Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa –гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт бүжгэн жүжиг юм. Сүүлийн Marius Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байжээ. Өнөөдөр тоглох “Жизель” балетын симфони найрал хөгжмийн урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах бол Жизельд Г.Цолмон, Альберт гүнд О.Ганцоож, ойн захирагч Ганс Х.Мөнгөнхөлөг, Батильдад Р.Байгальмаа, Вильфрид Ц.Төмөрсүх, Мирта их сүнс Б.Саруул нар тус тус тоглох аж.
М.Урин