100 жил хадгалах бүтээл туурвигч | News.MN

100 жил хадгалах бүтээл туурвигч

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

100 жил хадгалах бүтээл туурвигч

“NEWS” агентлаг “Шинэ нэр” булангийнхаа шинэ зочноор тун ховор мэргэжилтэй чихмэлчин залууг онцолж байна.

Зураач мэргэжилтэй Б.Тэмүүжин чихмэл хийх сонирхолдоо хөтлөгдөн Байгалийн түүхийн музейд чихмэлчнээр хоёр дахь жилдээ ажиллаж буй юм. Тэрбээр “Чихмэлчин хүн амьтны зан характер, үйл хөдлөлийг нүдээр үзнэ. Амьтны чихмэл хийхэд байнгын ажиглалт чухал. Хөдөө явж байхад зурам гүйгээд л, босож ийшээ тийшээ харж байгаа үйл  хөдлөл бүрийг нэгбүрчлэн ажиглана. Тиймээс ч байгальтайгаа илүү ойр байх шаардлагатай мэргэжил” хэмээн ярилцлагадаа өгүүлсэн юм. 

Баярсайханы Тэмүүжин

БАЯРСАЙХАН ТЭМҮҮЖИН: 1989.04.12.

Төгссөн сургууль:

Монгени цогцолбор сургууль /2005 он/

Дүрслэх урлагийн дээд сургуулийн зураасан зургийн анги /2011 он/

Мэргэжил: Зураач

Одоо эрхэлж буй ажил: Байгалийн түүхийн музейн чихмэлчин

Сошиал хуудас: Temka Bayarsaihan /фэйсбүүк /

АНХНЫ АМЖИЛТ

Би Хэнтий аймгийн Батширээт суманд төрж, өссөн. Аав маань нутагтаа ан хийхийн хажуугаар хоббигоороо амьтны эвэр, туурай, арьс гэх мэт элдэв юм цуглуулж, олон зүйлийг хийдэг. Бас амьтны чихмэлийг ч өөрийнхөө хэмжээнд хийдэг юм. Аавд маань тодорхой тооны цуглуулга үүсэж, өрхийн музейтэй болсон. Аав бид хоёр байгаль дээр эндсэн ан амьтан, малын эвэр туурайг хаяхгүйгээр янз бүрийн юм хийнэ. Манай суманд музей байдаггүй учраас гэр музейгээрээ дамжуулан хүмүүст сонирхуулдаг. Гэр музейд маань 50 орчим чихмэл болон үзмэр бий.

Хэнтий аймгийн Батширээт сум дахь гэр музей

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЧИХМЭЛ ХИЙЖ СУРСАН БЭ?

-Би багын амьтанд хайртай хүүхэд байсан. Хөдөө зурам, жирх хөөгөөд л гүйдэг жаал байлаа. Бүр цэцэрлэгт байхаасаа л баримлын шавраар янз бүрийн амьтны дүрс хийнэ. Аав маань нэгдлийн анчидтай анд их явдаг хүн байсан. Ангаасаа ирээд л ан амьтдын зан араншинг нүдэнд харагдтал ярина. Би ярьсныг нь сонсоод зураг зурах дуртай болж, зураач болох гараагаа эхэлсэн дээ.

Сургуульд байхдаа анх зурам, жирх зэрэг жижиг амьтдын чихмэлийг хийж сурсан. Тухайн үедээ дөнгөж суралцаж байсан болохоор нэлээд удаан хугацаанд хийнэ. Эхлээд чихмэл хийхэд нэг л болж өгөхгүй хаягдах тохиолдол олон гарч байсан. Сүүлд энэ чиглэлээр ихэд сонирхож, цаашаа гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй юм байна гээд Байгалийн түүхийн музейд чихмэлчин ахтай танилцсан. Тэгээд л ажиллаж буй чихмэл дээр нь тусалж, олон сонирхолтой сэргээн засварлах аргачлалыг заалгаж авсан.

АМЬТНЫ АРЬСАА БҮРЭН БОЛОВСРУУЛАХ НЬ ЧУХАЛ БАЙХ. НЭГ ЧИХМЭЛ ХИЙХЭД ХЭР ХУГАЦАА ЗАРЦУУЛДАГ БОЛ?

-Бид эхлээд амьтны арьсыг салгахдаа нимгэн арьсыг нь хүртэл авч, ямар ч өөх тосгүй хөх арьс үлдээдэг. Тэгээд арьсаа цэвэрлэсний дараагаар давсалж, хатаана. Үүний дараагаар химийн уусмалд 1-7 хоног хонуулж, боловсруулаад чихмэлээ хийдэг. Харин амьтныхаа анатомийг барилгын хөөсөөр сийлээд, арьсыг нь тохдог.

Одоо нэлээд том хөхтөн амьтны чихмэл дээр ажиллахыг зорьж байна. Өмнө нь нэг гөрөөсний  чихмэл хийж үзсэн. Жижиг амьтны чихмэлийг өөрөө хийж болох ч чихмэл маань томрох тусмаа илүү багийн ажиллагаа их шаардаж, судалгаа хийх хэрэгтэй болдог. Манай музейн лабораторид амьтан судлаач, чихмэлчин, зураач, сэргээн засварлагч гэсэн дөрвөн залуу ажилладаг. Энэ багийнхаа хүчээр сонирхолтой, гоё чихмэлүүдийг хийхээр ажиллаж байна.

АМЬТНЫ ЧИХМЭЛ ХИЙХЭД НҮД ХАМГИЙН ЧУХАЛ ГЭЖ СОНССОН. ЧИХМЭЛ ХИЙХЭД ЮУ ЮУГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? 

-Тухайн амьтныхаа зан төрхийг харуулахын тулд нүдэн дээр анхаарах шаардлагатай байдаг. Амьтны нүдийг сэргээх ямар ч боломжгүй учраас шилэн нүдээр орлуулдаг. Мөн амьтны анатоми маш чухал. Амьтны нүүрний хувирал сай гарсан ч анатоми нь алдаатай гарвал учир дутагдалтай харагддаг юм. Тийм учраас чихмэлчин хүн амьтныхаа анатомийг сайн судлах хэрэгтэй. Жишээлбэл шувууны өдний байрлалыг хүртэл маш сайн судалж, дэглэх хэрэгтэй болдог.

Бид жил бүрийн намар хайгуулын судалгааны ажлаар орон нутгаар явна. Миний хувьд судлаачтайгаа хамтран амьтны зан характер, үйл хөдлөлийг нүдээр үзнэ. Ер нь тэгээд чихмэл хийхэд байнгын ажиглалттай байдаг. Хөдөө явж байхад зурам гүйгээд л, босож ийшээ тийшээ харж байгаа үйл хөдлөлийг ажиглана. Тэгэхээр байгальтайгаа илүү ойр байх шаардлагатай л даа. Би энэ мэргэжлээр ажиллах болсноос хойш эх орныхоо олон сайхан газраар аялсан. Увс нуур, Хөвсгөл далай, Дорнодын тал гээд үзээд барагдахгүй үзэсгэлэнт байгальтай эх орон. Тэнд амьдардаг амьтан бүр өөрийн онцлог шинжтэй,  өнгө зүстэй байдаг юм.

ЧИХМЭЛЧИН ХҮН БАЙГАЛЬТАЙГАА ИЛҮҮ ОЙР БАЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭЛЭЭ. ОДОО АН АМЬТНЫ ТӨРӨЛ, ЗҮЙЛИЙГ МАШ САЙН АНГИЛЖ, МЭДДЭГ БОЛСОН БАЙХ?

-Би анх шувуу гэхэд л нүдэнд харагддаг хэрээ, болжмор, тагтаа шувууг л мэддэг байсан. Шонхор шувуу дотроо хэдэн төрөл байдгийг ч мэддэггүй байлаа. Бүргэд шувуу гэхэд хээрийн бүргэд, цанын бүргэд гэх мэтээр дотроо ангилдаг байх жишээтэй. Одоо бол харьцангуй мэдлэгтэй болсон. Нуурын, эргийн шувуудын нэрсийг мэднэ. Нэг удаагийн хайгуулын ажлаар асар олон шувуу болон амьтантай танилцаад ирдэг дээ.

Ер нь монголын “Улаан ном”-нд бичигдсэн, нэн ховор ан амьтдаас гадна бусад амьтдаа ч гэсэн ховордохоос нь өмнө хамгаалах хэрэгтэй байна. Ялангуяа хууль бус, наймааны  анг таслан зогсоох шаардлагатай. Мөн эндсэн нэн ховор амьтдыг орон нутагт нь ялзруулаад хаях бус хамтран ажиллаж, мэргэжилтнүүдэд хандаж үзмэр болгох тал дээр анхаарах нь зүйтэй юм шиг. Эндсэн ан амьтны арьс сэг зэм болоод л алга болдог шүү дээ. Тэрний оронд музейн үзмэрийн санг арвижуулж, олон нийтэд сонирхлыг татсан сонирхолтой үзмэр болговол зөв юм шиг санагддаг.

АМЬТНЫ ЧИХМЭЛ ХЭЧНЭЭН ЖИЛИЙН НАСТАЙ БАЙДАГ ВЭ?

-Одоо бидний хийж буй амьтны чихмэл дор хаяж 100 жилийн настай. Энэ он жилүүдийн дараа чихмэлийг сэргээн засварлахад 200 жил болчих байх гэсэн тооцоо бий. Би саяхан Богд хааны ордон музейд зохион байгуулсан шувууны чихмэлийг сэргээн засварлах сургалтад суусан. Уг сургалтаар 115 жил болсон шувууны чихмэлүүдийг сэргээн засаж чадсан. Амьтны чихмэл бүр айхтар сүйдчихээгүй л бол буцаад яг 100 жилийн өмнөх шиг сэргээн засварлах боломжтой байдаг.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР АМЬТНЫ ЧИХМЭЛ ДЭЭР АЖИЛЛАВ?

-Би яг одоо шилийн сар хэмээх шувууны чихмэл дээр ажиллаж байна. Шилийн сар шувуу нь тал хээрийн бүсэд тархацтай, оготно, зурмаар хооллодог махчин шувуу. Бидний ажиллаж буй сар шувууны чихмэл хаврын улиралд өдөө хаяж буй шувуу. Тийм учраас өдний хувьд сийрэг, сул учраас дэглэлт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин намрын цагт байгалиасаа дулаалгаа авсан шувууны өд дэгэнд ороход амар байдаг юм. Өчигдөр бас халзан түнжүүр гэдэг усны шувууны чихмэлийг босгосон. Миний бодлоор мэдээж том амьтны чихмэл хийхэд ажиллагаа их орно. Гэхдээ жинхэнэ төгс бүтээл болтол нь хийхэд хэмжээ огт хамаарахгүй. Жижигхэн шувууны чихмэлийг хүртэл амьд юм шиг хийхэд маш их хөдөлмөр ордог.

Гадаад улс оронд чихмэлийг урлаг болгон хөгжүүлсэн байдаг. Харин манай улс энэ тал дээр нэлээд хоцрогдсон. Одооноос л бага зэрэг хөгжиж эхэлж байна. Хуучин чихмэл хийхдээ зүгээр зогсож байгаа амьтны чихмэл хийдэг байсан бол орчин үед илүү амьд мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, үйл хөдлөлтэй чихмэл хийхийг зорин ажиллах болсон. Манай музейн хувьд ч шинэ содон үзмэрүүд олноор нэмэгдсэн. Одоогоор бид сэргээн засварлаж болохуйц чихмэлүүдийг засварлаж, зарим чихмэлийг дахин шинээр хийх ч шаардлагатай болоод байгаа.

Шилийн сар шувууны чихмэл

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Найз нөхөдтэйгээ уулзаж, цагийг өнгөрүүлнэ. Амралтаараа аль болох хөдөө явж, салхинд гарах дуртай. Бас биллъярд, теннисний спорт сонирхдог. Би ажлаа тараад л зургаа зурдаг. Ажлынхаа хажуугаар мэргэжлээ давхар хобби болгон авч явдаг гэх үү дээ. Би зэрлэг ан амьтны тухай зураг зурдаг. Мөн хүмүүсийн тэр бүр сайн мэдэхгүй хуучны анчдын тухай сэдвийг уран бүтээлдээ тусгахыг хичээдэг.

Б.Тэмүүжиний зурсан

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би өөрийн бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргах бодолтой байгаа. Ажлынхаа амьтан судлаач, чихмэлчин, зураач ах нартайгаа хамтран гэрэл зураг, амьтны чихмэл, ан амьтны тухай өөрийн зурсан зургаараа хосолсон үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Өмнө нь зургийн хамтарсан хэд хэдэн үзэсгэлэнд хамтран оролцож байсан.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Амьдралын зорилго, мөрөөдөл гэвэл ард түмэндээ үнэлэгдсэн зураач болохыг мөрөөддөг. Мөн чихмэлийнхээ төрлийг дэлхийн жишигт хүргэхэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилготой. Дэлхийн чихмэлчдийн олон улсын тэмцээнд Монгол Улсын мэргэжилтнүүд оролцдог болох нь миний зорилго юм. Монголд чихмэлчин мэргэжилтэй залуус тун ховор. Энэ мэргэжлээр бэлтгэдэг их сургууль ч байхгүй. Тийм учраас одоо чихмэлчин мэргэжлийг гарын ур дүйтэй хүмүүс л сонирхлоороо хийж байна. Миний мэдэхээр Дорноговь аймгийн музейд ажилладаг н.Тулгаа гэх залууг мэднэ. Надаас доод үеийн чихмэлчин залуус бараг байхгүй гэж хэлж болно.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Залуу хүн ирээдүй мэргэжлээ сонгохдоо өөрийн чаддаг, сонирхсон мэргэжлээр ажиллах нь чухал. Өөрийн гэсэн хоббитой. Түүгээрээ мөнгө олж, амьдарвал илүү утга учиртай юм болов уу. Тэрнээс биш болсон болоогүй газар ажиллаад, яг л теннисний бөмбөг шиг явбал утгагүй шүү дээ. Одоогийн нийгэмд мэргэжилтэй ч ажилгүй маш олон залуус бий. Энэ бүх ажилгүй залуус өөрсдийн сонирхлоо хөгжүүлж, ирээдүйн мэргэжлээ сонговол эх орон маань хөгжихөд ойрхон байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tugsuu 2017-10-04 202.21.117.162

Yostoi saihan yariltslaga bson bna nza, mundag zaluu shu amjilt husie

Avatar

Ганбаатар 2017-10-04 202.9.43.21

Ховорхон авъяастай мундаг залуу шүү!

Avatar

tuul 2017-10-04 202.131.225.153

АМЖИЛТ МУНДАГ БАЙНАА

Avatar

С.Буянжаргал 2017-10-04 124.158.74.120

Hi manai duu aaviin chini ger muzeig uzej ircheed huu ni bas chihvel hiideg gsn tuv muzeid ajil orj bgaa gsn tanaid orj bsnuu geed asuuj bsan. Ooriin tani tuhai duugeesee ankh sonsoj bsan onoodor yriltslagiig chi unshlaa.Unekheer shan yriltslaga bolson bn.Husel muruudul zorilgot ni iluu ih amjilt husie.

Avatar

Зочин 2017-10-04 202.9.43.67

чаддаг зүилээ төгс хийнээ гэдэг чинь л аз жаргал даа МЭРГЭЖИЛ БҮХЭН САИХААН амжилт хүсьеэ

Avatar

С.Алтанцэцэг 2017-10-04 103.242.47.230

Нутгийн дүүдээ ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2017-10-04 150.129.143.5

МЭДРЭМЖТЭЙ АВЬЯАСТАЙ ЗАЛУУ ШИГ БАЙНА ШҮҮ. ХАРИН ХАМГИЙН СҮҮЛИЙН "ЧОНО" ЗУРАГ НЭГ Л БИШ ДЭЭ. ЮУТАЙ Ч АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2017-10-04 202.179.31.41

Mundag zaluu daa. Ulam ixiig bvteegeerei. Amjilt xvsey

Avatar

Зочин 2017-10-04 203.91.115.40

Mash saihan yriltslaga bolson bn. Zuraach chihmelchin zaluud tsaashdiin ajild ni amjilt husiy.

Avatar

Зочин 2017-10-04 183.177.100.2

Мундаг шүү миний дүү. Амжилт. Амжилт

Avatar

Зочин 2017-10-04 124.158.74.156

Сонирхолтой ажилтай хүнийг урьж, ярилцлага хийсэн байна. Баярлалаа. Чухал, хэрэгтэй ажил хийдэг боловч бидний дунд танигдахгүй амьдарч байдаг хүмүүстэй ярилцлага хийж, ажил үйлсийг нь танилцуулахыг хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж