Зэсийн “цоорхой”-г бусад нь нөхөв | News.MN

Зэсийн “цоорхой”-г бусад нь нөхөв

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Зэсийн “цоорхой”-г бусад нь нөхөв

Зэсийн “цоорхой”-г бусад нь нөхөв

Эдийн засгийн төрөлжилтийн эхний шинж илэрлээ

Зэсийн орлого буурав. Сүүлийн 40-өөд жил Монголын эдийн засгийн зүтгүүр байсан шаргал металлын экспортод эзлэх жин багасаж байна. 2015 онд нийт экспортын 48 хувийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлдэг байсан бол өдгөө энэ үзүүлэлт 25 хувь болтлоо буурчихаад байна. Энэ оны эхний найман сард гэхэд зэсийн баяжмалын экспор тын орлого өмнөх оны мөн үеийнхээс 10 орчим хувиар буурч, 1.03 тэрбум ам.дол ларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хэдийгээр олон улсын зах зээлд тонн зэсийн ханш өнгөрсөн оныхтой харьцуулахад өндөр байсан ч баяжмал дахь зэсийн агууламж буурсан нь экспортын орлого багасах үндсэн шалтгаан болсон байна.

Тиймээс зэсийн баяжмалын экспортын орлого энэ оны эхний найман сард 130 сая ам.доллараар багасчээ. Гэхдээ энэ “цоорхой”г бусад түүхий эд нөхжээ. Энэ онд нүүрсний орлого урд өмнө үзэгдээгүй өсөж, экспорт нь түүхэн дээд цэгтээ хүрсэн. Зэсийн уналтыг нүүрс нөхсөн биз гэж уншигч та таамаглаж болох юм. Гэхдээ нүүрсний орлогыг салгаж, тусад нь авч үзвэл бусад бүтээгдэхүүн, түүхий эдийн өсөлт зэсийн уналтыг нөхжээ.

Тодруулбал, нүүрснээс гадна төмрийн хүдэр, цайр, жонш тэргүүтэй бусад түүхий эдийн экспортын хэмжээ нэмэгдэж, зэсийн уналтын цоорхойг бөглөхүйц хэмжээний орлого олсон байна. Тухайлбал, төмрийн хүдэр болон түүний баяжмалын экспортын орлого 41 хувиар өссөн. Мөнгөн дүнгээр 60 сая ам.доллараар дээшилж, 205 саяд хүрчээ. Хэдийгээр хилийн чанадыг чиглэсэн төмрийн хүдэр ба түүний баяжмалын биет хэмжээ 100 мянган тонноор буурсан ч олон улсын зах зээлд тус түүхий эдийн ханш өндөр байсан нь ахиу орлого олоход нөлөөлсөн байна. Өмнөх оны өдийд 40 ам.долларт хэлбэлзэж байсан тонн төмрийн хүдрийн ханш өнгөрсөн хоёрдугаар сард 80 ам.доллар шүргэж өссөн. Одоогийн байдлаар 62 ам.долларт хүрээд байна.

Үүнээс гадна цайраас ч чамлахааргүй орлого олсон. Тус түүхий эдийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсчээ. Цайрын ханш өссөн нь орлогыг өөд татсан байна. Энэ оны 3-7 сарыг эс тооцвол цайрын ханш цойлсон. Өнгөрсөн оны өдийд 2200-2300 ам.долларт хэлбэлзэж байсан цайрын ханш даваа гарагийн байдлаар 3162 ам.доллар болтлоо өсчихөөд байна. Цайрын баяжмалын экспорт эхний найман сард нийт 24 сая ам.доллараар өсөж, 118 сая ам.долларт хүрчээ. Мөн жоншны орлого ч нэмэгдсэн. Жоншны хүдэр ба баяжмалын экспорт гэхэд 10 сая ам.доллараар нэмэгдсэн нь ч орхиж болохгүй үзүүлэлт. Мөн молибдений хүдэр ба баяжмалын биет хэмжээ болон орлого өссөн.

Ингэснээр өмнөх оны наймдугаар сарын байдлаар 16 сая ам.доллартай тэнцэж байсан молибдений хүдэр ба баяжмалын худалдааны орлого 23 сая ам.долларт хүрчихээд байна. Тэрчлэн түүхий газрын тосны экспорт 27 орчим сая ам.доллараар өссөнийг ч дурдах хэрэгтэй. Уул уурхайн эдгээр түүхий эдээс гадна онцолж болох нэг өсөлт бий. Ноолуур тойрсон өсөлт экспортод дэм болжээ. Ялангуяа, самнасан болон бохир ноолуурын экспорт нийт дүнгээр 32 сая ам.доллараар өсчээ. Ингэснээр түүхий ноолуурын экспортоос Монгол Улс 211 сая ам.долларын орлого олсон байна. Түүхий ноолуураас гадна энэ төрлийн түүхий эдээр хийсэн бараа, бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгджээ. Тухайлбал, сүлжмэл пальто, цув, хүрэмний нийлүүлэлтийн орлого хоёр дахин нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болно. Тиймээс ч албаныхан энэ төрлийн барааны дүнг тусгайлан тооцож, гаалийн газрын мэдээлэлд тусгадаг болчихож.

Монгол Улс өнгөрсөн оны мөн үед 1.1 сая ам.долларын сүлжмэл пальто, цув, хүрэмний нийлүүлэлтийн бүтээгдэхүүн хилийн чанадад худалдаж байсан бол энэ оны эхний найман сард 2.6 сая ам.долларт хүргэжээ. Монгол Улс ноолуур, нэхмэл бүтээгдэхүүнээс 233 сая ам.долларын орлого олсон. Ийнхүү экспортын орлогод ноолуурын нөлөө нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бус экспортын орлого тэлж буй нь энэ. Тэгвэл уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхээр зорьж буй Монгол Улсад үүнээс сайхан мэдээ гэж юу байх билээ. Өнөөг хүртэл уул уурхай Монголын эдийн засгийн гол хүч хэвээр байгаа нь үнэн. Гэхдээ уул уурхай дахь эдийн засгийг тулах баганын тоо нэмэгджээ.

Одоогоос хэдэн жилийн өмнө зэс Монголын эдийн засгийн ганцхан найдвар байсан үе бий. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр гэхэд манай төсвийн орлогын бараг 30 хувийг дангаар бүрдүүлдэг. Тэгвэл өдгөө төсөв ч, экспорт ч тэр олон салаа орлогын эх үүсвэрээр тэжээгдэж байна. Товчхондоо, түүхий эдийн салбар ганц бус олон тулгуураас бүрдэж буй нь энэ. Монголын эдийн засгийн өнгийг тодорхойлж байсан зэсийн “жин” багасаж, нүүрс сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, экспортын хэмжээнд түрэн орж ирлээ. Энэ онд гэхэд нүүрсний экспорт нийт экспортын 40-өөд хувийг дангаараа бүрдүүлжээ. Дээрээс нь зэс, алт, цайр, жонш, цаашлаад ноолуур гээд өсөлтийг тэтгэх орлогын үүсвэрүүд ч бий болоод байна.

• Төмрийн хүдэр, цайр, жонш тэргүүтэй бусад түүхий эдийн экспорт сайжирчээ.

• 2015 онд нийт экспортын 48 хувийг зэсийн баяжмалын экспортоос олсон бол өдгөө энэ үзүүлэлт 25 хувь болтлоо буурчихаад байна.

Энэ нь бидний олон жил ярьж, мөрөөдөж буй солонгорсон эдийн засгийн эхний шинж болохыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр тодотгосон юм.

Мөн хэдийгээр ноолуураас бусад нь бүгд уул уурхайн түүхий эд боловч дотор нь эрчим хүчний түүхий эд, үнэт болон үйлдвэрлэлийн металл гээд зориулалт, төрөл, зах зээлийн хувьд ялгаатай бүтээгдэхүүнүүд манай экспортын багцад багтсан. Энэ ч зах зээлийн аливаа савлагаанд харилцан адилгүй хариу үйлчлэл үзүүлэх боломж олгоно. Өөрөөр хэлбэл, нэг түүхий эдийн үнэ уналаа гээд бусад нь дагаад уруудах эрсдэлээс тэр хэрээр хол гэсэн үг. Ийнхүү экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, нэг нь нөгөөгөө нөхдөг болсон нь үнийн шуурга даган савладаг Монголын эдийн засаг тогтворжихын эхлэл болно.

Г.БАЙГАЛ

Эх сурвалж: ‘засгийн газрын мэдээ’ сонин

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-10-03 202.70.33.242

zesiin gargah hemjee buurlaa geed bayarlaad baih yam ug ni zesiin gargah hemjee ni buurahguigeer harinch nemegdeed eksportiin hemjeend ezleh huvi ni buursan bol bayarlah heregtei shuu dee

Avatar

mongol 2017-10-03 182.160.0.152

Tuuhii ediin beltgen niiluulegch uls baihaa bolimoor bn aa buteegdehuun bolgovol hed nugalah boldoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж