Хамгийн өндөр шагналын сантай тэмцээн хаалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр шагналын сантай тэмцээн хаалтаа хийлээ

Өнөөдөр /2012.10.13/ УИХ-ын дарга З.Энхболд МУИС-ийн харъяа Экологийн боловсролын төвд болсон “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

Хүрхрээ үндэсний лиг хаалтаа хийлээ. Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирлын хаалт өчигдөр /09.30/ боллоо.

“Эрчим”, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар, “Хоромхон”, “Унаганууд” гэсэн Монголын хамгийн шилдэг 10 клуб бүтэн таван сарын турш эн тэнцүү сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлэхэд “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргаар “Эрчим” клуб дахин тодров. Дахин гэсний учир нь МХБХ, “Арвайн үндэс” ХХК-тай 500 сая төгрөгийн гэрээ байгуулан, үндэсний лигийг “Хүрхрээ” хэмээн нэрийдсэнээс хойш “Эрчим” клуб гурван жил дараалан түрүүллээ.

Үндэсний лигийн 11 удаагийн аварга “Эрчим” дээд лигт гурав дахь удаагаа дараалан түрүүлж түүхэн амжилт бүтээсэн бол “Улаанбаатар сити”, “Атлетик 220” клубүүд өөр өөрсдийн түүхээ эхлүүлсэн юм. “Улаанбаатар сити” анх удаа үндэсний лигээс медаль хүртсэн, “Атлетик 220” дээд лигт өрсөлдсөн анхны жилдээ хүрэл медалийн эзэд болсон гэх мэт түүхэн үйл явдлуудаар дүүрэн байлаа. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим” 40, аман хүзүү “Улаанбаатар сити” 30, гутгаар байр “Атлетик 220” 20 сая төгрөгийн шагналаа медалийн хамт өөрсдийн болгосон.

Түүнээс гадна 4-10 байрын багууд уламжлал ёсоор бүгд шагналаа гардан авлаа. Мөн “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т түрүүлсэн Арвис, дэд байранд орсон Жипро багууд ирэх жил “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т дэвших эрхээ гардаж авсан. Энэ үеэр Улаанбаатар Сити клубийн зүгээс өөрсдийн багийн энэ улирлын шилдгээр хагас хамгаалагч Г.Гантогтохыг нэрлэж, автомашинаар шагнасан юм. Тэгвэл Атлетик 220 клуб мөн өөрсдийн зүгээс довтлогч Н.Наранболдод 1 сая төгрөгийн хадгаламжийг бэлэглэсэн билээ.

Мөн таван сарын турш хамгийн цэвэр шударга тоглосон багт олгодог “Fair play” шагналыг “Дэрэн” клуб хоёр дахь удаагаа өөрсдийн болгов. Шагналт байруудаас гадна шилдгүүдийн шагналыг хүртэх тоглогчдын нэрс өнөөдөр тодорхой болсон юм. Багийн 70%-ийн ачааг үүрдэг хэмээдэг хаалгачийн байрлал дээр маш чухал олон хаалтыг хийж багаа дээд лиг үлдээж чадсан “Эф Си Улаанбаатар” клубийн хаалгач Остин Рожерс шилдэг хаалгачийн шагналыг хүртлээ. Харин хамгаалалтын бүсийн шилдгээр Монгол Улсын шигшээ баг болон “Улаанбаатар сити” клубийн баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатар тодорсон.

Шилдэг хагас хамгаалагчаар өнгөрсөн жил “Хүрхрээ үндэсний лиг”-ийн шилдэг хагас хамгаалагчаар тодорсон “Эрчим” клубийн М.Төгөлдөр дахин тодорсон бол мэргэн буучаар “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 17 гоолтойгоор тодров. Харин дээд зэрэглэлийн тэмцээнийг үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ мөн хоёр дахь жилдээ дараалан шалгарлаа. Үүнээс гадна анх удаа шилдэг туслах шүүгчийн шагналын эзнээр Э.Галбадрах тодорлоо.

Ийнхүү Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээний шилдгүүд тодорч, багийн спортын ялалт амт шимтийг гурав дахь жилдээ мэдэрлээ. Энэ жилийн “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудыг NTV телевиз гурав дахь жилдээ шууд дамжуулснаас гадна Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбооноос хэрэгжүүлсэн “mycujoo” шууд дамжуулалтын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, үзэгч та бүхэндээ хүргэлээ. Хөлбөмбөгийн спортын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Арвайн үндэс” ХХК-ны хамт олон, ивээн тэтгэгч, хөгжөөн дэмжигч та бүхэндээ баярлалаа.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж