Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч VS спикер

Ерөнхийлөгч VS спикер

УИХ-ын намрын чуулганы нээлтэн дээр Х.Баттулга анх удаа Ерөнхийлөгчийн хувиар оролцож үг хэллээ. Нөгөө л гучин гэр бүлийн сэдвээсээ халиагүй түүний үг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болоод эдийн засагт болгоомжлол хүлээлт үүсгэв.

Ирэх онд төлөх ёстой өр зээлийг эрх баригчдад сануулж, ОУВС-гийн нөхцөлүүдэд өөрчлөлт оруулахыг парламентынханд анхааруулж, цаашлаад уул уурхайн салбарт төрийн оролцоог нэмэгдүүлэх бодолтой байгаагаа ил шулуухан илэрхийлжээ. Уул уурхайн баялгийн тэгш бус хуваарилалт бол шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны гол сэдвийн нэг байсан. Тиймээс ч “Улс нь баялагтай байгаад иргэд нь өртэй байх аваас баялгийг ашиглах утга учир юунд байх юм бэ” хэмээн асуужээ.

Мөн “Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой”-г анхааруулаад “Байгалийн баялгийн ногдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох”-ыг зөвлөлөө.

Мэдээж, баялгаа үнэ цэнэтэй болгохын тулд Монгол Улс экспортын төмөр замтай болох ёстойг Ерөнхийлөгч юу эс андах вэ. Дэлхийн эрчим хүчний гол зах зээл болсон Хятадын хажууханд орших Монголын хамгийн сайн коксжих нүүрс гэхэд үнэ цэнэгүй хэвээр л байгаа.

“Газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч’ байгааг хөндөөд энэ нь “үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүссэн” гэлээ.

Харин спикер М.Энхболд үгэндээ “УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар огцорсон ч УИХ дахь олонхи буюу эрх баригч намаас сонгуулийн үеэр иргэддээ өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого, хөтөлбөр хэвээр байгаа. Шинээр бүрдэх Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой”-г сануулж, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг УИХ тууштай дэмжинэ гэдгийг тодотгосон юм.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа У.Хүрэлсүх ч ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэдгээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр амалсан.

Спикерийн үг бүхэлдээ эрх баригч нам, шинэ засагт хаяглагдсан. Тодруулбал, “Шинэ Засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, сорилт шалгуур чамгүй бий”-г сануулаад өрийн хэмжээ нимгэрэх болоогүйг анхааруулсан.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр зээлийн үлдэгдэл 19.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж буй юм.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёулаа хатуу өвөл ирж буйг анхааруулж, багш, эмч нарын цалин нэмэх боломжийг эрэлхийлж, эв нэгдлээ хичээж ажиллахыг онцолсон нь төрийн хоёр өндөрлөгийн байр суурь нэгдсэн нэг сэдэв байлаа.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж