УИХ, ЗГ, намууд авлигаар тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.02-нд нийтлэгдсэн

УИХ, ЗГ, намууд авлигаар тэргүүлжээ

Азийн сан, ‘Сант марал’ төвтэй хамтран Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох (SPEAK) судалгааг 18 дахь удаагаа хийсэн байна.

Иргэд авлигад хамгийн их өртсөн байгууллага, салбараар 11 жилийн туршид газрын алба, улс төрийн нам, Засгийн газар, УИХ болон уул уурхайн салбарыг нэрлэжээ.

Манай хууль тогтоодог, түүнийг биелүүлдэг хоёр гол байгууллага, улсын нэр нүүр болсон газрууд яагаад ийм болов гэдэг нь анхаарал татаж байна. Өөрсдийг нь төлөөлж төрийн эрх барьж байгаа УИХ-ын гишүүд, хууль хэрэгжүүлэх дээд байгууллага, Засгийн газрын гишүүд авлига хамгийн их авдаг гэж хариулсан нь төрд итгэх иргэдийн итгэл үгүй болсныг судалгаа ийнхүү нотолж байна. Үүнээс гадна улс төрийн намууд авлигад хамгийн их өртдөг гэсэн иргэдийн хандлага сүүлийн жилүүдэд өсчээ.

2006-2014 онуудад авлигад хамгийн их өртсөн байгууллагаар газрын алба, гааль, уул уурхай, шүүх, цагдаагийн байгууллага, прокурор, мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн тендер шалгаруулдаг байгууллагуудыг нэрлэдэг байж. Тухайн үед улс төрийн намууд, хууль тогтоох байгууллагыг авлигад өртсөн гэж зургаан удаагийн судалгаанд дурджээ.


Харин 2014 оноос хойш авлигад өртдөг байгууллагуудын жагсаалтаас шүүх хасагдсан байна. Үүнийг шүүхийн салбарт шинэтгэл хийгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм. Учир нь, 2013 оноос эхэлсэн  шүүхийн шинэтгэлийн үр дүн гэхээс өөр аргагүй. Шүүхэд авилга байхгүй болсон нь юу л бол. Гэвч иргэд шүүхэд хийсэн өөрчлөлтийг ийнхүү дүгнэж, итгэдэг болсон байна.

Үүнээс гадна засгийн эрхийг авах эцсийн зорилготой бүлэг хүмүүсийн нэгдэл болох улс төрийн нам авлигад хамгийн их өртдөг байгууллагаар “шалгарч” байгаа нь анхаарал татаж байна. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг Монголын авлига УИХ, Засгийн газар, улс төрийн намуудаас эхэлдэг гэж иргэд үзжээ. Авлигатай тэмцэх ажлын дүн ийм л байна.

Азийн сан энэхүү судалгааг Улаанбаатар хот болон аймаг, сумдыг хамруулан насанд хүрсэн иргэдээс ганцаарчилсан ярилцлага авах хэлбэрээр хийдэг аж.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж