Хэлэх үг М.Энхболдын аманд бий

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хэлэх үг М.Энхболдын аманд бий

УИХ-д 26 кноптой байсан намаа 65 суудалтай болгож, магтаал, сайшаалд бялууртлаа булагдаж, будагдаж явсан М.Энхболдын эрин, хов хор болгоны ард нэр нь байнга сонсогддог хотын фракцын ноёрхол дуусч байна.

Ердөө нэг жилийн өмнө өрөөнийх нь үүдэнд өнжин хонон дугаарлаж байсан Ардын намын албан тушаал горилогчид өнөөдөр М.Энхболдыг чичилж, эсрэгээрээ У.Хүрэлсүхийг улдан долоож эхэлсэн нь бодит үнэн. Өнгөрсөн сонгуулиас хойших өчнөөн үйл явдал, өрнөл үргэлжлэл, 60 тэрбумын бичлэг, завсар, зайгүй урвалт шарвалт, увайгүй хэрүүл зэрэгт тэр өнөөдөр ч хариу хэлээгүй байгаа. Гэвч, түүнд үгээ хэлэх өдөр ирэх нь мэдээж.

Улстөрч хүн тойрч гардаггүй ялалтын амт, ялагдлын гашууныг ханатлаа мэдэрч, хангалттай нулимуулж яваа түүний хувьд Монголын улс төрд, Монгол Ардын намд нөлөөтэй хэвээрээ, намын тамгаа өглөө гэхэд ядаж л спикерийнхээ алхтай үлдэнэ.

Аравдугаар сарын 1 өнгөрөгч Ням гаригт таарсан тул УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар намрын  чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Намрын чуулганы нээлттэй зэрэгцэн НИТХ-ын шинэ даргыг тодруулна. Ирэх Пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилно гээд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш “үзэгчдээ” уйдаахаа байсан МАН-д шинэчлэл явагдах уу, шилжилт хөдөлгөөн хийгдэх үү гэдгийг ирэх цаг өдрүүд харуулах биз.

МАН шинэчлэгдэх нь нийгмийн захиалга уу?
2021 онд зуун жилийнхээ ойтой золгох, Монголын 96 жилийн түүхийг бичилцэж яваа, улс төрийн голлох хоёр хүчний хувьд Монголын улс төрийг шинэчлэх нь МАН-д өгсөн сонгогчдын гэрийн даалгавар байв. Гэв чиг Монголын улс төрийг өөрчлөхийн тулд МАН өөрөө шинэчлэгдэх ёстой. Гэхдээ Ж.Эрдэнэбатыг У.Хүрэлсүхээр, Ц.Сандуйг С.Амарсайхан эсвэл Д.Баярсайханаар солих төдийгөөр МАН-ын шинэчлэл явагдахгүй. МАН бол Монголын улс төрийн ууган институц. Сүйрлийн ирмэгт ирсэн энэхүү институцийг удирдах эрх өнөөдөр хотын фракциас зүүний хүчнийхэнд шилжиж байна. Энэ шилжилт хөдөлгөөний эцсийн зорилго нь зөвхөн эрх мэдэл байвал зуун жилийнхээ ойг МАН гудамжинд тэмдэглэх болно.   Иймээс л өчигдөр алга ташин суусан МАН-ынхан М.Энхболдыгоо унагаахын тулд Ж.Эрдэнэбатаар туг тахиж, Ц.Сандуйг сумных нь бай болгосон хэрэг.

Цаг хугацааг ухраавал У.Хүрэлсүхийн мандан бадарч байсан үед МАН ялагдаж, ялагдалд хүрсэн МАН-ыг М.Энхболд босгож ирдэг нь түүхэн үнэн. Гэхдээ МАН-ын дотоод хэрүүл нийгмийн хямрал болтлоо хувирч байгаа нь энэ институц бодлого, дүрмээ өөрчлөх цаг болсныг харуулж буй юм.

МАН-д лидер байна уу?
Өчигдөрхөн  Ардчилсан намын засаглаж чаддаггүйг нь шүүмжилж асан Ардын намынхан өнөөдөр тамираа тасартал зодолдож байна. Эсрэгээрээ өнгөрсөн дөрвөн жил цусаа гартал зодолдсон Ардчилсан намынхан тосоо гартал тэврэлджээ. Гэвч эрх мэдэлд хүрснийхээ дараа АН ч, МАН ч алхам тутамдаа адилхан болохоо харуулсаар.

Найман сарын өмнө Ардчилсан нам шинэ даргаа  сунгаагаар тодруулж асан бол өнөөдөр МАН шинэ Ерөнхий сайддаа чимэг болгож, намын даргаа өгөх үү гэдэг асуудал ид хөндөгдөж байна. Энэ асуудлыг ирэх арваннэгдүгээр сард болох Их хурлаараа эцэслэхээр төлөвлөж буй бөгөөд М.Энхболдыг У.Хүрэлсүхээр солилоо гээд эрх баригчдын зовлон дуусахгүй болов уу. Учир нь, боловсон хүчин сайтай гэгддэг улс төрийн ууган намын хувьд МАН өнөөдөр лидергүй, “могой гурав тасарсан ч гүрвэлийн дайтай, МАН гурав хуваагдсан ч АН-ын дайтай” гэдэг алдарт афоризмаа ч хэлэх тэнхэлгүй болж.

Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг Ардчилсан намаас “захиалсан”, сөрөг хүчний хөгжмийг МАН тоглох дээрээ тулсан гэхээр тус намд лидер байна уу гэсэн асуултыг тавихад хүргэж буй. Өмнө нь Ардчилсан намын дарга С.Эрдэнийг МАН-ын дарга М.Энхболд захиалсан гэх яриа гарч байсныг батлах мэт намын Их хурал нь болоогүй байхад хадаг, сүүтэй угтсан нь жил хүрэхгүйн өмнөх үйл явдал. Алим модноосоо хол унадаггүй гэж. Ардчиллаар овоглож гарч ирсэн Ардчилсан нам болон Монгол ардын намд улаан ба цэнхэр өнгөнөөс өөрөөр ялгарах имиж, үзэл бодол, үнэт зүйл үгүй болжээ. Өөрөөр хэлбэл, ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлсэн Монголын намуудыг шинэчлэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр бодит сонголт бидэнд үлдсэнгүй. Эрх мэдлийн төлөө хонь, чоно болдог Монголын улстөрчид эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй ч ханьсахад бэлэн болсныг харвал шүү дээ. Эцэст нь хэлэхэд, М.Энхболдын аманд байгаа үг их зүйлийг илэрхийлэх болов уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж