Шалдан хоцорлоо, зөвшилц

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Шалдан хоцорлоо, зөвшилц

Улаанбаатар хотын нэг өрөө байрны дундаж үнэ нь 53.9 сая төгрөг, хоёр өрөө байрны дундаж үнэ 74.8 сая төгрөг, 3 өрөө байрны дундаж үнэ 94.6 сая төгрөг байна.

Сарын цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан багш нарт Ерөнхий сайдад нэр дэвшигч “боломжгүй” гэдэг тайлбар хэлэнгүүт  хугацаагүй ажил хаялтаар далайлгаж үзэж байна.

“Бойкот” анхных биш болохоор энэ мэдээнд бүгд л дөжирчээ. Гэхдээ бас зөнгөөр нь орхичихож болохгүй байгаа.

Эрхийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг нь буруутгах аргагүй ч эдийн засгийн боломжгүйг мэдсээр байж, хүүхдийн сурах эрхэнд халдах хүртэл асуудлыг хурцатгаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.

Өнөөдөр хэддүгээр зуун билээ, ямар нийгэмд амьдарч байгаа билээ, багш нар гэдэг хэн билээ. Ширээний ард суугаад зөвшилцөх, ойлголцох аргууд олон атал зөвхөн “Тэмцэнэ, босно, ажил хаяна” гэдэг ганц л тайлбартайгаар нийгмийг өдөөн турхирч буй нь үнэхээр харамсалтай.

Төр багш нарт сарын 1.6 сая төгрөгийн цалин олгодог болохын тулд өргүй, төсөв нь алдагдалгүй байх ёстой. Гэтэл улсын төсөв жил бүр 2.6-2.5их наяд гаруй төгрөгийн алдагдалтай батлагдаж байна. Хэрэв Олон улсын валютын сангийн хөтөлбөр зогсвол төсвийн алдагдлаа санхүүжүүлэх эх үүсвэр үгүй болж, юун цалин нэмэх, цалин, тэтгэврээ цаг хугацаандаа багтаан тавих чадал ч үгүй болох эрсдэл хүлээж буй.

Гэтэл багш нарын байж буй царайг хар даа, ажил хаялтаараа сүрийг үзүүлсээр өвөлтэй золгох нь.

Үнэндээ бол Монголын нийгэмд өнөөдөр ганцхан багш нар бага цалин авдаг, цаг наргүй хөдөлмөрлөдөг гэж бичвэл эндүүрэл болно. Эмч, сувилагч, цагдаа, гал сөнөөгч гээд унтах ч эрхгүй, амрах ч эрхгүй олон төрийн албан хаагч авч байгаа цалингаасаа давсан өндөр ачаалалттайгаар ажиллаж явна.

Зээлтэй нь ч ганц багш нар биш. Хувь, хувьсгалгүй байрны, цалингийн, хашаа байшингийн, авто машины, сургалтын, малчны гээд олон төрлийн зээл төлдөг.  Ялгаагүй л цалингийнхаа 60 хувийг зээлдээ суутгуулчихаад дараа сарын цалингаа буутал гүрийхээр зүтгэж л яваа.

Гэтэл багш нарын тайлбараар бол ганцхан тус салбарынхан хэтийдсэн ачаа үүрч, ганцхан багш нар зээлээ төлж чадахгүй зүдэрч яваа гэх.

Уг нь төр багш нарын ажлыг ур чадвараар нь үнэлж, цалинжуулдаг байсан бол өнөөдөр голоод байгаа цалингаа хэд нь бүтнээр нь авах байсан бол… Ингэж бодож үзсэн багш байна уу.  Харамсалтай нь, алга,  цалин хөдөлмөрийн бүтээмжтэй уялдаж өсөх ёстой гэдэг ойлголттой нэг ч багш алга.  

Жил ирэх тусам сурагчдынх нь сурлагын чанар уруудаж, сургалтын хөтөлбөр нь  хүн ойлгохын эцэсгүй болж хувирсан байтал зөвхөн цалин нэмчихвэл бүх асуудал шийдэгдэх мэт улстөрийг энэ саруудад хийлээ.

Одоо буулт хийцгээ, амьдралынхаа хөрсөн дээрээ бууцгаа.  Бодит үнэнтэй эвлэрч, зөвшилцөлд хүрэхийг хичээ.  

Хэтэрхий ихийг шаардаж байж, шалдан үлдэж буйгаа мэдэцгээж байна уу.  Хэн нь ч энэ бойкотоос хожихгүй. Эцсийн дүндээ Монголын багш нар мэдлэггүй, мэдрэмжгүй, увайгүй гэдэг нэр л зүүж үлдэнэ.  

Цалинг 1.6 сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломжгүйг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо ч мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай.  Гэтэл ажил хаялтыг нь  дэмжээд, дэвжээгээд яваагийн цаана улс төрийн захиалга бий юм биш биз.

Дахиад хэлье, энэ ажил хаялтын эцсийн хохирогч нь багш нар өөрсдөө болж хувирч болзошгүйг эрх биш гадарлаа биз ээ гэж найдъя. Шалдан хоцрохоосоо өмнө зөвшилц.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж