Арван саяын ашигтай ачилтын бизнес | News.MN

Арван саяын ашигтай ачилтын бизнес

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Арван саяын ашигтай ачилтын бизнес

Туркийн нийслэл Истанбул хот хоёр эх газраас бүрдсэн дэлхийн цорын ганц хот юм.

Хувийн компаниудын олсон орлого улсын төсөвт төвлөрдөггүй

Саяхны нэг өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлчихээд гараад иртэл машиныг маань ачаад явчихсан байв. Урьд нь ийм асуудалтай тулгарч байгаагүй учир хаана хандахаа мэдэхгүй нааш цааш алхан хэсэг будиллаа. гэтэл хажуунаас нэг хүн “Машиныг чинь ачсан. Замын цаад талд зогсож байгаа цагдаагаас асуучих” гэж зөвлөв. Цагдаагаас машиныг хаашаа ачсан болохыг тодруулахад нэгэн дугаар өгөв. Уг дугаар руу залгатал улсын дугаар асуугаад “Манайд байхгүй байна” гээд өөр нэг дугаар өглөө. Нөгөө газар руу нь залгаж, лавлатал бас л манайд ирээгүй байна гэв. Энэ маягаар нийт 10 журмын хашаа руу утас цохисон ч тусыг эс оллоо. Ингээд хамгийн сүүлд холбогдсон хүн 18001200 утаснаас лавлахыг зөвлөсөн юм. Гэвч нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн харьяа “Улаанбаатар сонсож байна” мэдээллийн лавлах утас 18001200 руу залгатал автомат хариулагч нь ажлын өдрүүдэд 08.0017.00 цагт холбогдоно уу гэсээр тасарчихлаа.

Арга мухардаж, санаа зовж эхэллээ. Ингээд Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ)-д ажилладаг танилаасаа тусламж хүсэж, дүн бүртгэлийн хүнийхээ дугаарыг өгснөөр машиныхаа байршлыг тогтоосон юм. Энэ зуур иргэд машин ачилтын цорын ганц лавлах утас 1800-1200 ажиллахгүй үед хаанаас машинаа олдог юм бол гэсэн бодол төрснийг нуух юун. Учир нь машин ачилтын хувийн компаниудад амралтын өдөр, ажлын тогтсон цаг гэж байдаггүй аж. Ингээд машинаа авахаар 32- ын тойрогт байрлалтай журмын хашаанд очив. Нэлээд том хашаан дотор эвдэрсэн, эвдрээгүй гээд барагцаагаар 50 гаруй машин байв. Хашаан доторх жижигхэн байшинд машин ачилтын төлбөр хураадаг хүмүүс ажилладаг аж. Автомашины улсын дугаараа хэлээд ачилтын хураамж болох 60 мянган төгрөгийг бэлнээр эсвэл дансаар шилжүүлснээр машинаа авах боломжтой.

Хэрэв машин ачсанаас хойш 24 цаг хэтэрсэн тохиолдолд нэг өдрийн торгууль болох 5000 төгрөгийг нэмж төлөх ёстой. Намайг машинаа авахаар хүлээж зогссон ердөө 10-хан минутын хугацаанд миний араас таваас зургаан хүн цуварсаар орж ирлээ. Үнэндээ машин ачилт бизнес болчихсон гэдгийг сонсож байснаас биш нүдээр үзэж байсангүй. Эндээс харахад, машин ачилтын компаниуд Улаанбаатарт хамгийн зардал багатай хэрнээ хамгийн ашигтай бизнес эрхэлдэг үү гэсэн бодол төрлөө.

Тиймээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ачилтын компаниуд хэдэн төгрөгийн ашиг олдог нь сонирхол татаж, судалгаа хийж үзлээ. Нийслэлийн хэмжээнд машин ачилтын үйлчилгээ үзүүлдэг 17 компани нийт 96 ачигч машинтай үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сонирхолтой нь, 17 компанийн ердөө нэг нь төрийнх буюу ЗХУТ-д харьяалалтай бол бусад нь хувийн өмчийн компаниуд юм. Түүнчлэн нийт 96 ачигч машины 12 нь л ЗХУТ- ийнх. ЗХУТ-ын Ачиж журамлах албаны ахлах Б.Бат “Манай машинууд өдөрт 1-2 машин ачиж, зөөвөрлөдөг. Тэгэхээр хамгийн ихээр тооцвол өдөрт 24 машин ачдаг гэсэн үг. Ачилтаас суутгасан төлбөр, хураамж шууд Төрийн санд төвлөрдөг” гэв.

Тэгвэл ЗХУТ өдөрт 24 машин ачдаг юм бол Төрийн санд өдөрт 1.4, сард 43, жилд 518 сая төгрөгийг төвлөрүүлдэг байх нь. Харин хувийн хэвшлийн 16 компанийн 84 ачигч машины орлогыг нарийвчлан тооцъё. Эдгээр машин өдөрт хамгийн багадаа хоёр машин ачдаг бол өдөрт 10, сард 302 сая, жилдээ 3.6 тэрбум төгрөг олдог юм байна. Эндээс журмын хашааны сарын түрээсийн төлбөрт 5- 8 сая төгрөг төлдөг аж.Үүн дээр журмын хашааны орлого нэмэгддэг болохыг тооцох нь зүйтэй.

Хувийн компаниуд жилийн 3.6 тэрбум төгрөгийн орлоготой

Тэгвэл өдрийн арав гаруй сая төгрөгийн орлоготой ачилтын компаниуд улсад хэдэн төгрөг төвлөрүүлдэгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбатаас тодруулахад “НИТХ-ын 2015 оны арванхоёрдугаар сарын 24-нд гаргасан 33/35 дугаар тоот тогтоолд автомашиныг зөөж, шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоосноос бус хувийн компаниудын олсон орлогоос улсын төсөвт тэдэн хувийг нь суутгана гэж заасан зохицуулалт байдаггүй. Тиймээс хувийн компаниуд орлогоо 100 хувь өөрсдөө авдаг гэсэн үг. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 14 журмын хашаа үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нэг нь ч өөрийн хашаандаа үйл ажиллагаа эрхэлдэггүй, бүгд түрээсийнх. Хувийн хэвшлийн компаниуд ачилтаас олсон орлогоороо түрээсээ төлж, хүмүүсээ цалинжуулдаг ” гэлээ.

Энэхүү ярианд итгээгүй учир автомашин ачиж, журамлахтай холбоотой гаргасан гурван төрлийн дүрэм, журмыг сөхөж харлаа. Гэтэл автомашин ачиж, шилжүүлэхтэй холбоотой Хууль зүйн сайдын гаргасан журам, НИТХ-ын 33/35 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжид хувийн компаниудын олсон ашгийн тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн утга бүхий нэг ч үг, өгүүлбэр хайгаад олсонгүй. Эндээс төр ямар муу менежер болох нь тодхон харагдаж байна. Үнэндээ иргэдийн халаасыг цэвэрхэн гэгч нь тэмтэрч байгаа энэ үйл ажиллагаа төрд ямар ч ашиггүй, хэдэн хувийн компаниудын далд бизнес болж хувирчээ.

 

Уг нь, төр менежмент сайтай байгаад хувийн компаниудын орлогоос тодорхой хэмжээний мөнгийг улс, нийслэлийн төсөвт суутгаж, тэр мөнгөөр нийслэлд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод буй автомашины зогсоолыг шийдэж болно шүү дээ. Түүгээр ч үл барам хэдэн жилийн өмнөөс л нийслэлчүүдийг хошгоруулж байгаа давхар зогсоол барих төслийн хөрөнгийг босгочих боломж дээрх тооцооллоос харагдаж байна. Жилийн 3.6 тэрбум төгрөгийн орлогтой ажилладаг хувийн компаниудын нэг тэрбумыг нь улсын төсөвт төвлөрүүлээд байвал нэлээд хэдэн зогсоол байгуулах боломж бүрдэнэ.

Тэрчлэн НИТХ-ын тогтоолд тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх компанийн ачигч машины тоог 100-аас ихгүй, түр саатуулах хашаа тус бүрийн нийт талбайн хэмжээг 2000 ам метрээс доошгүй байхаар тусгасан байдаг аж. Гэтэл өнөөдрийн байдлаар ачигч машины тоо хэдийнэ 96-т хүрчихсэн, энэ төрлийн үйлчилгээг шинээр эрхлэх хүсэлтэй компаниуд байгааг эх сурвалж хэлж байна.

Мөн журмын хашааны хэмжээ, стандарт тогтоосон хэмжээнд байдаггүй нь асуудал дагуулж буй. Журамд зааснаар бусдын эд хөрөнгийг хохироохгүйн тулд журмын хашааны талбайг цементээр хучих шаардлага тавьдаг ч бодит байдал дээр стандарт мөрддөг компани цөөн байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар төвийн зургаан дүүрэгт нийт 162 гудамж, зам байна гэсэн судалгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргажээ. Тэдгээрийн 73 гудамж, замд нэгдүгээр эгнээнд автомашин байрлуулахыг хоригложээ. Тодруулбал, тодорхой нэршил бүхий 73 газарт машинаа байрлуулбал ачиж, журамлах үйл ажиллагаа явагдана.

Харин эдгээр газрыг хувийн 16 компанид хувааж өгсөн байдаг аж. Хэрэв тухайн байршилд ачилтын үйл ажиллагаа явуулах ёсгүй компани машин ачсан бол иргэн 60 мянган төгрөг төлөхгүй байх эрхтэй юм байна. Иргэдэд мэдээлэл олгох эрхийнхээ хүрээнд аль байршилд ямар компани ачилт явуулах зөвшөөрөлтэй болохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтнээс асуусан боловч “нууц” гэсэн тайлбарыг өглөө. Харин ЗХУТ- ын хувьд бүх газраас машин ачих зөвшөөрөлтэй байдаг аж. Тэрчлэн НИТХ-ын тогтоолд чухал хоёр заалт байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ачилтын компаниуд цэцэрлэг, сургуулийн хичээл тарах цагаар тухайн орчны зам талбайгаас ачилт хийхгүй байхыг тусгайлан заажээ. Тэрчлэн эмнэлгийн ойр орчимд 30 минутын доторх хугацаанд түр зогссон тээврийн хэрэгслийг ачиж, журамлахыг хориглосон байдаг юм байна.

Мөн уг тогтоолд замын хөдөлгөөний дүрэмд хориглосон газарт зогссон мөн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх цагийг 08.00-20.00 цагт байхаар тогтоожээ. Энэ мэтчилэн иргэдэд хэрэгтэй зүйл, заалтыг тэд төдийлэн мэддэггүй. Үүнээсээ болж хохирсоор байна. Тиймээс өдөртөө л арван саяын ашигтай ажилладаг ачилтын компаниудад төрөөс хяналт тавьж, цэгцлэх шаардлага тулгараад байгааг анзаарах эрх мэдэлтэн байна уу.

Б.Бямбасүрэн

Эх сурвалж: ‘засгийн газрын мэдээ’ сонин

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-03 202.9.43.208

Зам тавих нэрээр бух зогсоолыг нь устгаж хаяж байгаад ачилтын бизнесээ эхлуулсэн шуудээ гонконгын нарийхан зам дээр хуртэл 1 эгнээг нь машины зогсоол болгоод тэр гудамжны уйлчилгээний байгуулагууддаа боломж гаргаж огдог зарин тов зам дээр нь бол ямар ч машин тавихгуй

Avatar

Зочин 2017-10-03 182.160.37.148

15 нь батүүл халзан баттулга хоёрын компани.

Avatar

Зочин 2017-10-03 122.201.31.199

ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ТЭДЭНД ТИЙМ ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГЫГ БИД Л ӨӨРСДӨӨ ОРУУЛЖ ӨГӨӨД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. МАШИНАА ЗӨВ ПАРКЛААД Л СУРЦГААЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2017-10-03 122.201.31.199

Зайдуухан тавиад хэд алхаад орчих газар хамаг машин түгжиж гацаагаад зогсоод байдаг бэртэгчингүүд маш ихэсч байна. Ачих л хэрэгтэй. Хаана ч тийм л байдаг

Avatar

ККККК 2017-10-03 66.181.160.1

[Хориотой Үг] ШИГ Л АЧДАГ с** НАР ДАА

Avatar

зочин 2017-10-03 66.181.188.204

Ачилт бол зөв шүү. Зам таглаад тавьчихсан машинууд үнэхээр тэвчээр бардаг.
Хамгийн гол нь цаг ямар хайран байдаг гээч. Ачаад бай ачаад бай.

Avatar

Зочин 2017-10-03 103.9.88.242

Эмнэлэгийн гаднаас ачиж байгаа нь бас 2 талтай шүү бас. Өвдөж зовсон хүн чамаар дуусахгүй Дараагийнхаа хүнийг ирэхэд зөрөх боломжгүй машинаа орхисон бол ачихаас өөр яахын. Өвдөж зовсон гэдэг нь хаана ч хамаагүй тал дээр багаам шиг машинаа хая гэсэн үг биш Дараагийн хүндээ боломж олго.

Avatar

Сүхээ 2017-10-03 103.9.88.242

Бүхэл бүтэн эгнээ 1 урсгал хаагаад машинаа хаячихсан малын машиныг ачиж шилжүүлээд эгнээг чөлөөлж байгаа нь мөнгөн бус ашиг шдээ. Төр муу менежер биш энэ ажилд бүүр ч мэнэж хийх хэрэггүй. Ачилтынхныг дампууруулах амархан шдээ. 1 эгнээнд дүрэм зорчиж машинаа тавихаа л боличих Тэгээл гүйцээ. Дүрэм зөрчөөд ачуулсан бол хүртэх ёстойгоо хүртэж.

Avatar

Зочин 2017-10-03 202.9.43.208

Ардчилсан лаллар хуллгайч нарын санаачилсан бизнес шуу дээ одоо машин ачих гудамжаа цоохон болгоочээ лаллар [Хориотой Үг] убын бух гудамжнаас машин ачих захирамж гаргасан байлээшдээ

Avatar

Erdenee 2017-10-03 27.123.214.2

Mashinaa zuv tavij sur, hen ta naryg hamaagui end tend tavi gesen um, er n ene ulam saijrah heregtei, soeltoi soelgui umnuud haa hamaagui tavih n zui es bish, ene business ulam saijrah heregtei

Avatar

Зочин 2017-10-03 122.201.19.99

Үнэн байна би 1-р эмнэлэг ороод иртэл ачсан байсан эмнэлэгт яаруу сандруу өвчтэй хүн үзүүлэхээр очиход зогсоол байхгүй ядаж хаанаа аваачсан яаж холбогдохыг бичээгүй байсан их ажил болсон жип машин жижиг машинаар ялган аваачиж жижиг машинд торгуул төлүүлдэг юм байна лээ хуулиар бол цагдаа хамт байлцан зөвшөөрөл өгсөний дараа ачих ёстой юм байна лээ тэд худалаа сүүлд нь цагдаагаар зуруулдаг юм байна лээ энэ бол сүлжээ бизнес юм байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж