Алтан гартай хүн ихийг бүтээж, сайхан амьдарч болдог | News.MN

Алтан гартай хүн ихийг бүтээж, сайхан амьдарч болдог

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Алтан гартай хүн ихийг бүтээж, сайхан амьдарч болдог

Раллигийн ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “FORD”-гүйгээр өрнөх нь.

Дэлхийн ур чадварын тэмцээнд мужаан болон өрөг угсралтын төрөлд оролцогчдын Герман улсад хийсэн бэлтгэлийн талаарх цуврал нийтлэлийн хоёр дахь дугаарыг хүргэж байна.

Лайпцигийн Мэргэжлийн боловсролыг дэмжих төв дээр бэлтгэл хийсэн өрөг угсралтын оролцогч Ц.Мягмарсүрэнгийн гүйцэтгэсэн даалгаврын талаар үүний өмнө өгүүлсэн. Харин бэлтгэлийн талаар асууж сонирхоход:

-Германд ирээд маш их зүйлийг сурлаа. Олон улсын стандартын хэмжээстэй тоосгон дээр ажиллаж үзлээ. Ур чадварын хувьд дээшилсэн гэж үзэж байна. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Германы оролцогчийн бэлтгэл хийх үйл явцтай танилцаж туршлага солилцсон. Тэндээс их зүйл сурч мэдсэн.

Германд бэлтгэл хийх хугацаандаа гурван даалгавар хийж гүйцэтгэсэн. Эхний даалгавар миний ур чадварын түвшинг тогтоох зорилготой даалгавар байсан. Энэ даалгавраар 24-ын багана, тоосгыг хэвтээ ба босоо байрлалтай өрөх мөн өнцөг гарган өрөх ажилбаруудыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэл хийхийн өмнө бүтээцийн зургийг 1 : 1 хэмжээтэй зурж, зургийн дагуу тоосгон дээрээ тэмдэглэгээ хийж зүсэлтүүдээ хийсэн.

Хоёр дахь даалгавар Лайпциг хотноо 2013 онд зохиогдсон Дэлхийн ур чадвар тэмцээний даалгавар байсан. Энэ даалгавар германы барилгуудаас ихэвчлэн харагдсан нуман өрөгтэй бүтээц байсан. Нуман өрөгт орох тоосгыг нэг бүрчлэн нуман хэлбэрт нь тааруулж зүссэн. Энэ нь миний хувьд шинэлэг байсан.

Гурав дахь даалгавар мөн 2013 оны дэлхийн ур чадварын тэмцээний Германы сүлдийг бүтээх даалгавар байсан. Энэ даалгавар миний хувьд хамгийн хүнд алдаа гаргах магадлалтай, ур чадвар шаардсан даалгавар байлаа. Зуурмагийн өтгөн шингэний харьцааг /консистенц/ сайн тааруулахгүй бол тоосго хэт суух эсвэл тоосгыг суулгах гэж цохиж тогших зэрэг нэмэлт ажилбар шаарддагийг мэдэж авсан.Дэлхийн ур чадварын тэмцээн дээр ийм алдаа их гардаг гэсэн.

Тоосго зүсэх нь хамгийн эрсдэлтэй ажил гэж би боддог. Энд тоосго зүссэн суурь машин миний Монголд ашиглаж байсан машинтай адилхан юм байна. Нэг ялгаа нь энэ машины тавцан төмөр гадаргуутай учраас тоосго гулгах магадлалтай юм байна. Миний Монголд ашиглаж байсан машин резинэн гадаргуутай учир тоосго гулгадаггүй байсан. Ийм тавцантай машин дээр бас ажиллаж сурлаа.

Харин Ц.Мягмарсүрэнгийн эксперт багш Л.Эрдэнэчулуун “Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогч маань Герман улсад ирснээр төрөл бүрийн зуурмаг дээр ажиллаж үзлээ. Өрөгийн бэлэн зуурмагаас гадна дасгалын зуурмаг дээр ажиллаж үзлээ. Дасгалын зуурмаг дээр өмнө нь ажиллаж үзээгүй байсан болохоор эхэндээ бэрхшээл гарсан. Харин хэд хэдэн удаа энэ зуурмаг дээр ажилласны дараа учрыг нь олж, хурд нь хүртэл сайжирсан. Үйлдвэрийн аргаар гаргаж авсан бэлэн зуурмаг нь зөөлөн,нарийн ширхэглэлтэй, харин дасгалын зуурмаг ширхэглэл томтой байдаг юм байна.

Бидний дараа нь очсон Боловсрол технологийн төвд дунд сургуулийн сурагчид нааш, цааш гүйлдэх нь их сонин байлаа. Германы боловсролын тогтолцоо нь дунд сургуулийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн сургалтууд явуулдгаараа ихээхэн онцлогтой юм байна. Энд хүүхдүүд хавтанцарт шигтгээ нааж байхад, тэнд нэг хэсэг нь тоосгоор хана өрж, сандал урлаж байх юм. Цаад философи нь “Алтан гартай хүн ихийг бүтээж, сайхан амьдарч болдог” гэдгийг ‘хэлж’ буй бололтой. 1500 орчим хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулахад 25 орчим хувь нь мэргэжлийн боловсролын салбарыг сонгодог гэж сургуулийн захирал ярж байв. Сургалтын ийм системээс дэлхийн том эдийн засгийг нуруун дээрээ үүрч явах сайн инженерүүд төрдөг юм байна.

Дэлхийн ур чадварын тэмцээний мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх багш нарын хамт энэ сургууль дээр бэлтгэл хийж байв. Тус төвийн өндөр туршлагатай багш Даам хичээлийг орж байлаа. Энэ жилийн Дэлхийн ур чадварын тэмцээнд Арабын нэгдсэн Эмират улсын Дарвуул хэлбэрт алдарт цамхгийг 2D-гээр урлах даалгавар дээр ажиллаж байв. Н.Эрдэнэмөнхийн хувьд энэхүү даалгавар дээр хоёр ч удаа ажиллаж байсан гэв. Зургаа зөв унших, төлөвлөх, тооцооллоо зөв хийх, нэн ялангуяа хутганы тооцооллоо зөв хийх нь хамгийн чухал юм байна.

Дэлхийн ур чадварын тэмцээний мужааны оролцогч Н.Эрдэнэмөнх:

-БНСУ-д бэлтгэл хийж байсан. Одоо Герман улсад бэлтгэл хийж байна. Суурь машинуудын хувьд манайд байдагтай ижил. Харин ир, хутганы хувьд үйлдвэрлэгч орон гэдэг утгаараа байнга шинэчилдэг юм байна. Алх, цүүц, хөрөө, харуулаар модон эдлэл хийдэг байсан мужааны мэргэжлийг орчин цагт гар цахилгаан багаж, суурь тоног төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд электрон удирдлагатай болсон. Бараг бүрэн автомат машин дээр ажиллахыг шаарддаг болсон гэсэн үг. Боловсрол технологийн төвийн Даам багш маань энэ тал дээр олон зүйлийг хэлж, зааж өглөө. Герман дахь 21 хоногийн хугацаанд олон зүйлийг сурч мэдлээ.

Ер нь суурь машин дээр ажиллахад ч, гараар ажиллахад ч зургаа унших, ойлгох, “долоо хэмжиж нэг огтол” гэсэн зарчим үйлчилдэг. Дэлхийн ур чадварын шүүлтийн талаар эксперт багш маань өчигдөр надад хэлж өгсөн. “0,15 буюу миллиметрийг 15 хуваасантай тэнцэх хэмжээнд углуурганд заалт гаргасан тохиолдолд оноо хасагдана” гэсэн. Энэ бол маш нарийн шүүлт. Энгийн нүдээр хараад алдааг нь мэдэх боломж бараг байхгүй. Тэгэхээр Германд хийсэн бэлтгэл маань миний ур чадварыг илүү сайжруулж, тэмцээндээ амжилттай оролцоход дэмжлэг болох нь гарцаагүй юм.

Шавийнхаа бэлтгэлийн талаар эксперт багш Ц.Мөнхмандах:

-Дэлхийн ур чадварын тэмцээнд хоёр даалгавар ирнэ. Тус бүрийг нь 11 цагаар хоёр өдөрт багтаан хийнэ. 3Dмодуль /даалгавар/-ийг Монголд байхдаа нэг удаа хийж үзэж байсан. 2D модулиа Борсдорфод ирээд анх удаа хийсэн. Сая бас дахин хийлээ. Герман багш нар 2D модулийн даалгаврыг хүнд талдаа юм байна гэж хэлж байна. Энэ нь олон өнцгөөр хоорондоо холбогдсон, ажиллагаатай, төвөгтэй даалгавар байна гэж ярьж байна. “Анх удаа хийсэн гэхэд сайн хийсэн. Хоёр дахь удаагаа хийхэд гарт нь ороод илүү сайн болох байх” гэж багш хэлсэн. 3D даалгаврын хувьд Монголд хийж байсан ч энд дахин хийхэд засч, залруулах, анхаарах зүйл гарч ирж байна. Бид хоёр энэ бүгд дээрээ дүгнэлт хийж ажиллана.

Абу Дабид болох Дэлхийн ур чадварын тэмцээн дээр суурь машинууд электрон тохиргоотой байгаа. Энд байхдаа ийм төрлийн машины тохиргоонуудыг яаж хийх талаар заалгасан. Бид суурь машинуудаа гараар тохируулдаг бол энд электрон тохиргоо хийж байна. Тэгэхдээ Н.Эрдэнэмөнх энэ тал дээр гайгүй байх гэж бодож байна. Энд ашиглаж байгаа багажаа “Сүүлийн үеийн багаж биш” гэж ярьж байна. Гэхдээ энэ багажнууд нь бидний ажилладаг багажнуудаас илүү сүүлийн үеийн байх жишээтэй. Герман багш зааж буй зүйлийнхээ нарийн учрыг маш сайн тайлбарлаж хэлж өгсөн. Заах арга барил мундаг байна. Ажлын байрандаа өндөр шаардлага тавьж ажилладаг юм байна. Сургалтууд дээр хэлсэн чухал зүйлсийг нь тэмдэглэж авсан. Цаашид ажилдаа ашиглана гэж бодож байгаа гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Завхан ПК Н.Энхтайван 2017-10-03 202.21.118.254

Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа дүү нартаа амжилт хүсье.
Манай мэргэжлийн боловсролын түвшинг дэлхийд таниулах маш хариуцлагатай, нэр төрийг чинь өсгөх том шалгуур гэдгийг санаж яваарай. Амжилт… амжилт…амжилт…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж