Оросын Tass.ru сайтад Шүрэнгийн болон Орхоны усан цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах компанийг сонгон шалгаруулах тендерийг цуцалсан тухай мэдээлсэн нь шуугиан тариад байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д хийсэн айлчлалаар шийдсэн гэх хардлага олон нийтийн дунд бий болоод байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ тухай тодруулахад, “Албан ёсны уулзалт, хэлэлцээрт энэ тухай хөндөөгүй. Ерөнхийлөгч огт хамаагүй” гэх тайлбарыг өгсөн юм.
Эрчим хүчний яамнаас энэ талаар лавлахад хариулт өгөх албан тушаалтан олдсонгүй.
ОХУ-ын Буриад улсын зүгээс Шүрэнгийн усан цахилгаан станц төсөл хэрэгжих нь Байгаль нуурын экологид сөргөөр нөлөөлнө гэж эсэргүүцэж байсан юм.
Монгол Улсын Засгийн газрын Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн албан ёсны сайтад “Шүрэнгийн усан цахилгаан станц” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компанийг сонгон шалгаруулах тендерийг албан ёсоор цуцалсан талаар мэдээлсэн байна. Тендерийг цуцлах болсон шалтгаанаа “2017 оны гуравдугаар сараас долдугаар сарын хооронд ОХУ болон Монгол Улсад төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй оролцогч талуудын дунд зохион байгуулсан ажлын даалгаврын төслийн олон нийтийн хэлэлцүүлгүүдийн үр дүнд үндэслэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Уг хэлэлцүүлгүүдийн үр дүнд Бүс нутгийн байгаль орчны үнэлгээг (БНБОҮ) Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнээс (БОННҮ) салгах шийдвэр гаргасан бөгөөд БНБОҮ-ний судалгааны ажлыг эхэлж хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээс хамаарч дэд төслүүдийн БОНБҮ болон Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулах асуудлыг шийдвэрлэх юм.
Орхон, Шүрэнгийн станцын төслийн судалгааны ажлын хүрээнд энэхүү мэдэгдлийг гаргаж байгаадаа бид уучлал хүсэж байна. Гэсэн хэдий ч ирэх саруудад зарлахаар төлөвлөж буй БНБОҮ-ний сонгон шалгаруулалтад та бүхнийг оролцохыг уриалж байна” гэжээ.
ОХУ-ын Иркутск хотод өнгөрсөн тавдугаар сард Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Бүс Нутгийн Байгаль орчны үнэлгээ болон Байгаль Орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээний ажлын даалгаврын төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан юм.
Энэхүү хэлэлцүүлэгтэй холбоотойгоор тендерийг цуцалсан аж.
Л.ХАЛИУ