“Шим үр” компани нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын III аян”-ы хүрээнд үр, техник технологи, сав агуулах, үтрэм, техник үйлчилгээний байрандаа шинэчлэл хийж, орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, орон нутгийнхаа залуусыг ажлын байраар хангасан байна. Мөн нэгж талбайгаас авч байгаа ургацаа 22,1 цн-т хүргэсэн нь ийнхүү амжилт авчирчээ.
Дашрамд сануулахад, Засгийн газар өнгөрсөн лхагва гаригийн ээлжит хуралдаанаараа улсын сайн малчин 43, улсын тэргүүний фермер гурав, улсын тэргүүний тариаланч хамт олон 10, улсын тэргүүний тариаланч 15 –ыг тодруулсан юм. Цагаан сараас урьтаж, Засгийн газрын гишүүд орон нутагт ажиллаж, эдгээр хүмүүст шагналыг нь гардуулах даалгавар авсан тул эхнээсээ биеллээ олж буй нь энэ аж. Мөн сайдууд өвөлжилтийг шалгах давхар даалгавар ч аваад байгаа билээ.