Хойд Солонгосын уран гулгалтын хос 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд оролцохоор болжээ. Баварийн бяцхан цанын тосгон Оберстдорфод болсон уран гулгалтын тэмцээнээс Рём Тэ-Ок, Ким Жу-сик нар эрхээ авснаар олимпийн мөсөн талбайд гарах Умард Солонгосын анхны тамирчид болж байна.
Канадад хэсэг хугацаанд байрлаж, бэлтгэлээ базаасан тэд алдарт “Битлз”-ийн аянд үзүүлбэрээ төгс гүйцэтгэлтэй хийж, олимпийн хамгийн сүүлийн эрхийн эзэд болсон байна.
Өдгөө 18 настай Рём, 25 настай Ким нар энэ жилийн ДАШТ-д 15 дугаар байрт шалгарсан юм. Тэд зуны туршид франц дасгалжуулагч Бруно Маркогийн удирдлага дор Канадын Монреаль хотод бэлтгэл, сургуулилтаа хангажээ.
“Пёнчаны олимпод Хойд Солонгосын тамирчид оролцох нь Солонгосын хойгийн энх тайван, амар амгалан байдлыг хангахад чухал түлхэц, онцгой завшаан болно” хэмээн мэдэгдэж байсан БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэй-ин дээрх мэдээг тун таатай хүлээн авсан гэнэ.
Өвлийн олимп ирэх хоёрдугаар сард Умард ба Өмнөд Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсээс ердөө 60 гаруй км зайд нээлтээ хийх юм.
С.ЦЭЛМЭГ