Хаврын тариалалтыг эрт эхлүүлнэ | News.MN

Хаврын тариалалтыг эрт эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалтыг эрт эхлүүлнэ

Тариаланчид талбайдаа гарах цаг дөхжээ. Хаврын тариалалт, уринш бэлтгэх гээд хавар цагт намраас дутуугүй их ажил өрнөдөг, тариалангийн талбайд. Тэгвэл энэ жилийн хувьд тариалах үр хүрэлцээтэй эсэх, үрийн буудайг хэчнээн төгрөгөөр үнэлж буй талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.

-Энэ жилийн хаврын тариалалтад 8000 тонн үрийн буудай дутагдахаар байгаа. Аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн захиалгаар тэр шүү дээ. Энэхүү үрийн буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадагалагдаж байгаа импортын болон дотоодын нөөцөөс нөхөн олгох юм. Тонн буудайг 630 мянган төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд 30 хувийн урьдчилгаа авч, үлдсэн 70 хувийг нь намрын борлуулалтаас нь авах юм.

-Энэ жилийн хаврын тариалалтын үеэр шатахуун зээлээр өгөх үү?

-Уринш боловсруулалт, хаврын тариалалтад зориулж шатахуун зээлээр олгохоор гэрээ хийж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан НИК ХК-тай өнөөдөр гэрээ байгууллаа. Шатахууныг 20 хувийн урьдчилгаагаар олгоно. Үлдсэн 80 хувийг мөн намар авна.

-Энэ жилийн өвөл урьд урьдаас хүйтэн, хур тунадас ихтэй байлаа. Хавар, зуны хувьд ямар байх бол. Та бүхэн ажиглаж танадав уу?

-Энэ жилийн дулааны улирлын төлөв байдлын мэдээ өчигдөр л гарч байна. Урьдчилсан мэдээнээс харахад энэ жилийн тариалалтыг жаахан эрт эхлүүлэх нь зөв юм болов уу гэж бодогдож байна. Маргааш эрдэмтэдтэйгээ зөвлөнө. Дарханы Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд манай яаманд ирнэ. Урьдчилсан мэдээнээс харахад ирэх 6,7 дугаар сар хур бороо элбэгтэй, харин наймдугаар сар халуун байх төлөвтэй байна.

Д.Цэцэн

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж