Ипотекийн зээл эдийн засагт дарамт болсон уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.01-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл эдийн засагт дарамт болсон уу?

Сар бүр статистикчид улсынхаа нийгэм эдийн засгийг мэдээлдэг ёсоор өчигдөр хэвлэлийн бага хурлаа хийсэн талаар бид мэдээлсэн.

Урт хугацаатай бага хүүтэй зээлээр иргэдээ орон сууцжуулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Ардчилсан намын үед  найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, Монголбанк, Засгийн газраас хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээлийн  хамгийн их үр дүнгээ өгсөн хөтөлбөрөөр нэрлэгддэг.  

Монголбанкны албан ёсны сайтад тавьсан мэдээллээс харахад 2017 оны наймдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс найман хувиар өсч, дөрвөн их наяд 196 тэрбум болжээ. Харин нийт зээлдэгчийн тоо 92 мянгад хүрсэн байна. Нийт  зээлийн үлдэгдлийн 95.3 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээлд тооцогдож байна.

Ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр эдийн засагт эргэлдэж байсан мөнгө хумигдаж, хямралд нэрвэгдэх үндэс болсон гэж зарим эдийн засагч үздэг. Өөрөөр хэлбэл, иргэд хэрэглээгээ хумиснаар үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны орлого муудаж, зах зээлд эргэлдэж байсан бэлэн мөнгөний гүйлгээ багассан гэж тайлбарлах нь бий. Харин Ардчилсан намынхан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаас хамгийн үр дүнтэй нь болсон гэж тайлбарладаг билээ. Учир нь, монголчуудыг мөнгөө хуримталж сургахад нөлөөлсөн, ипотекийн зээлээр хуримтлагдсан мөнгөөр дараагийн зэлээ санхүүжүүлэх боломжтой гэж Ардчилсан намынхан үздэг.

Иргэдийн дунд орон сууцны эрэлт одоо ч байсаар байгаа ч, зах зээлд борлогдохгүй 39 мянган орон сууц бий гэдгийг салбарын яамнаас өнгөрсөн зун мэдээлж байсан юм.

  • Ипотекийн зээлийн 99.5 хувь нь төгрөгөөр олгогдсон байна.

  • Чанаргүй зээлийн 67.6  хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна.

  • Ипотекийн зээлийн хугацаа нь 18-20 жил байна

  • Улаанбаатар хотод худалдан авсан ороны сууцны 33.8 хувь нь Баянзүрх, 23.5 хувь нь Хан-Уул дүүрэг, 20.3 хувь нь Баянгол, 8.6 хувь нь Сонгинохайрхан, 11.1 хувь нь Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж