УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл гэх мэт цаг хугацаа тулсан асуудал олон байхад УИХ-ын үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-УИХ-ын чуулган Даваа гаригт албан ёсоор нээлтээ хийсэн. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал гишүүдийн гар дээр ирж байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд байнгын хороо, чуулганы хуваарийг зохицуулсан заалт бий. Хуралдааны хуваарийг өөрчлөх эрх нь УИХ-ын даргын зөвлөлд байдаг. Нэн тэргүүнд шийдэх асуудал бол Засгийн газрын бүтэц, шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал юм. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороо хуралдаад У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн. Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй уулзлаа. Цаашид эдийн засгийн болоод улс төрийн шинэчлэл хийхийг бид шаардаж байна. Өнөөдөр эдийн засаг амаргүй байна. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, зээлийн хүүг бууруулах зэрэг дорвитой ажил хийх шаардлага тулгарсан. Энэ саналаа ч Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлсэн.
Монголын улс төр бол завхарсан, хариуцлага алдагдсан, авлига албан тушаалын гэмт хэрэг нэмэгдсэн байна. Тэгэхээр улс төрийн болоод намуудын шинэчлэлийг хийх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намд тавих стандартыг шинэчлэх чиглэлээр тодорхой саналаа хүргүүллээ. Ардчилсан намын бүлгийн гишүүн бүр Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй чөлөөтэй ярилцаж, цаашид юун дээр анхаарах ёстой талаар санал солилцсон. Манай намын бүлгээс албан ёсны 16 саналыг хүргүүлсэн.
-Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Гэтэл өмнөх Засгийн газрын зарим сайд танхимдаа үлдсэн ч дэмжинэ гэсэн үг үү?
-Засгийн газрын бүтэцтэй холбоотой гурван саналыг шинэ Ерөнхий сайдад хүргүүлж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг оруулж ирэхдээ аль болох давхар дээлгүй байлгах. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилгүй сайдтай болох. Өөрөөр хэлбэл, Худалдааны сайд нь тамхины бизнесгүй, Боловсролын сайд нь хувийн сургуульгүй, Уул уурхайн сайд нь ашигт малтмалын лицензгүй байвал сайн байна. Гуравдугаарт, төсөвт дарам учруулсан дэд сайд гэх мэт илүүдэл албан тушаалыг цомхотгох санал тавьсан.
Өмнөх Засгийн газрын огцорсон алдааг битгий давтаасай гэж хүсч байгаа. Идсэн уусан нөхдөд хариуцлага ярих хүсэлтийг миний бие хүргүүлсэн. Хулгай хийсэн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ нийгмийн дунд хардлага байна. Тухайлбал, Цагаан суварга, Эрдэнэтийн 49 хувь, төсвийн мөнгийг гувчуулсан, Тавантолгойгоос мөнгө идсэн, найман төрлийн концесстой холбоотой хардлага сэрдлэг бий. Энэ бүхнийг шалгуулаач гэж би хэлж байгаа юм. Түүнээс хэн нэгний нэр цохож “энийг, түүнийг шалга” гэж хэлээгүй.
-Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өмнөх Засгийн газрынхаа бүтцийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Ардчилсан намын бүлэг яамдын бүтцийг өөрчлөх санал тавьж байна. Танай бүлгийн саналыг нэр дэвшигч хэрхэн хүлээж авсан бэ?
-Нэр дэвшигч хуучин бүтцээр явна гэдгээ илэрхийлсэн. Арчилсан намын бүлэг бол Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, бие даасан Соёлын яам, Аж үйлдвэрийн яамыг байгуулах шаардлагатай байна гэдэг саналыг хэлсэн. Монголын соёл урагш явчихлаа. Бид үндэсний язгуур соёлоо дэмждэг яамтай болж байж Монгол үндэстэн оршин тогтоно.
Хөдөлмөрийн яам байгуулж байж ажилгүйдэл буурна. Аж үйлдвэрийг бий болгож байж эдийн засгийн өсөлтийг хангана. Тийм учраас Засгийн газрын бүтцээ оновчтой болгох саналыг бид хүргүүлсэн. Бидний саналыг хүлээж авах эсэх нь шинэ Ерөнхий сайдын мэдлийн хэрэг.
-Энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөлтэй гишүүд танилцсан уу?
-Төсвийн тодотгол төсвийн төсөл гишүүдийн гар дээр ирээгүй байна. Төсөлтэй танилцсаны дараа Ардчилсан намын бүлэг зарчмын саналаа илэрхийлэх болно.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дөрвөн төрлийн зээлийг тэглэх талаар Ардчилсан нам хөндсөн. Ийм шийдэл гарах байх гэсэн хүлээлт байгаа. Асуудал ясар шатандаа яваа вэ?
-Нэг жилийн өмнө УИХ-ын сонгууль болсон. Энэ сонгуулиар Ардын нам, Ардчилсан нам болон өөр бусад намын мөрийн хөтөлбөрт иргэдийн нуруун дээр байгаа зээлийн дарамтыг бууруулна гэдэг амлалт өгсөн. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 5.11 дүгээр заалт шиг санагдаж байна.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ч бас зээлийн дарамтыг бууруулах амлалт өгсөн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр нэр дэвшигч энэ асуудлыг хөндсөн. Аж ахуй нэгжийн зээлийн дарамтын бууруулах чиглэлээр Өршөөлийн хууль, Ил тод байдлын тухай хуулиас эхлээд олон хууль гаргасан. Гэхдээ нөхцөл байдал амаргүй байна. Иргэдийн нуруун дээр зээлийн хүүгийн дарамт маш их байна. Тиймээс баялгаа шударга, тэгш хуваарилах талаар хөндөж байгаа юм. Банк санхүүгийн салбарт шинэчлэл хэрэгтэй. Тун удахгүй дээрх асуудалтай холбоотой хуулиуд УИХ-д орж ирнэ. У.Хүрэлсүх нэр дэвшигч энэ чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэдгээ Ардчилсан намын бүлэг дээр илэрхийлсэн.
-Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Гишүүдийн гаргасан ёс зүйн алдааны тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Ёс зүйн дэд хороо олон сарын дараа хуралдаж байгаад харамсаж байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороо тухайн долоо хоногт хуралдаад, дүгнэлтээ гаргаад, УИХ-д оруулах үүрэгтэй. Энэ ажлаа хийхгүй олон сар болсон. Иргэд бухимдаж, уур хилэнтэй байна. Тэгэхээр Д.Лүндээжанцан даргатай Ёс зүйн дэд хороо яаралтай дүгнэлтээ гаргах нь зөв гэдэг саналтай байна.