Монголын үндэсний олимпийн хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, ялагчид шагналаа гардан авлаа. Сарын шилдгээр тодорсон Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нарт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өчигдөр /2017.09.29/ шагналыг гардууллаа.
‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм. Санал асуулгын дүнгээр өнгөрөгч сард төрсөн дэлхийн аваргууд манлайлж, анхны шилдгүүд болсон юм.
Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм. Тус шагналыг спортыг дэмжигч Монголын Үндэсний Олимпийн Хорооны алтан түнш “Skytel” болон “Huawei” бренд ивээн тэтгэжээ.