ОХУ-ын нийслэл Москва хотод суурилуулсан 160 гаруй мянган хяналтын камерыг хүний царайг таньдаг системд холбогдож эхэллээ. Москва хотын Захирагчийн албанаас мэдээлснээр уг систем хүний царайг таньж улмаар нас, хүйсийн мэдээллийг өгөх юм.
Одоо суурилуулаад байгаа хяналтын 160 гаруй мянган камерын 95 хувь нь иргэд оршин суудаг орон сууцны барилгын ойролцоо байгаа бөгөөд хэрвээ оршин суугчид хүсэлт гаргавал энэ оныг дуустал шинээр камер суурилуулан, нэгдсэн нэг сүлжээнд холбох аж.
Хяналтын камерын бичлэгийг шаардлагатай үед хууль хяналтын байгууллагын архивын мэдээлэлтэй харьцуулан шалгах юм. Ингэснээр зөрчил гаргасан этгээд болон эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн үйл хөдлөлийг хянах боломжтой болно.
Царай таних явц ердөө хэдхэн секундэд үргэлжлэх бөгөөд хэрвээ танигдсан царай хууль хяналтынхны архивын мэдээлэлтэй давхцаж байвал шууд мэдээлэл өгөх юм.
“Оршин суугчдын хувьд илүү хамгаалагдсан орчинд амьдрах боломжтой болж байгаа. Гэхдээ энд хувийн мэдээллийн асуудал тавигдаж байгаа. Бидний зорилго бол хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй амьдрах эрх хоёрын хоорондын тэнцвэрийг хангах явдал” хэмээн Москва хотын захиргааны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Артем Ермолаев хэлсэн байна.
Энэхүү шинэ системийг турших явцад зөрчил гаргасны улмаас эрэн сурвалжилж байсан этгээдүүдийн талыг нь илрүүлсэн байна. Тэдний зарим нэгийг бүр хэдэн жил эрэн сурвалжилж байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ