-Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн 40,9 хувиар буурчээ-
НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Жон Х. Нокс Монгол Улсад анх удаа ажиллаж, хүний эрх, эрх чөлөө, байгаль экологид үзүүлж буй нөлөөллийг судалсан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг/2017.09.27/-т тайлан тавихдаа, “Орон нутгийн иргэдийг нийслэл Улаанбаатар хот руу шилжихэд хязгаарлалт тогтоосон нь хүний эрхийг зөрчиж буй хэлбэр. Амьдрах газраа чөлөөтэй сонгох хүний эрхтэй зөрчилдөж буй энэ шийдвэр ямар ч нөхцөлд үр дүнгүй байх магадлалтай” хэмээн тодотгосон юм.
Үнэхээр ч ийм хязгаарлалт үйлчлээд арван сар өнгөрч байна. Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэлх нэг жилийн хугацаанд хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдол газар авч, агаар бохирдох гол нөхцөл болсон нүүрс түлж амьдарч буй иргэдийн олонх нь хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэд байгаагаас дээрх шийдвэрийг гаргахад хүрсэн. НҮБ-ын шинжээчийн дүгнэснээр хүний эрхийн зөрчилд тооцогдож буй энэхүү шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сард цуцлах уу гэдэгт одоогоор хариу алга. Олон улсын конвенци, гэрээ хэлэлцээрт зааснаар хүний эрх зөрчиж байгаа төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан захирамж гаргах болсон шалтаг, шалтгаан нь агаарын бохирдол. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаар хот руу ирэгсдийн хөл татарсан уу гэсэн асуултын хариуг бид албаны хүнээс тодрууллаа.
Улсын бүртгэл оюуны өмчийн газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг хэлэхдээ:
– 2016 оны эхний хагас жилд аймаг, хөдөө орон нутгаас нийслэл хот руу 24 496 хүн шилжин ирж бүртгүүлсэн байдаг. Тэгвэл 2017 оны эхний хагас жилд 14 457 хүн шилжин иржээ. Энэ нь шилжилт хөдөлгөөн өмнөх оныхоос 40,9 хувь буюу 10 039 хүнээр буурсан нь харагдаж байгаа. Энэ оны эхнээс эрүүл мэндийн шалтгаанаар болон Улаанбаатар үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй тохиолдлоос бусдаар нийслэлд ирэхийг хязгаарласан. Энэ нь нийслэлийн агаар, хөрсний бохирдолтой холбоотой. Хөдөөнөөс ирж буй хүмүүсийн олонх нь гэр хороололд суурьшдаг. Нэг айл ирэхэд нэг яндан нэмэгдэж байдгаас дээрх шийдвэрийг гаргахад хүрсэн гэдгийг онцолъё.
–Хөдөөгийн иргэд албан ёсоор бүртгүүлэлгүй гэр хороололд суурьшаад байх магадлалтай юм биш үү?
-Тийм байх магадлалтай. Хөдөөнөөс ирээд олон сар жилээр бүртгүүлээгүй хүмүүс цөөнгүй байдаг. Ийм хүмүүс сонгуулийн жилд ихээр гарч ирдэг. Иргэд сонгууль өгөхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлэхээр хүсэлт гаргадаг. Тиймээс ч сонгуулийн жилд шилжин ирэгсдийн тоо өсдөг тал бий гэлээ.
Албаны хүний тайлбараас харахад хөдөөнөөс хот руу шилжин ирж бүртгүүлж буй хүмүүсийн тоо багагүй хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл хязгаарлалт тодорхой хэмжээнд үр дүн авчирчээ гэж харагдана. Гэвч амьдрал баян. Зөвхөн эрүүл мэндийн шалтгаан болоод орон сууц, байр байшин худалдан авсан тохиолдолд л нийслэлийн иргэн болно гэдэг дэндүү өрөөсгөл. Хот хүрээнд ажил албанд орох, оюутан хүүхдүүдээ дагаж ирэхээс эхлүүлээд нийслэл хот руу тэмүүлэх түм буман шалтгаан бий. Амжиргаагаа залгуулах боломж хаана байна тэр зүг рүү тэмүүлэх нь хүний л ёс. Түүнийг хүчээр хорьж цагдаж байсан гашуун түүх бидэнд бий. Социализмын үеэс улбаатай хот руу орж ирж буй иргэдээс татвар хураамж авдаг тогтолцоо 2000-аад оны эхэн хүртэл үргэлжилсэн юм даг. Үндсэн хуулийн заалт юугаа барин байж болиулсан, хариуд нь нийслэл хот батганы үүр болсон. Тэгэхээр аливаа шийдвэр бологонд сайн саар тал бий. Харин саарыг нь сайжруулах боломж бололцоо сүүдэрт нь нуугдаж байдаг.
2017 оны эхнээс хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай захирамж гарсны дараа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-өөр хэлэлцэж байсан. Тухайн үед ҮАБЗ уг захирамжийг бүрэн дэмжиж, хэрэгжих хугацааг нь сунгасан ч буруудахгүй гэж үзсэнийг сайн санаж байна. Үндсэн хууль зөрчсөн энэхүү захирамжийг цуцлуулах талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан хүн өнгөрсөн 10 сард гарсангүй. Үнэнд гүйцэгдэнэ гэгч болсон биз. Намрын эхэн сараас зуны эхэн сар гартал бүтэн есөн сарын турш утаан урхин дунд аж төрж байгаа болохоор утаа үйлдвэрлэгчийн талд зогсох зүрхтэн төрсөнгүй бололтой. Ямартай ч шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг сөрж зогссон хүн алга.
Нөгөөтэйгүүр 2016 онд нийслэлээс хөдөө рүү шилжсэн иргэдийн тоо, хот руу ирсэн хүмүүсээс давсан үзүүлэлт гарчээ. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас өмнө ийм дүн гарч. Энэ нь аймаг орон нутаг хөгжиж, хот хөдөөг холбосон автозамын сүлжээтэй болсон нь нөлөөлсөн байхыг албаны хүн үгүйсгэсэнгүй. Үнэхээр ч аймаг, сумыг хотоос ялгаагүй хөгжүүлж, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, дэд бүтцээр ханган, байр орон сууцтай болгочихвол заавал хот руу тэмүүлэх хэрэг юун. Төрж өссөн уул, усаа түшин амьдрахыг илүүд үзэх хүмүүс зөндөө бий. Тиймээс хотыг утаанаас, хөрс, усны бохирдлоос аврах гарц нь хөдөөг хөгжүүлэх юм биш үү.
Холбоотой мэдээ