ЗГ-ын бүтцийг өөрчлөх шаардлагатай юу?

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

ЗГ-ын бүтцийг өөрчлөх шаардлагатай юу?

Хүн 39 км-ийн өндрөөс дэлхий рүү унавал юу үлдэх бол...

УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээснээр хууль тогтоогчид ажилдаа орлоо.

Энэ удаагийн намрын чуулганаар 2018 оны төсвийн хуулийг хэлэлцэхийн зэрэгцээ шинэ Ерөнхий сайдыг томилж, шинэ Засгийн газрыг байгуулна, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэх зэрэг олон чухал асуудал хүлээгдэж байна. Намрын чуулганаас юу хүлээж байгаа талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Намрын чуулганы эхний өдрүүдэд хэлэлцэх асуудлуудын нэг нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн. Ялангуяа Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ нэр цэвэр ажил хэрэгч, хариуцлагатай мэргэжлийн баг бүрдүүлээсэй гэж хүсэж байна. Засгийн газрын бүтцийн асуудалд багагүй цаг хугацаа зарцуулах байх.

2018 оны төсөв хэлэлцэх ёстой. Одоогоор эдийн засаг өсөлттэй байна гэж тайвшрах болоогүй. Эдийн засгийн ерөнхий бүтэц сайжраагүй хэвээр байгаа. Ялангуяа өрхийн орлого өсөлтгүй, бодит сектор амжилттай байна гэж хэлэх эрт байгаа учраас төсвийг маш чамбай батлах ёстой. Урсгал зардлаа танах, ирээдүйд мөнгө олох экспортыг дэмжсэн  хөрөнгө оруулалтаа түлхүү явуулах хэрэгтэй болов уу гэж харж байна.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

– Энэ жилийн намрын чуулганаар Засгийн газрыг байгуулна.  Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан зөв зүйтэй ажлыг үргэлжлүүлэх бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Засгийн газрыг байгуулахдаа бүтцээ өөрчилж,  тулгуур зарчмаа алдахгүй байх нь зөв гэж би бодож байгаа. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлаа хангах үүднээс эдийн засгийн асуудал хариуцсан төв байгууллагатай болмоор байгаа юм. Энэ нь эдийн засгийн асуудлыг өнөө, маргаашаар тодорхойлдог бус алс ирээдүйг хардаг, бодлого, төлөвлөлт, анализ хийдэг, алдаа дутагдал дээрээ ирээдүйгээ тодорхойлдог байгууллага байх ёстой. Тэр нь Үндэсний хөгжлийн газрыг Үндэсний хөгжлийн яам болгож болно. Эдийн засгийн аюулгүй байдлаа бодсон ч эдийн засгийн урт хугацааны бодлого тодорхойлдог яамтай байх нь хамгийн зөв юм.

. -УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол Засгийн газрын тэргүүн, түүний бүтцийг томилох. Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын бүтцийг өөрчлөх ёстой, өөрчлөх ёсгүй гээд олон байр суурь явж байна. Миний хувьд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байгаа. Засгийн газар хөгжлийн бодлогоо орхигдуулснаас огцорсон. Тиймээс шинэ Засгийн газар хөгжил, бодлогоо өөрчилж байж, урагшилна. Засгийн газрын бүтцэд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох ёстой.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Засгийн газын танхимаа яаралтай бүрдүүлж, томилох ёстой. Засгийн газрын бүтцийн хувьд өмнө нь сайд хийж байсан хүмүүсийг дахин сайдаар томилох шаардлагагүй гэж би үзэж байгаа. Өмнө нь сайд хийж байхдаа зөв бодлого хэрэгжүүлсэн бол өнөөдөр ийм байх байсан уу гэдгийг бодох хэрэгтэй. Ард түмэн зөв, шударга, зоригтой хүмүүсийг сайдаар томилоосой гэж хүсч байна. Мөн УИХ-ын гишүүн сайд хийхгүй байх буюу давхар дээлгүй байх шаардлага тавьж байна. УИХ Засгийн газрыг хянаж, чиг үүрэг өгч ажилладаг. Гэтэл УИХ-ын гишүүд нь сайд болчихоор хяналт тавих боломжгүй, чиг үүрэг өгөх боломжгүй болоод байгаа юм. Шинэ Засгийн газар хэмнэлтийн горимоор ажиллахыг шахаж, дэд сайдаасаа татгалзах, яамдын тоог бууруулах, ядаж нэмэхгүй байх ёстой гэсэн саналтай байгаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Намрын чуулганаар хэлэлцэх маш чухал асуудал бол Засгийн газрын бүтэц. Шинэ Засгийн газрын бүтэц дээр бидний байнга ярьж байсан ашиг сонирхлын зөрчил, давхар дээл, дэд сайдууд гээд анхаарах олон зүйл бий. Дахиж алдаж болохгүй гэж үзэж байгаа учраас энэ талаар Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй зөвшилцөнө.

Намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр ярьж байгаа. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжинэ. Гэхдээ ард нийтийн санал  асуулга явуулсны дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай  байгаа. Мөн Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцөл, улстөрийн намуудын  саналыг бүрэн хангаж байж хэлэлцэх ёстой хууль юм. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж