Байгалийн музейг нурахыг хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Байгалийн музейг нурахыг хүлээх үү?

Оюутолгойн гэрээний асуудал төрийн ордонд халуун сэдэв хэвээр байна.

Байгалийн түүхийн музей. Гэрэл зургийг Н.Батмөнх /2017.10.02/

Өнгөрсөн жил БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Кын Хе Монголын Байгалийн түүхийн музейг буцалтгүй тусламжаар барьж өгөхөө амласан. Уг амлалтыг биелүүлэхээр БНСУ-аас музейн барилгыг барих 12 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны ажлын хэсэг Монголд ирж,  ажил урагштай байсан ч газрын асуудлыг шийдээгүйгээс гацаанд оржээ. 

Сурвалжлага бэлтгэхээр Төрийн ордны баруун хойд талд орших Байгалийн түүхийн музейн хуучин байранд очиход өргөтгөлийн 200 м.кв хүрэхгүй талбайд тус музейнхэн ажлаа хийцгээж байв.  Газар хөдлөхөд тэсэж үлдэх боломжгүй болсон энэ барилгыг 2013 онд Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэн хаасан байдаг юм. Сурвалжлага бэлтгэх үеэрээ Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатартай ярилцлаа.


Н.Зоригтбаатар: БНСУ-ын ажлын хэсГИЙНХЭН
сэтгэл дундуур буцсан

 

Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар

-БНСУ Байгалийн түүхийн музейг буцалтгүй тусламжаар барьж өгөхөө амласан. Гэвч өнөөдрийг хүртэл ажил эхэлсэнгүй. Газрыг хэн шийдэх ёстой вэ? 

-Ганцхан жилийн дотор их зүйл өөрчлөгдөж байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард /2016.07.19/  БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Кын Хе Монгол Улсад тусгай айлчлал хийхдээ Монголын ард түмэнд бэлэгтэй ирсэн. Ингэхдээ “Танай ард түмэнд Байгалийн түүхийн музейн барилгыг шинээр барьж өгье” гэж амласан. Ингэж хэлсний дараа над руу олон хүн утасдаж, баяр хүргэсэн. Бид БНСУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад ирэхдээ барилга байгууламж барьж өгнө гэдгийг мэдэж байсан. Тухайн үед цэцэрлэг, сургууль, коллеж гэх мэт 15 орчим төсөл яригдаж, музейн барилга шалгарсан юм. Бид үүнд шалгарахын тулд бүтэн хоёр жил хөөцөлдсөн. БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Кын Хег Монголд айлчлахаас хоёр сарын өмнө  /2016.05.17.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилсан. Энэ үед бид Ерөнхийлөгчөөрөө дамжуулан БНСУ-ын ерөнхийлөгчид асуудлыг тавьсан. Эхлээд бид Монгол Улсын Ерөнхийлөгчдөө музейн барилгын асуудлыг ойлгуулсан. Энийг яривал маш урт түүх болно. Бидний зүгээс БНСУ-ын томоохон музей болон КОЙКА /Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ -гийн  Азийн газрын холбогдох хүмүүстэй олон дахин уулзаж, энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон байсан юм. 

-Тэгэхээр газрын асуудал шийдэгдэхгүй байгаа нь юутай холбоотой юм бэ? 

-Монголд БНСУ-аас музейн барилгыг барих 12 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны ажлын хэсэг өнгөрсөн оны аравдугаар сард /2016.10.15/ ирсэн. Уг ажлын хэсгийг БНСУ-ын Гадаад яамны газрын дарга, КОЙКА-гийн Азийн газрын захирал нь тэргүүлж, мэргэжлийн эдийн засагч, инженер, дизайнеруудтай ирсэн. Тэгтэл Монголд ирээд  л шууд газрын асуудалтай тулгарсан. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхад Ерөнхийлөгчийн тамгын газраас над руу утасдаад “Таныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хувилбартай газрын аль нэгийн сонгож болно. Тэгээд нэн даруй салбарын сайд Лу.Гантөмөрт бичиг яаралтай өгч, сайдын бичгийг Э.Бат-Үүл даргад өг” гэсэн. Би тэр даруй хоёр цагийн дотор газраа үзээд, салбарын сайддаа хэлж, маргааш нь Э.Бат-Үүл даргад бичгээ хүргүүлсэн. Гэтэл манай улсад УИХ-ын сонгууль болж өнгөрсний дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Уг нь БНСУ-ын талаас манай музейн үзмэрүүдийг үзээд маш сайн бэлдсэн байна. Одоо музейн шинэ барилгынхаа газрын асуудлыг л шийдээрэй” гээд явсан. 

Буцаад ирэхэд нь нөгөө амласан газар байхгүй болсон. Уг нь БНСУ-ын талаас томилогдсон ажлын хэсэг шинэ хотын даргатай хоёр ч удаа уулзсан боловч газар өгөхгүй гэсэн хариуг сонссон. Би нөгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх  гурван га газраа үзүүлээд “Энд л яг болж байна” гээд байдаг. Гэтэл хотын удирдлагууд дэд бүтэцгүй Морингийн даваа, Ургах наран хороолол, Ногоон нуур гэсэн гурван газрыг зааж өгсөн. Эдгээр газруудыг БНСУ-ын мэргэжлийн инженер нь үзээд музейн барилга барих боломжгүй гээд гомдоод явсан. Одоо БНСУ-ын талаас “Манай улсын шинэ засгийн газар дөнгөж бүрэлдэж байна. Магадгүй ирэх 11, 12 дугаар сард гадаадын тусламжтай холбоотой асуудлаар танай музейг танилцуулах байх” гэсэн хариуг өгсөн. Өнөөдөр үзмэр нь байна. Байшин нь байхгүй болчихоод байна.

-БНСУ-ын талаас музейн шинэ барилгыг барих төсөлд хэчнээн төгрөг зарцуулах тооцоо гаргаад байсан бол?

-БНСУ-ын КОЙКА-гийн байгууллага өөрсдөө тооцоо хийж, 53.8 сая ам.долларын төслийг ярьж байсан. Энэ бол асар том төсөл. Монголын соёлын салбарт ийм том төсөл орж ирээгүй. Хэрэв бид энэ мөнгөөр музейгээ барьж чадвал Ази тивийн төрөлжсөн Байгалийн түүхийн хамгийн том музей болно. Ийм 15 мянган метр кв талбайтай музей Хятад, Солонгост ч байхгүй. Хэрэв БНСУ-ын засгийн газар амласнаа биелүүлбэл одоо байгаа энэ газраас 10 дахин том талбайд музейн барилга барихыг шаардаж байгаа. Ингэснээр бид 2-3 давхар том талбайтай, гадаад орчинг цогцоор шийдсэн байгууламжтай болох юм. 
 

МУЗЕЙН ӨРГӨТГӨЛД 20 АЖИЛТАН
ҮЗМЭРЭЭ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

 

Байгалийн түүхийн музейн хуучин барилга ашиглалтад орсноос хойш 60 гаруй жилийн настай болжээ.  Нийт 42 танхимтайгаар хаалгаа нээж байсан. Үүнээс хойш 13 мянган үзмэртэй болжээ. Өргөтгөлийг хожуу барьсан тул түүндээ музейн бүх үзмэрийг хадгалж байгаа юм. Тус музей нийт 42 ажилчны орон тоотой ч 20 хүнээ л ажиллуулж байна. Үүнд эрдэм шинжилгээний ажилтан,  чихмэл хийдэг мэргэжилтнүүд, муудсан үзмэрээ сэргээн засдаг хүмүүс багтжээ.  Тэд “Музейн үндсэн үйл ажиллагаа зогссон учраас шинэ барилга байшинтай болбол үзмэрээ музейд байрлуулахад бэлэн болсон байх ёстой” гэдгийг хэлж байв.

“Өнгөрсөн жаран жилийн хугацаанд олон үзмэр маань муудсан. Жишээлбэл ургамлын, шавьжны төрлийн үзмэрүүд олон жил болохоороо хатаж, хагдарч унаад алга болчихдог. Тэр үзмэрүүдийг сэргээж, засварлах ажлыг сүүлийн гурван жил хийж байна. Мөн амьтдын муудсан чихмэлүүдээ шинэчилж, сэргээн засварлах ажлаа хийгээд л байж байна” хэмээн тус музейн захирал Н.Зоригтбаатар ярилаа.
 

ДЭЭВРИЙН ЧИМЭГЛЭЛ ХЭЗЭЭ МӨДГҮЙ УНАХААР БОЛЖЭЭ
 

Музейн дээврийн элэгдэж, хуучирсан чулуун чимэглэл хэсэг

 

Газар хөдөлбөл хамгийн түрүүнд нурах барилгын нэг энэ аж. Гэхдээ дээврийн хэсэгт байрлах уран барилгын хийцтэй чимэглэлүүд хэзээ ч хүн дээр унаж мэдэх эрсдэлтэй болжээ. Энэ чимэглэл дунджаар 12-14 кг жинтэй.   Байгалийн түүхийн музейн барилгын үйл ажиллагааг 2013 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын болон соёлын байцаагчийн хамтарсан дүгнэлтээр бүрэн зогсоосон байна.
 

Музейн удирдлагын зүгээс гэнэтийн аюул ослоос сэрэмжилж, мэргэжлийн хяналтын байгууллагад хамгаалалтын хашаа барих хүсэлтийг тавьсан гэнэ. Гэвч Улаанбаатар хотын төвд байрладаг байшинд хашаа татахыг хориглодог учраас өнөөдрийг хүртэл болгоомжлох арга хэмжээ авч чадахгүй байгаагаа музейн ажилтнууд учирлалаа.Энэ талаар музейн захирал Н.Зоригтбаатар ярихдаа “Бид аргаа бараад тууз татаад, анхааруулаад сууж байна. Байшин нурахгүй ч барилгын чимэглэл унах аюултай байгаа. Газар хөдөлвөл хамгийн түрүүнд нурах барилга юм” гэлээ.
 

 Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж