Дорнын их сэтгэгч, гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч Күнзийн мэндэлсний 2568 жилийн ойг өчигдөр Хятад даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Хятадууд энэ өдрийг 2500 гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бөгөөд жилд хоёр удаа тэмдэглэдэг байна. Эхнийх нь буюу өчигдрийнх түүний сургаалыг дурсан санахад зориулагддаг. Харин хоёр дахь нь дорнын хуанлигаар найман сарын 27-нд тохиодог аж.
Күнз нь МЭӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших өнөөгийн Шаньдун мужийн нутагт мэндэлжээ. Эцэг нь эрт нас барсан учир эхтэйгээ ядуу зүдүү амьдарч байв. Залуудаа төрийн албанд ажиллаж байгаад 30 орчим насандаа сургууль байгуулж, шавь нар болон дагагчид нь даруй 3000 хүрсэн гэдэг бөгөөд тэдэн дунд нь эрдэм мэдлэгт төгс гэгээрч чадсан 72 шавь байсан хэмээн түүхэнд үлджээ. Тавин настайдаа төрийн өндөр албанд томилогдсон боловч дөрвөн жилийн дараа дайснууд нь түүнийг огцруулж улсаас нь хөөсөн аж. Ингээд 13 жил тэнүүчлэн багшилж байгаад төрсөн нутагтаа ирж таван жил амьдраад 72 насандаа (МЭӨ 479 он) ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Өдгөө хүн төрөлхтний суут арван сэтгэгчийн нэгэнд зүй ёсоор тооцогддог Күнз бүх л амьдралдаа эрдэм боловсролыг нэн тэргүүнд үзэн, сурч мэдэхийн гайхамшиг, ёс зүйт нэгэн байхын талаар түгээн дэлгэрүүлсээр байсан. Түүний гүн ухаан өдгөө ч үнэ цэнээ алдалгүй, хоёр мянганы туршид Хятадын төдийгүй дорнын ард түмний амьдрал, соёлд нөлөөлсөөр буй юм.
Күнзийн сүмд зохион байгуулсан 2568 насны ойн арга хэмжээний үеэрх гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ