Гутал засваруудад хяналт тавья

Хуучирсан мэдээ: 2017.09.29-нд нийтлэгдсэн

Гутал засваруудад хяналт тавья

Өмнөд солонгос улсад өнөөдрийн байдлаар 8 сая орчим хүн твиттерийг ашигладаг бөгөөд 2014 он гэхэд 50 саяд хүрнэ гэж үздэг аж.

Сүүлийн үед гутал засварын үйлчилгээ шинэчлэгдэж, зарим нь салоны хэмжээнд ажиллаж эхэлсэнд талархууштай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр нурах дөхсөн амбаарт үйл ажиллагаа явуулж  байгаа  гутал засварууд цөөнгүй байна. Хир тоос нь дагтаршиж, точилдсон резиний үнэр хамар цоргисон, суух сандал ч үгүй нөхцөлд гутлаа засуулж буй хүмүүст ч тухгүй, гуталчид өөрсдөө ч асар ихээр хордож байна. Нийслэлийн хэмжээнд хэдэн гуталчин ажилладаг, тэдний хэд нь эрүүл ахуй, ажлын байрны шаардлага хангасан талаарх мэдээллийг авах гэж олон газрын хаалга татсан ч тоймтой хариу сонсож чадсангүй. Нийслэлийн Захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газруудаас дээрх асуултад хариу өгөх үүрэггүй байдаг гэнэ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн төлөөлөгч “Хуучин ахуйн үйлчилгээний хэлтэс гутал засварын эрүүл ахуй талд дээр хяналт тавьдаг байсан. Тэр хэлтэс нь татан буугдсан. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт нь болохоор барилга, ресторан зэрэг том газруудаас илүү гардаггүй” гэлээ.

Гутал засвар ажиллуулах зөвшөөрлийг дүүрэг өгдөг ажээ. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ажилтнуудад ч гуталчдын талаарх мэдээлэл байсангүй. Харин Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс  доорх гутал засварын үйлчилгээний стандартыг тогтоосон байдаг ч энэ стандартыг мөрддөг газар цөөхөн гэдгийг захын гутал засвар луу ороод харахад л ил. 

Гутал засварын үйлчилгээнд тавигдах шаардлагаас товчхон дурдвал :

  • Үйлчилгээний газар нь үйлчлүүлэгчдийн хүлээх хэсэг, үйлчилгээ явуулдаг гэсэн тасалгаатай байх бөгөөд засварлах болон засварласан гутлын тавиур, шүүгээтэй байх

  • Гарын угаагууртай байх бөгөөд саван, ариутгалын бодис, гар хатаагч тавих  

  • Үйлчилгээний газрын шалыг цэвэрлэхэд хялбар материалаар бүрэх

  • Үйлчлүүлэгчдийн хүлээх хэсэгт буйдан, сандал ширээ болон бусад эдлэлүүд тавих

  • Үйлчилгээний газрын хаягийг ажиллах цагийн хуваарийн хамт гадна талд ил тод харагдахуйц газарт байрлуулах

  • Тоног  төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байхын зэрэгцээ  засварт шаардлагатай материалыг нөөцлөх зэрэг шаардлагыг тавьдаг юм байна.

Энэ бүх шаардлагыг ягштал биелүүлдэг гутал засвар гарын таван хуруунд багтам цөөхөн. Харин бохир орчинд үйл ажиллагаа явуулах газрууд түүнээс  олон байх аж. Тоос боссон бохир орчин, гутлын будгийн эхүүн үнэр, шалаар нэг хөглөрөх хогтой газраар ороод гарахад ч сэжиг хүрмээр.

Автобусны буудал, орон сууцуудын дунд байрлах гутал засварын эрүүл ахуйн шаардлагад хяналт тавьдаг байгууллагатай болох юмсан. Үгүйдээ л бүх гутал засварыг түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ шиг шинэчлэх хэрэгтэй санагдлаа. Жижиг байранд гутал засдаг хүмүүс нэг сая төгрөгөөр ТҮЦ-ийн байр худалдаж аваад доторх, гаднахыг нь стандартын дагуу тохижуулчихвал засварчдад ч, үйлчлүүлэгч нарт ч  ашигтай баймаар. Ямартай ч гутал засварын ариун цэвэр, эрүүл ахуйн стандартад хяналт тавих цаг болжээ.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж