Санхүүгийн Зохицуулах Хороо хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Өнгөрөгч тав, зургадугаар сард Архангай, Завхан аймгуудад Хангайн болон Төвийн бүсийн, энэ есдүгээр сарын 05, 06-нд Хэнтий, 12, 13-нд Орхон аймагт Зүүн болон Хойд бүсийн сургалтуудыг явуулсан бол энэ долоо хоногийн эхэнд буюу есдүгээр сарын 26, 27-ний өдрүүдэд Өмнөговь аймагт Урд бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Гүйцэтгэх удирдлагуудын мэдлэгийг дээшлүүлэх замаар хоршоодыг бэхжүүлэх, чадавхижуулах, олон улсын сайн туршлагыг таниулахад чиглэсэн уг сургалтаар ХЗХ-ны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, Хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг танилцуулахаас гадна хууль эрх зүйн болон зохицуулалтын орчин, олон улсын сайн туршлага, хөгжлийн үе шат, чиг хандлага, засаглал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, түүнд тавих хяналт, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн 12 ХЗХ хамрагдсан Урд бүсийн сургалтыг Хорооны орон тооны бус гишүүн Б.Батхишиг, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх Пиер Сегуйн, тус банкны үндэсний зөвлөх Т.Оюунчимэг нар удирдан явуулсан бөгөөд гишүүн Б.Батхишиг Өмнөговь аймгийн банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаатай танилцаж, даатгалын салбарыг төлөөлүүлэн “Монре даатгал” ХХК-ийн тус аймаг дахь салбар, хөрөнгийн зах зээлийг төлөөлүүлэн “Ашид билгүүн” ХХК-ийн салбар, банк бус санхүүгийн байгууллагуудыг төлөөлүүлэн “Даланзадгад капитал ББСБ” ХХК-аар зочилж, ажил байдалтай нь танилцлаа. Тэрээр, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дээрх байгууллагуудад тулгардаг бэрхшээл, хүндрэлийг сонсохын зэрэгцээ Хорооноос хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын талаар танилцуулав.
Орон нутгийн бүсчилсэн сургалтын сүүлчийнх буюу Баруун бүсийнх 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт болно. Дараа нь нийслэлд ажиллаж байгаа ХЗХ-дын гүйцэтгэх удирдлдагыг сургалтад хамруулна.
Эх сурвалж: СЗХ