Монголчууд хүний нийгэмд гологдож байна
-Монгол насанд хүрч өгөхгүй, хүүхдээрээ л байгаад байна. Бидэн шиг цэвэр, бохир цус ярьж байгаа ард түмэн хаана байна-
Түүний философийг масс ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр нийгмийн хар масст зориулж “тоглолт” хийдэг, ном бичдэг, лекц уншдаг нэгэн биш. Үзэл бодолдоо үнэнч, өөрийнхөөрөө байгаа нь түүнийг биднээс өвөрмөц, өөр сэтгэлгээтэй харагдуулдаг ч байх.
“Монголчууд ном бүтээдэг ард түмэн биш. Ном шатаадаг ард түмэн шүү дээ…” гэсээр угтсан философийн ухааны доктор, улс төр судлаач С.Молор-Эрдэнэ бид хоёрын ярилцлага түүний шинэ номоос эхэлсэн юм.
-‘Байх ба биш’. Яагаад номоо ингэж нэрлэсэн юм бэ?
-Утгачилбал байгаагаараа байх, байсан шиг байх гэсэн үг. Хүн шиг бай, хүн бай гэсэн утгатай. Философийн нэр томьёо хатуу байх ёстой юм. Хүн шиг байх нь амар асуудал биш. Хүн шиг байна гэдэг өөрөө асар өндөр ёс суртахуун шаарддаг. Монголд хүн шиг хүн цөөн болсон. Хүн чанар хөлийнх нь чигчий болчихсон гэж ярьдаг даа. Тийм хүмүүс манай нийгэмд олширч байна. Хүн чанартай хүнийг өнөөдрийн нийгэм бараг доог тохуу болгож байна шүү дээ.
-Тэгвэл БИШ нь юу гэсэн утгатай вэ?
-Биш нь тэр ч биш, энэ ч биш гэсэн утгатай. Бидний амьдрал дээр байгаа бүхэн ихэнх нь “БИШ” байдаг. Хорвоо дээр байгаа ч юм шиг бас байхгүй гээд хаячихаж болохгүй. Харуулж, үзүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө мөн гэж бодож явтал тэр нь биш байх жишээтэй. Тухайлбал, бурхан байна. Бурхан байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг.
-Тэгэхээр хоосон чанарын илэрхийлэл гэсэн үг үү?
-Шашинд үүнийг хоосон чанарын илэрхийлэл гэдэг. Хүн юуг нь мэдэхгүй учраас хоосон гэж шашин дүгнэдэг. Харин философичид бол тэр бол биш, энэ бол биш, гэхдээ нэг юм байна гэж үздэг. Шинэ юм. Түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Харсандаа шууд үнэмшиж болохгүй гэж философичид заадаг.
-Та бас ‘Zizek Lectures’ гэх цуврал лекцээ эхлүүлсэн. Хэр олон хүн сонирхож байна?
-Дажгүй ээ, наддаа хангалттай. Би масст зориулж лекц уншдаг хүн биш л дээ. Сарандаваа бид хоёрын ялгаа энэ байх. Олон хүнээс илүү цөөн чанартай, мэдлэг хүссэн хүмүүст би лекцээ зориулдаг. Жил болгон би олон нийтэд зориулж лекц уншдаг юм. Энэ удаад Жижекийг барьж авсан. Жижек бол 21 дүгээр зууны философийг тодорхойлж байгаа нэгэн. ‘Big Other’ болон түүний ‘Nothing’ юуг хэлж буй талаар лекцийнхээ үеэр ярилцаж байгаа. Хүсвэл очиж суугаарай. Жижекийн ‘Nothing’ гэсэн ойлголтыг хоосны онол гэж хэлэх дуртай хүмүүс олон бий. Гэтэл Жижек хоосон чухал биш харин хоосноос илүү дутагдал хэцүү гэсэн байдаг.
Монгол туургатнууд соёлоороо нэгдлээ
“NEWS” агентлаг “Элэг нэгтэн” булангийнхаа анхны зочноор Олон улсын монгол уран бичлэгийн холбооны гүйцэтгэх захирал Аюушийн Далангуравыг урилаа. Тэрбээр 2014 оноос үндэсний бичиг үсгээ сэргээн дэлгэрүүлэх зорилгын дор Өвөрмонгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Монгол Улсын уран бичээчидтэй хамтран, монгол туургатнууд босоо монгол бичиг, соёлоороо нэгдэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй эрхэм юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та Монголд ажиллаж, амьдраад хэдэн жил болж байна вэ?
-Би өнгөт металь, уул уурхайн салбарын мэргэжилтэй хүн. Монгол Улсад сүүлчийн 20 гаруй жил ажиллаж, амьдрахдаа олон ажил хийсэн. Монголд хийсэн хамгийн анхны төсөл бол 1994 онд Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт жилийн 10 мянган тоннын хүчин чадалтай тэсрэх бодисын үйлдвэр байгуулсан. Одоо ч энэ үйлдвэр маань үйл ажиллагаа явуулсаар байна. Мөн Сүхбаатар аймгийн “Цайрт минерал” компанийг анх үүсгэн байгуулсан юм.
-Уул уурхайн салбарын мэргэжилтэн яагаад бичиг соёлтой холбогдчихов. Таныг Олон улсын монгол уран бичлэгийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг гэж дуулсан. Анх Олон улсын монгол уран бичлэгийн холбоог хэдэн онд байгуулж байв?
-Сүүлийн жилүүдэд нас ахиад соёл урлагийн салбарыг сонирхдог болоод байна. Би өмнө нь монгол уран бичлэг сонирхогч төдий л байлаа. Тэгээд монголын хэд хэдэн уран бичээчидтэй танилцсан. Тэднээс би “Босоо монгол бичиг бол манай монгол үндэстний тулгуур бичиг соёл. Тиймээс та бүхэн Өвөрмонголын уран бичээчидтэй харилцаа холбоотой байдаг уу” гэж асуутал “Бид холбоотой байхыг хүсдэг ч харилцаа холбоо байхгүй” гэсэн. Тэгээд л бид Өвөрмонголын уран бичлэгийн нийгэмлэгтэй танилцан, Өвөрмонголын уран бүтээлчдийг Монголд урьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Бичиг соёл” үзэсгэлэнг анх 2014 онд хамтран зохион байгуулснаар тус холбоог байгуулах хамтын ажиллагааг эхлүүлсэн гэж хэлж болно. Тэр цагаас хойш Өвөрмонгол, Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг үндэстнүүдийг үзэсгэлэндээ татан оролцуулж, олон улсын хэмжээнд зохион байгуулах болсон юм.
Ийн бид гурван улс дөрвөн үндэстний хамтарсан үзэсгэлэнгээ олон улсын хэмжээнд болгохоор ярилцаж, 2016 оны аравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотод Олон улсын монгол уран бичлэгийн холбоог албан ёсоор байгуулсан. Олон улсын монгол уран бичлэгийн холбоогоо байгуулсны маргааш нь аравдугаар сарын 28-нд “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж, холбооны маань уран бичээчид бүтээлээрээ оролцож байлаа.
-Саяхан ОХУ-ын Москва хотноо зохион байгуулсан олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд амжилттай оролцоод ирсэн гэж дуулсан. Энэхүү үзэсгэлэнд монгол туургатны хэчнээн уран бичээч уран бичлэгээр оролцсон бол?
-ОХУ-ын Москва хотод уран бичлэгийн музей гэж байдаг юм билээ. Дэлхий дээр уран бичлэгийн музей тун ховор. Миний мэдэж байгаагаар зөвхөн ОХУ-ын Москва хотод л байдаг. Тэрхүү музей олон улсын таван удаагийн үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд музейд Англи, Орос, Итали, Араб, Турк зэрэг дэлхийн 40 орчим орны уран бичлэг байдаг. Биднийг тус музейд очихоос өмнө монгол уран бичлэгийн төрөл тэнд байгаагүй. Тэгээд бидний зүгээс тус музейн удирдлагуудад хамтарч ажиллах санал тавьж, монгол туургатан уран бүтээлчдийнхээ бүтээлийг өгсөн. Москва хотын уран бичлэгийн музейн мэргэжилтнүүд “Монгол Улсад үндэсний бичиг соёлоо дээдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг юм байна. Манай улсад бичиг соёлоо сэргээх тал дээр дэмжлэг тааруухан байдаг” гэдгийг хэлж байсан. Тэгээд бидэнд энэ есдүгээр сарын 1-нд энэ жилийн олон улсын уран бичлэгийн зургадугаар үзэсгэлэнд оролцох хүсэлтийг тавьсан юм. Уг үзэсгэлэнд дэлхийн 60 гаруй орны 115 уран бичлэгтэн оролцсон бөгөөд манай холбооноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлч Б.Оргил, М.Тал, Н.Дэгжилт, Н.Үнэнчбаатар, С.Цэнгэлбаяр болон Монгол улсаас Т.Ганбаатар, Э.Анхбаяр, Н.Баатарцог нарын уран бичээчид анх удаагаа оролцлоо.
‘Мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалт хэрэгтэй’
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очиртой
эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Ирэх онд Монголын эдийн засаг ямар байх төлөв гарав. Эдийн засагт хэд, хэдэн хүндрэл учирч болзошгүй гэдэг анхааруулгыг өглөө. Гол шалтгаан юунд байна вэ. Гарах арга замыг эрэлхийлбэл?
-Монголбанкны Судалгаа статистикийн газарт эдийн засгийн урт хугацаанд анхаарах асуудлууд, эдийн засгийн бүтцийн бодлогын асуудлаар тогтмол судалгаа хийдэг.
Энэ хүрээнд гадаад сектор, төсөв, валютын ханш, мөнгөний бодлого, банк санхүүгийн салбар, нийгмийн асуудал ямар байна вэ гэдгийг судлаад үзэхээр эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлж байгаа. Гэхдээ эмзэг байдал нь хэвээр. Аль салбарт эмзэг байдал өндөр байна вэ гэвэл гадаад сектор буюу нүүрсний үнэ унах, гадаадын шууд хөрөнгө оруулалт татрах юм бол эдийн засагт ирэх дарамт хүндрэл маань өндөр хэвээр байна гэдэг үр дүн гарч байгаа.
Төсөв мөн уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай хэвээр байна. Төсвийн орлогын 25 хувь уул уурхайн салбараас орж ирдэг.
Төсвийн алдагдал өндөр байгаагаас өр бас их болсон. Төсвийн өндөр өр нь дараагийн хүүнийхээ зардлыг бий болгоод төсөвт эргэж дарамт бий болгож байна. Энэ нь эргэж санхүүгийн сектор дээр бүх эрсдэлийг хуримтлуулдаг.
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд нүүрсний үнэ өндөр байгаад уул уурхай сэргэхийн хэрээр худалдааны салбарын чанаргүй зээлийн хэмжээ буурсан. Гэхдээ ерөнхий төвшнөөрөө чанаргүй зээлийн хэмжээ 9-10 хувьтай өндөр хэвээр байгаа.
Тодотгоод хэлбэл бүх сектор дээр эмзэг байдал өндөр байна.
-Шалтгаан нь юу юм бол, гарах гарцын тухайд тодруулбал?
-Гурван үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт, өнгөрсөн жилүүдийн бодлогын гажуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй. Хоёр дахь нь бодлогын гажуудлыг засах оролдлого хийж байгаа ч нэг жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогоор дамжуулаад засах боломжгүй асуудал бий.
Экс гишүүдийг яллагдагчаар татжээ
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас есдүгээр сарын байдлаар нийт 83 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 42 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 34 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, 14 хэргийг өөр хэрэгт нэгтгэж, гурван хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорын байгууллага руу шилжүүлсэн тухайгаа өчигдөр /2017.09.25/ мэдээлсэн. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээс шалгаж буй зарим хэргийн талаар тодруулав.
-УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг яллагдагчаар татсан гэсэн үнэн үү?
-Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ долоо хоногт нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болсон.
-Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явна?
-Монгол банктай холбоотой хэргийг шалгаж дуусаагүй байна. Уг хэрэгтэй холбогдуулан Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн мэдүүлэг авч буй. Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монгол банкинд санхүүгийн шалгалт хийх үеэр ил болгосон зэрэг нарийвчлан шалгах шаардлагатай байна.
-60 тэрбумын хэргийг танайхаас мөрдөн шалгасан. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал, Төрийн албаны хүмүүсээс ‘төрийн албанд орохдоо мөнгө өгсөн үү’ гэж асуугаад хэргийг хаасан гэсэн мэдээлэл явж байна. Үүн дээр тайлбар өгнө үү?
-60 тэрбум гэх тодотголтой энэ хэрэг дээр ЦЕГ, ТЕГ болон манайхаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ажлын хэсгүүд өөр өөрсдийн мөрдөн шалгах ажлыг хийж нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн. Нийслэлийн Прокурорын газраас тус хэргийн материалуудыг хянаад шийдвэрийг гаргасан. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл нийслэлийн Прокурорын газраас өгөгдсөн байгаа.
-Оффшор бүсэд 23 хүний нэр байгаа. Эдгээр хүмүүсийн нэрийг яагаад зарлахгүй байна вэ?
-Яг одоо оффшор бүсийн хэрэг нээгдчихсэн явж буй учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу прокуророос зөвшөөрөл авсны үндсэн дээр иргэдийн тухай мэдээллийг өгнө. Гэхдээ энэ талаарх мэдээлэл нь аль хэдийн нийтэд зарлагдсан. 2016 оны дөрөвдүгээр сарын 3-нд Олон Улсын сэтгүүлчдийн консорциумаас мэдээлсэн байгаа. Энэ дагуу одоо хэрэг шалгагдаж байна.