Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун Намын амийг хөнөөсөн хэргийг шүүх хурал өчигдөр /2017.10.02/ Малайзад эхэлсэн. Куала Лумпур хотын олон улсын нисэх буудалд Ким Жун Намыг химийн хортой бодисоор хордуулж, амийг нь хороосон хэрэгт буруутгаж, хоёр эмэгтэйг яллах гэж байгаа юм.
Индонезийн иргэн Сити Айсия, Вьетнамын Доан Ти Хуонг нарын дээрх хэрэгт буруутгаж, өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд баривчлан саатуулсан. Тэд өчигдрийн шүүх хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй, гэм хоргүй байдлаар бусдаар доог тохуу хийдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсон гэж мэдүүлжээ.
Шүүх хурлын эхний өдөр мөн Ким Жун Намыг нисэх буудалд амиа алдахаас өмнө түүнтэй уулзсан, ярилцсан, үг сольсон гэрчүүдээс мэдүүлэг авсан байна.
НИСЭХ БУУДЛЫН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН ЖУЛИАНА ИДРИС:
Ким овогт халдлагад өртсөн даруйдаа нисэх буудлын лавлах хэсэгт очиж, мэдээллийн ажилтанд ханджээ. Тэр үед Кимийг хүлээж авсан Жулиана “гар нь үл ялиг чичирч байсан, гэхдээ шалтгааныг нь би мэдээгүй” гэж шүүх танхимд мэдүүлсэн байна. Ким түүнд хоёр эмэгтэй араас нь гүйцэж ирээд, дайрсан. Нэг нь ямар нэг зүйлээр нүдийг нь арчсан тухай хэлсэн гэнэ. Жулиана Кимийн хүсэлтээр түүнийг цагдаагийн ажилтантай уулзуулж өгсөн байна.
ЦАГДААГИЙН АЖИЛТАН МОХД ЗУЛКАРНАИН САНУДИН:
Ким Жун Намын нүд нь улайсан, нүүрэнд нь шингэн зүйл түрхсэн болох нь харагдсан гэнэ. Гэхдээ хөлс, эсвэл өөр зүйл байсан эсэхийг хэлж мэдэхгүй гэжээ. Цагдаа эхлээд Ким Чол гэж бичигдсэн БНАСАУ-ын гадаад пасспортыг хараад түүнийг Өмнөд Солонгосын иргэн гэж андуурч бодсон тухайгаа мөн хэлсэн байна.
НИСЭХ БУУДЛЫН СУВИЛАГЧ РАБИАТУЛ АДАВИЯ МОХАМАД СОФИ:
Ким Жун Нам ухаан алдахаас өмнө сувилагч эмэгтэй нойтон салфеткаар нүүрийг нь арчсан байна. Гэсэн ч Ким хөлөрсөөр байгаа мэт харагдаж байсан гэнэ. Ким овогт их зовуурьтай байгаагаа хэлээд, хэн нэг хүн нүүр рүү нь шингэн зүйл цацсан гэж хэлсэн аж.
НИСЭХ БУУДЛЫН ЭМЧ НИК МОХД АЗРУЛ АРИФФ РАЖА АЗЛАН:
Юу болсон тухай асуухад Ким ямар ч хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байсан гэж нисэх буудлын эмнэлгийн эмч мэдүүлжээ. “Анх түүнийг үзэхэд Ким гараараа үсээ зулгааж байсан. Нүд нь маш их улайсан, Ким өөрөө нүдээ тас аньж байсан. Ердийн бус ихээр хөлөрч байсан” гэж Ник мэдүүлсэн байна. Кимийн цусны даралт өндөр, зүрхний цохилт нь түргэссэн, саажилт, таталтын шинж тэмдэг илэрсэн, эрүү, шүдээ тас зууж, нүдний хар нь дээш гүйсэн байдалтай байсан тухай тэрбээр мөн шүүх танхимд хэлжээ.
С.ЦЭЛМЭГ