У.Хүрэлсүхийг хөнжлийнхөө хэмжээг нэмэгдүүлэхийг санууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийг хөнжлийнхөө хэмжээг нэмэгдүүлэхийг санууллаа

У.Хүрэлсүхийг хөнжлийнхөө хэмжээг нэмэгдүүлэхийг санууллаа

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдох гэж буй У.Хүрэлсүхэд хандан ил захидал гаргажээ. Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй, хүлээлт үүсгэсэн тулгамдсан асуудал их, нийгэм бухимдалтай байгаа хүндхэн цаг үед томилогдож буй хэдий ч анхаарууштай хэд, хэдэн асуудал байгааг ил захидалдаа дурдсан юм. 

              
Ил захидалд:

Та Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдох гэж байна. Монголын ард иргэд сүүлийн таван  жил Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн гэсэн тодотголтой гурван Засгийн газрын нүүрийг үзэж байна.   Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо үе үеийн Засгийн газартай нийгмийн түншлэлийн зарчмыг баримтлан иргэдээ ажилтай орлоготой байлгаж, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нийтлэг эрх ашгийн төлөө нэгэн зорилгын дор хамтран ажиллалаа.
Ойр ойрхон солигдсон засаг төрийн тогтворгүй байдал нь улс орны эдийн засаг, иргэдийн ажил амьдралыг доройтуулж, түмэн олны төрдөө итгэх итгэлийг багасган, нийгмийн бухимдлыг нэмэгдүүллээ. Иймд Монгол Улсын 30 дах Ерөнхий сайдаар томилогдох У.Хүрэлсүх Танд МҮЭ-ийн олон мянган гишүүд, дэмжигчдээ төлөөлөн энэхүү ил захидлаар дамжуулан дараах саналыг хүргүүлж байна.
1.Нийгэмд шийдвэрлэх олон тулгамдсан асуудал  хүлээж байна. Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж багш, эмч, бусад салбарын ажилчдын нэмэгдээгүй “хорогдсон цалин”, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх. Гарц шийдлийг хамтдаа эрэлхийлж бий болгоё. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж асуудлыг шийднэ” гэсэн Таны тэргүүлэх Засгийн газрын илэрхийлсэн байр суурийг МҮЭ-ийн холбоо дэмжиж байна. Гэхдээ улс орныхоо хөнжлийн хэмжээг нэмэгдүүлж асуудлыг шийдэх бололцоог бий болгоё.
2.Хариуцлагатай, ажлаа мэддэг, хийж чаддаг сайд дарга нар төрийн албыг бүрдүүлэх Таны санал байр суурийг тань олон нийт дэмжиж байна. Таны тэргүүлсэн Засгийн газрыг “Шинэчлэл хийсэн, Шийдэл гаргасан, Мэргэжлийн Засгийн газар” болж ажиллахыг МҮЭ-ийн холбоо, олон нийт хүсэн хүлээж байна.
3.Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гурвалсан Нийгмийн түншлэлийн харилцааг хүндэтгэж үр дүнтэй хамтран ажилладаг, түмэн олныхоо ажил амьдралыг холоос биш ойроос мэдэж ажилладаг, Тогтвортой Засгийн газар байхыг иргэд, олон нийт мөн хүсэн хүлээж байгааг Танд уламжилъя гэжээ.

Дээрх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлж хэлэлцээрийн ширээнд сууж асуудлыг үр дүнтэй хамтран шийдвэрлэхийг ч мөн санал болгожээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж