МАН: Анх удаа сонгогдсон гишүүдээ сайд болгохгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

МАН: Анх удаа сонгогдсон гишүүдээ сайд болгохгүй

Арваад жип хөлөглөсөн бөхчүүдээ дагуулан хамгийн түрүүнд ирсэн нь сүртэй гэж жигтэйхэн.

УИХ-ын намрын чуулганыг нээснээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг үүрэгт ажилд нь томилох цаг хугацаа ойртож байна.

Тэр албандаа томилогдсоноор ямар хүмүүсээр танхимаа бүрдүүлэх бол. Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудлын нэг энэ юм. Нэг хэсэг нь дан дээлтэй голдуу сайд томилох байх гэсэн таамаг дэвшүүлж байгаа бол нөгөө хэсэг нь Ж.Эрдэнэбатын танхимд салбараа сайн удирдсан, хүчтэй, туршлагатай зарим сайдыг улираан ажиллуулах байх гэсэн хүлээлттэй байгаагаа ч мэдэгдэх болсон. 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар МАН энэ удаад УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийг сайдаар томилохгүй байх зарчим баримтлахаар тохиролцжээ. 

Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх намынхандаа ч ийм ам тангараг өгсөн гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд өндөр авч байна. 

Хуулийн төслөө уншаад ойлгохгүй, хуулийн төсөл бичиж чадахгүй нөхөд амбицдаа хөтлөгдөөд сайд болчихвол МАН ч муухай, У.Хүрэлсүхийн танхим ч өрөвдөлтэй л харагдана л даа. Тийм болохоор зөв л зарчим болов уу. 

Одоогоор Ж.Эрдэнэбатын танхимыг унагах кноп дарсан 33 гишүүнээс Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллахгүй гэдэг ам өчгийг хэвлэлийнхэнд өгсөн. Энэ жагсаалт УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Д.Гантулга гээд цааш үргэлжилнэ. 

Тэд хэлсэн үгэндээ эзэн болж энэ удаад сайдын суудлаас татгалзаж чадвал албан тушаалын төлөө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гэх муу нэрээс салж таарна. Нөгөө талдаа шинэ засаг тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. 

Гол нь У.Хүрэлсүх нам дээрээ тохирсон зарчмаа барьж чадах эсэхээс танхимынх нь чансаа, тогтвортой байдал ч шалтгаалах болж буй. 

МАН өнөөдөр УИХ-д 65 гишүүнтэй ч Засгийн газраа огцруулснаас болоод хоёр хуваагдчихсан. 

Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулсан МАН-ын бүлгийн 33 гишүүний үйлдлийг огцруулахыг хүсээгүй 32 гишүүн отоод үг үйлдэл бүрийг нь хянаад сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Шинэ танхимыг шинэ гишүүдээр бүрдүүлбэл хуучин бууны хугархайнууд лав л дуугүй суухгүй л болов уу. Ардчилсан намынхан ч эртнээс үг хаяж, мэргэжлийн дадлага туршлагатай хүнээ сайдад сойхыг санал болгох болсон. 

Тиймээс шинэ Засаг хэрхэн бүрдэхээс хэр урт настай танхим бүрдэх нь шалтгаалах болж байна. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж