаа.
Эх сурвалж: РИА НОВОСТИ