Зууны дуулиант аллагын сэжигтнүүдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Зууны дуулиант аллагын сэжигтнүүдийг шүүнэ

БНХАУ-ын Эрээн хотын хийлийн боомт энэ оны эхний найман сарын ажлын тайлангаа гаргажээ.

Гуравдугаар сарын тэр нэг өдөр утас нь хангинан дуугарах үед Асриа Нур Хасан ердийн л өдрүүдийн адилаар зах дээр аваачиж зарах бараа таваараа бэлтгэж суужээ. Харилцуурын цаанаас охиных нь дуу сонсогдов. Малайзын шоронгоос гэрийнхэндээ хэл дуулгахаар утас цохисон нь тэр байж.

Хасаны охин Сити Айсия өөр нэг вьетнам бүсгүй Доан Ти Хуонгийн хамт 21 дүгээр зууны хамгийн дуулиантай аллагын хэрэгт буруутгагдаад байгаа юм. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун Намын амийг санаатайгаар хөнөөсөн хэргийн гол буруутан нь тэд гэгдэж байгаа. 

Тэднийг шүүх хурал өнөөдөр /2017.10.02/ Малайзын нийслэл Куала Лумпурт эхэлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол хоёул цаазын ялаар шийтгүүлнэ.

“Би маш их цочирдсон. Уйлахаас өөр яаж ч чадаагүй” гэж өдгөө Хасан ярьж байна. CNN агентлагийнхан Индонезийн Серанг хотоос холгүй орших Ранкасумур тосгон дахь Хасаны гэрт хүрч очжээ.

“Гэм буруугүй гэдэг нь нотлогдох учиртай. Хэн нэгэнд ашиглуулчихаагүй  л бол миний охин хэзээ ч тийм зүйл хийхгүй” гэж Хасан ярьжээ.

ТЭР НЭГЭН ӨДӨР…

Ким Жун Нам өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Макао руу нисэх гэж байгаад Куала Лумпурын нисэх буудалд бусдад хорлогдож, амиа алдсан юм. Түүнийг VX гэх тархи, мэдрэлд хүчтэй нөлөөлдөг химийн хортой бодисоор хордуулж, амийг хороосон.

Малайзын хууль, хяналтын байгууллагынхан энэ хэрэгт Айсия, Хуонг нарыг буруутгаж, Хойд Солонгосын эрх баригчдын тусгайлан бэлтгэсэн агентууд гэж хардаж байгаа юм. Пхеньян харин үүнийг эрс эсэргүүцсээр байгаа.

Хоёр эмэгтэй өөрсдийгөө хэн нэгнийг дөнгөж, тоглоом шоглоом хийдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож, Ким Жун Намын нүүрийг химийн хортой бодисоор арчсан гэж мэдүүлсэн юм. Өмгөөлөгч нар нь ч мөн тэгж мэдэгдэж байгаа.

Танихгүй хүний нүүрэнд биеийн шингэн тос, улаан лоолийн шүүс нялах даалгавар авч, телевизийн нэвтрүүлэгт жүжигчний үүрэгтэй оролцсон гэж Айсиягийн авга эгч нь дүүгийнхээ тухай хэлсэн юм. Индонез улсаас Малайзад суугаа Элчин сайдын орлогч ч мөн Айсия тэрхүү химийн хортой бодисыг хүүхдийн биеийн тос гэж бодсон гэж мэдэгдэж байв.

Хамгаалалтын албаны камерын бичлэгээс харахад хоёр бүсгүй Ким Жун Намын араас нь гүйцэж очоод, нүүрэнд нь ямар нэг үрчихээд гүйгээд явж буй дүрс үлдсэн байдаг. 

Дараа нь Ким овогт мэдээллийн цэг дээр очиж тусламж хүсчээ. Түүнийг тэр даруйд нь нисэх буудлын эмнэлэгт хүргэж, улмаар түргэн тусламж дуудсан байна. Гэвч Ким Жун Нам халдлагаас хойш 20 минутын дараа, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ. Хожим Кимийн нүд, нүүрнээс шинжилгээ авсны дараа VX гэх мэдрэлд шууд нөлөөлдөг химийн хорт бодисоор хордуулсан болохыг тогтоосон юм.

Сэжигтэн хоёр бүсгүй хэрэг гарахаас өмнөх өдрүүдэд томоохон худалдааны төвүүдээр явж, хүмүүсийн нүүрэнд элдэв зүйлс түрхсэнийг батлах бичлэг илрүүлснийг Малайзын цагдаа нар мэдэгдсэн юм. Энэ нь “чухал өдөр”-төө бэлтэх сургуулилт байсан гэж тэд үзэж байна.

Түүнээс гадна Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Хойд Солонгос тэдгээр хоёр эмэгтэйг “гишүүнээр элсүүлсэн” тухай мэдээлэл ирүүлсэн талаар Сөүлийн хууль, хяналтын байгуулагаас мэдэгдсэн.

“ГЭМ БУРУУГҮЙ НЬ ТОГТООГДОХ БОЛНО”

Шүүх хурлын эхэн үед үхлийн шалтгааныг эцэслэн нотлохын тулд эмгэг судлаач, химич мэргэжилтнийг шүүх танхимд дуудна. Дараа нь арав, арваннэгдүгээр сард гэрчүүдээс мэдүүлэг авна. Улмаар он гараад мэтгэлцээний шатанд шилжинэ гэж таамаглаж буйгаа Доан Ти Хуонгийн өмгөөлөгч Хисьям Тех Пох Тейк хэлжээ.

“Шүүх хурлаас түүний гэм буруугүйг тогтооно гэдэгт Доан итгэлтэй байгаа”…

Малайзын цагдаа нарт баривчлагдахынхаа өмнө Айсия “Малайзад кино зураг авалтад оролцох ажил олсон” тухай утсаар аавдаа дуулгасан гэнэ.

“Бид ийм юм болно гэж огтхон ч төсөөлсөнгүй. Охин минь анхнаасаа энэ бүхэнтэй холбоотой байсан гэж бодохгүй байна. Хүмүүс түүнийг ашигласан байх” гэж Хасан хэлжээ.

Хасан хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард охинтойгоо утсаар холбогджээ. Түүнээс хойш сураггүй байгаа гэнэ.

“ОХИНОО МАШ ИХ САНАЖ БАЙНА”…

Муу санаатай хүмүүс охиных нь зөөлөн, аядуу зан байдлыг ашигласан гэдэгт Хасан итгэж буй ажээ. Тэрбээр охиноо өгөөмөр сэтгэлтэй, энэрэнгүй, өөрийн биеэ сүсэг бишрэлдээ зориулсан нэгэн гэж тодорхойлов.

“Охиноо маш их санаж байна. Өмнөөс нь маш их шаналж байна. Энэ бүхэнд итгэж чадахгүй юм. Охинд маань хэн ийм муухай зүйл хийдэг байна вэ?

Хойд Солонгос ба Малайзын харилцаанд сэв суулгасан энэ аллагад Хуонг, Айсия нарыг сургаж, бэлтгэсэн гэх дөрвөн хүнийг сэжиглэж байгаа. Тэд өдгөө Хойд Солонгост байгаа гэх бөгөөд тэднийг Малайзын талд шилжүүлэн өгөх шинжгүй байгаа ажээ.

Хасан ямартай ч охиныхоо гэм буруугүй гэдэгт итгэж, шүүх үүнийг тогтооно гэдэгт найдаж байгаа. Хамгийн сүүлд охинтойгоо ярихад тэр эцгийнхээ залбирлыг л хүссэн гэнэ. “Аав аа, миний төлөө залбираарай. Энэ бүхэн хурдан дуусаасай гэж залбираарай. Тэгвэл бүх зүйл сайнаар эргэж, би гэртээ хурдан очих болно. Аллах тэнгэр надад тусална, намайг хамгаална, намайг Малайзаас авна” гэж охин нь эцэгтээ сүүлийн удаа хэлжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж