У.Хүрэлсүх түүхэнд үлдэх үү, хананд үлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх түүхэнд үлдэх үү, хананд үлдэх үү?

У.Хүрэлсүх түүхэнд үлдэх үү, хананд үлдэх үү?

Аравдугаар сарын 5-ны Пүрэв гаригийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэх тов гараад байгаа. Харин түүний багт хэн, хэн орж ажиллах вэ гэсэн таамаг улс төрд хөвөрч буй.

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлсэн түүний үгийг фанатууд нь алга ташин хүлээн авсан. Тэр улс төрийн хүлээлтэн дээр гарч ирсэн шигээ харин ажиллаж чадах болов уу?

У.Хүрэлсүх “Монголын төлөө зүтгэж чадах, сэтгэлтэй, зүтгэлтэй сайд нар хэрэгтэй” гэдгээ илэрхийлж, “Надаас болон миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус юм битгий хүсээрэй. Битгий шахаж шаардаарай” хэмээн намынхандаа анхааруулсан. Шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ гэдгээ илэрхийлж буй ч, түүний засгийн орших, оршихгүйн асуудал ганцхан У.Хүрэлсүхээс шалтгаалахгүй гэдгийг сануулахад буруудахгүй биз.

Учир нь, тэр багийн биш ганцаарчилсан тоглолт хийгээд байвал тун удахгүй өөрийн тавьсан зангандаа өөрөө унах болно. Түүнийг сөрөг хүчин биш эрх баригч дундах эсрэг хүчин унагааж чадна гэдгийг эрх биш улс төрд олон жил танигдсан хүний хувьд гадарлаж байгаа биз. Тэр тусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай дөрөө харшуулан давхиад байвал улс төрд удахгүй л болов уу. У.Хүрэлсүхээс улс төр шинэ эвсэл, шинэ бүлэглэлийг хүсээгүй. Шинэ реформ л нэхэж байгаа гэдгийг хэзээ мөдгүй тамгаа гардан авахад бэлтгэж байгаа У.Хүрэлсүхэд зөвлөе.

У.Хүрэлсүхийн танхимд орохын тулд улс төр хийж Ж.Эрдэнэбатын засгийн эсрэг кноп дарсан хүмүүс олон бий. Хүссэн албан тушаалыг нь өгөхгүй бол эвтэйхэн хариу өгөх “эвгүй” нөхөд эрх баригч намд цөөнгүй. Үнэндээ өнгөрсөн өдрүүдэд бялуу хүртэхээр амаа ангайсан олон ангаахай хоолондоо орохооор М.Энхболдын биш У.Хүрэлсүхийн өрөөний өмнө дугаарлаж байгаа. Гэвч, сайдын суудал цөөн, горилогч хар мянгаараа. Гэхдээ, тэдэнд хариу барих, өр төлөх хэмжээнд өөрийнхөө танхимыг бүрдүүлбэл У.Хүрэлсүхээс хүсч байсан олон нийтийн хүлээлт үгүй болно.

Энэ удаад У.Хүрэлсүхийн танхим зүүний хүчнийхэн болон Сү.Батболдын фракцийнхнаас бүхэлдээ багтах болов уу гэсэн яриа улс төрийн хүрээнээс сонсогдож байна. Хэрэв ингэвэл У.Хүрэлсүхийн засгийн нас богино байна гэдгийг гарааны эхэнд анхааруулъя. Тэр тусмаа  анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, нэг фракцийн дүү Н.Учрал, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нараа сайдаар томилбол ‘жаран тэрбум’-ын гэх асуудлаар огцорсон өмнөх засгаасаа ялгарах нь юу л бол.

Ямартай ч өмнө нь сайд болохгүй гэдгээ хэвлэлээр хэлж байсан Ж.Энхбаяр, Н.Учрал, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Гарамжав. Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Г.Занданшатар нараас хэн хэн ямар албан тушаал горилж явсныг ойрын өдрүүдэд бүрэн зураглалаар нь харах байх. Давхар дээлийн эсрэг кноп дараад давхар дээл нөмөрч байсан сайдууд Р.Бурмаа, С.Зоригт гээд Ардчилсан намд байсан. Ардын нам Ардчилсан намын алдаа болгоныг давтаж байгаа болохоор ард түмний хүсэлтээр гэх нэрээр ая дуугаа өргөх сонирхолтой  хүмүүс Мэргэжлийн засгийн эсрэг кноп дарсан гишүүдэд байгаа л байх.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороон дээр “Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна. Тодорхой ажил хийсэн, өөрчилсөн Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэж хэлсэн шигээ У.Хүрэлсүх байх эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж