Наадамд зодоглох бөхчүүдэд босго тавилаа

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Наадамд зодоглох бөхчүүдэд босго тавилаа

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд хэчнээн сонирхолтой тоглолт болсон уриад байхад үзэгч цөөддөг бол ‘Бөхийн өргөө’-н дэх ямар ч барилдаан асуудалгүй дүүрдэг. Үндэсний бөх яах аргагүй Монголын хамгийн олон үзэгчтэй төрөл. Гэхдээ ард түмнийх нь төрөлхийн ухамсар, уламжлал дээр суурилж ирсэн ямар ч агуу соёлыг цаг үеэ мэдэрч, уялдуулахгүй бол хэзээ нэгэн цагт үзэгч, сонсогчгүй болно. Уламжлал, шинэчлэлийг хослуулахын бодит жишээг унаж, босож ирсэн сүмо бөхөөс бид харж мэдсэн.

Үндэсний бөхийн холбоо, монгол бөхийн барилдаан, менежменттэй холбоотой шүүмжлэл байнга гардаг болсон нь хоёр бөхийн холбоо, хоёр тэргүүний асуудлаас тусдаа зүйл юм. Бөхийн холбоог хэн тэргүүлэхээс үл хамааран үндэсний бөх спорт, тулаан, өрсөлдөөний нэг хэлбэр юм бол одоогийн хэдэн үзэгчдээ авч үлдэхийн тулд зайлшгүй шинэчлэгдэх цаг нь болсон.

МҮБХ-ны одоогийн тэргүүн Р.Нямдоржийг бөхийн хүрээний нэг хэсэг хүмүүс эсэргүүцэн, Цэцдийн зөвлөл хуралдаж, Л.Чинбатыг тэргүүнээр сонголоо гэх үйл явдал өрнөсөн ч яг өнөөдрийн байдлаар Р.Нямдорж МҮБХ-ны тэргүүнээр, Д.Данзан дэд тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Тус холбооны өмнөх “Их Эе” хүчин төгөлдөр болсон эсэх, Р.Нямдорж нарыг үгүйсгэж буй хүмүүс шүүхэд хуурамч баримт гаргаж өгсөн эсэх асуудлууд бие биеэ үгүйсгэх, шалгуулах шатандаа яваа тул энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл алга.

Харин өнгөрсөн долоо хоногт хуралдсан МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас дээрх хүсээд байгаа шинэчлэлтэй холбоотой нэгэн шинэ журам гарсныг онцлоод, тэрхүү журмын онцлогийг танилцуулъя.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өнгөрсөн долоо хоногт /2017.09.27/ хуралдаж, Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам баталжээ.

Бөхчүүдэд босго тогтоож, болзол тавьж буй журмыг аравдугаар сарын 8-наас мөрдөж эхлэх юм байна.

Журмын зорилго бол наадмаас наадмын хооронд болж буй заал, танхимын барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх. Ингэхдээ нийт барилдааныг хугацааны хувьд есдүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн хоёр үечлэлд хуваан, бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцохын аль алийг зохицуулахаар заажээ.

Бөхчүүдэд тавих шаардлага
 

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг дараах байдлаар тогтоожээ.

  • 35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.
  • 30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь /10 удаа/-д оролцон барилдана.
  • 29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь /14 удаа/-д оролцон барилдана.

Гэмтэж бэртсэн тохиолдолд: Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй аж. 
 

Гарьдаас дээш цолтнууд 
барилдах бүртээ урамшуулал авна

 

Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдаанд оролцох бүртээ дараах нэмэгдэл урамшууллыг авах ажээ.

  • Аварга цолтон 330 000 төгрөөг
  • Арслан цолтон 220 000 төгрөг
  • Гарьд цолтон 110 000 төгрөг

Улсын аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 2 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно (Нийт 4 бөхөд олгоно).

Улсын аварга, арслан, гарьд цолтнуудаас жилийн туршид барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 10.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Улсын заан, харцага, начин цолтой бөхчүүд барилдааны үе бүрд барилдвал зохих барилдааныхаа хувийг биелүүлсэн болон давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 4 бөхөд барилдааны үечлэл бүрийн төгсгөлд тусгай урамшуулал олгоно (нийт 8 бөхөд олгоно).

Улсын заан, харцага, начин цолтнууд барилдвал зохих барилдааныхаа хувийг давуулан барилдсан бол барилдааны тоо, амжилтаараа тэргүүлсэн 1 бөхөд наадмын өмнө “Үзэгчдээ дээдлэгч бөх” цом, 5.0 сая төгрөгийн урамшуулал олгоно.

Хариуцлага: Болзол хангаагүй бөхийг
улсын наадамд барилдуулахгүй

 

Жил бүрийн 9 дүгээр сараас 11 дүгээр сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.

Жил бүрийн 9-11 дүгээр сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.

Цагаан сараас 4 дүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна.

Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, эвээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана гэхчлэн журамлажээ.

Энэ журам улсын цолтой бөхчүүдийн унтаа байдлыг сэргээж, хариуцлагыг нэмэгдүүлэхэд зохих хэмжээгээр дөхөм болох боломжтой. Цаашлаад Үндэсний бөхийн барилдааны дүрэмд, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахад ч хэрэгтэй байж болох юм. Үндэсний бөхийн холбоо саяхан Монгол бөхийн барилдааныг дүрс бичлэгээр шүүх эсэх асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулсан. МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангийн ахалсан ажлын хэсгийнхэн удахгүй техникийн дэвшил, камерын бичлэгийг барилдааны шүүлт, маргаанд ашиглах талаар дүрэм өөрчлөх хэмжээнд санал боловсруулж чадвал тэр нь олон жил маргасан сэдэвт цэг тавих чухал ажил болох учиртай.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж