УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.02/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэлээ. Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч болон шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаа болон бодлог, хэрэгжүүлэх ажлын талаас саналаа нэгтгэж, Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй зөвшилцөхөөр болсон байна. Тус намын бүлгээс Засгийн газарт тавигдсан үндсэн шаардлагуудаас гадна бодлогын Засгийн газар байгуулах, шинэ бүтцээр ажиллах, ашиг сонирхлын зөрчилгүй байх, үндсэн чиг үүргийн яамд нь давхар дээлтэй бусад яамд нь дан байх, 2018 оны төсөв, багш, эмч нарын цалин, хүүхдийн мөнгө зэрэг асуудалд ямар байр суурь баримтлах талаараа ярилцсаны дараа УИХ-ын чуулганы хуралдаанд нэр дэвшигчийг дэмжих эсэхээ шийдэхээр болсон байна. Ялангуяа багш, эмч нарын цалингийн асуудлыг шийдэх, хүүхэд бүрт олгох мөнгийг тасалдуулахгүй олгох зэрэг асуудалд онцгой анхаарах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм байна.
Түүнээс гадна тус намын бүлэг намрын чуулганаар хэлэлцэх гол гол төслүүд дээр саналаа нэгтгэсэн байна. Тухайлбал, 2018 оны төсөв, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх, банк санхүүгийн системийн бүтцийн хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барих иргэдийг өрийн дарамтаас гаргах зэрэг хуулийн төслүүдэд онцгой анхаарч ажиллахаар болсон байна. Мэдээллийн дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Шинэ Засгийн газар аливаа асуудлыг болохгүй, бүтэхгүй талаас нь хараад байх юм бол ямар эрсдэл ард түмэнд үүсэх вэ?
-Багш, эмч нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Энэ бол багш нарын цалингийн тухай асуудал биш. Энэ бол Монгол Улсын шинэ үеийг бэлтгэхэд суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх вэ гэдэгт асуулга өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж цалин хүссэн хэмжээгээр нэмэх боломжгүй ч шинэ үеэ бэлтгэхэд багш нарын ур чадварт уялдсан цалингийн шинэчлэл энэ улсад хэрэгтэй. Энэ бол боловсролын системийн өөрчлөлтөд хэрэгтэй учраас энэ талаас нь асуудалд хандаасай гэж Ерөнхий сайдад нэр дэвшигчээс хүсч байна. Хүүхэд бүрт олгох мөнгө байна уу байхгүй юу гэдэг асуудал биш. Цөөхөн хүн амтай Монголд хүүхдийн мөнгө бол хүн амын өсөлтөд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харах хэрэгтэй. Бусад төрлийн халамжаас илүү энэ асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэйг шинэ Засгийн газар ойлгох ёстой. АН-ын бүлэг энэ байр сууриа асуудал хэлэлцэх үед илэрхийлээд явна.
-Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа юу?
-Ардчилсан намаас өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал солилцоно. Санал солиолцоход хэр зэрэг нөхцөл байдлыг ойлгохоос шалтгаалж, УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх байр сууриа илэрхийлнэ.
-Засгийн газрын бүтцийн асуудалд АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ. Яамдын бүтцийг нэмэх, хасах гэх мэт шаардлага тавьж байгаа юу?
-Асуудал яамдын тоонд биш Монгол Улсын тогтвортой хөгжлийн хүрээнд бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой. Жишээлбэл, Тогтвортой үзэл баримтлалд тогтовортой хөгжлийн үзэл баримтлалыг хангахын тулд төрийн захиргааны төв байгууллага байгуулах тухай шийдвэр байдаг. Эдийн засгийн хөгжлийн асуудлаар энэ Монгол Улсад нэгдсэн бодлого хэрэгжүүлэх төрийн төв байгууллага байгуулах шаардлагатай гэсэн саналаа АН-ын бүлэг илэрхийлж байгаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэсэн. Санал асуулгыг цаг хугацааны хувьд хэдийд явуулах тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Ард нийтийн санал асуулгыг хугацаа нь эрт, орой нь хамаагүй. УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаас өмнө бусад улстөрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага гээд тал талын байгууллагуудтай ойлголцож байж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа, бүлэг. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа томоохон өөрчлөлт оруулахгүй байх нь зөв гэж үзэж байгаа.
Ш.ЧИМЭГ