АНУ-ын Эрүүл мэндийн департаментийн нарийн бичгийн дарга буюу Эрүүл мэндийн сайд Том Прайс албаны уулзалт, томилолтод өндөр үнэтэй хувийн онгоц ашигласан үндэслэлээр албан тушаалаасаа огцорчээ.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сараас хойш татварын төлөгчдийн мөнгөнөөс 400 мянган ам.доллар төлж, хувийн онгоцоор 26 удаа ниссэнийхээ төлөө уучлал гуйж байсан юм.
АНУ-ын хуулийн дагуу засгийн газрын ажилтнууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш л бол албан ажлын хүрээнд ердийн онгоцоор нисэх ёстой аж.
Том Прайсаас гадна Дональд Трампын кабинетын өөр гурван ч эрхэм ажилдаа өндөр үнэтэй, хувийн тусгай онгоц хөлөглөсөн гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Албан ажлаасаа огцрох тухай Том Прайсын өргөдлийг ерөнхийлөгч Трамп хүлээн авч, зөвшөөрсөн тухай Цагаан ордноос мэдэгдсэн байна. Мөн Эрүүл мэндийн департаментын орлогч нарийн бичгийн дарга Дон Жей Райт Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсныг давхар мэдээлсэн байна.
Прайсын албанд томилогдох эрхмүүдийн тоонд Хүнс ба эмийн бүтээгдэхүүний удирдах газрын комиссар Скотт Готтльеб, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвийн дарга Сиема Верма нарын нэрс багтаж байна.
С.ЦЭЛМЭГ